Нийслэлийн хамгийн өвөрмөц, орчин үеийн шийдэлтэй 10 барилга

Фото
khiimori.co@gmail.com
2021-06-02 03:01:32


  1. “Bluesky” цамхаг

Дээрх нэрийг сонсохоор танд хамгийн түрүүнд Сүхбаатарын талбайн урд байрлах хагас дугуй хэлбэртэй “Bluesky” барилгын дүр зураг тусч байна уу. Тийм ээ мэдээж энэ барилга Монголдоо өвөрмөц шийдэл, өнгө үзэмжээр тэргүүлэгч яах аргагүй мөн.

Хотын А зэрэглэлийн бүсэд байрлах “Bluesky” буюу “Хөх тэнгэр” цамхаг 2011 онд ашиглалтад орсон бөгөөд одоо тус барилгад таван одтой зочид буудал, оффис, цөөн тооны пентхаусаас гадна худалдаа, үйлчилгээний газрууд үйл ажиллагаа явуулж байна.

Зочид буудал нь дотроо усан сан болон веллнесс төвтэй, өрөөнүүд нь Европ хэв маягийг орчин үеийн интерьер дизайнтай хослуулж өгсөн байдаг.

  1. Нийслэлийн засаг захиргааны IV байр

Дараагийн онцлох барилга бол Монголын хамгийн анхны өндөр шилэн барилгуудын нэг бол Нийслэлийн засаг захиргааны IV байр буюу “Улаанбаатар хотын банк” юм.

Нийслэлчүүдийн нэрлэж заншсанаар “Шилэн банк”.

 Уг барилга нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Зоос гоёл” ХХК-ийн урд байрладаг, 1997 онд ашиглалтад орсон, төмөр бетон суурьтай, цутгамал бетон каркас, блокон дүүргэлттэй, гадна талаараа өнгөлгөөний шилэн фасадтай, төмөр бетон хучилттай, хавтгаалжин дээвэртэй, 14 давхар юм. 

Барилга нь  нийт 10500 орчим м2 талбайтай.  


  1. Шангри-Ла төв

Их хотын өнгө төрхийг нэмсэн гурван шилэн цамхаг бүхий Монголын анхны өндөр зэрэглэлийн худалдааны төв, оффис, зочид буудал бүхий Шангри-Ла төв 2016 онд ашиглалтад орж байв. 

Хүүхдийн паркийн хойд талд сүндэрлэн боссон 33 давхар Шангри-Ла төв нь 5 одтой зочид буудал, А зэрэглэлийн оффис, тансаг зэрэглэлийн орон сууц, худалдааны төв, бүрэн тоноглогдсон спорт клуб зэргээс бүрдсэн 400 орчим машины зогсоолтой цогцолбор бүтээн байгуулалт юм.

Шилдэг бүхнийг нэг дор цогцлоосон энэ газарт ресторан, кино театр, дэлгүүр, үйлчилгээний төв, спорт цогцолбор гээд бүх зүйл нь олон улсын стандарт мэдрүүлдэг нь хүмүүсийг соронзон мэт татах гол хүчин зүйл болдог.

Худалдааны төв нь 27000 м.кв талбайг хамарсан бөгөөд гадна талбайдаа цэцэрлэгт хүрээлэнтэй бол 6-33 дугаар давхарт нь орон сууц байршдаг. 

Тус төв дизайны шинэлэг, онцгой шийдлээрээ Улаанбаатар хотын дүр төрхөд томоохон хувь нэмэр оруулж байгаа юм.


  1. “Номон” дэлгүүр

Энэхүү ангилалд оруулахгүй байхын аргагүй нэгэн барилга бол “Номон” дэлгүүр юм.

Хоёр ном давхарлаж тавьсан мэт хэлбэртэй эл барилгыг номын хорхойтнууд андахгүй. 

Барилгачдын талбайгаас “Хүнсний 1-р дэлгүүр” ордог явган хүний зам дагуу байрлах “Номон” номын дэлгүүр 2015 онд ашиглалтад орж байжээ.

Тус барилгын сууринд урьд нь 20 гаруйхан м.кв талбайтай ТҮЦ байсан бөгөөд зай талбайд нь нийцүүлэн архитектурын шийдэл гаргаж, 200 орчим м.кв талбайтай барилга босгосон гэдэг. 

Зай талбайг том харагдуулахын тулд битүү шилэн фасадтайгаар шийдсэн ба подваль ба нэгдүгээр давхартаа номын дэлгүүр, хоёрдугаар давхартаа кофе шоп, кафе, гуравдугаар давхартаа оффис ба уулзалтын танхимтай аж.


  1. БНСУ-ын Элчин сайдын яамны барилга

Махатма Гандигийн гудамжинд шинэ өнгө нэмж буй нэгэн барилга бол  яах аргагүй БНСУ-ын Элчин сайдын яамны барилга юм.

Хэн ч хаанаас нь ч харсан БНСУ-ын Элчин сайдын яамны барилга бол ихээхэн өвөрмөц шийдэлтэй барилга юм. 

Энэхүү барилгыг гаднаас нь харсан хүн бүр дотор нь орж үзэх юмсан гэж өөрийн эрхгүй боддог байх. 

Хэдий өөр улсын нутаг дэвсгэр дээр байгаа ч архитектурын онцгой шийдэл гаргаж барьж байгуулснаараа тус Элчин сайдын яамны барилгыг шагнаж байсан юм. 

Тодруулбал, саран ваарны хэлбэрээр барьсан энэхүү барилгыг 2017 онд БНСУ-ын Стратеги, сангийн яамнаас Шилдэг барилгаар шалгаруулж байсан түүхтэй.


  1. “Зайсан Хилл”  цогцолбор

Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан толгойтой залгаа байрлах “Зайсан Хилл” цогцолборыг “Оюуны Ундраа Пропертиз” компани 2018 онд ашиглалтад оруулсан бөгөөд нийслэлд шинэлэг өнгө, дүр төрх нэмсэн бүтээн байгуулалт болж чадсан гэж үздэг.

Нийт 10 давхар, 28 мянган м.кв талбай бүхий соёл амралтын "Зайсан Хилл" цогцолбор нь энтертайнмэнт үйлчилгээ буюу олон үндэсний хоол, кофе шоп, хувцас загварын дэлгүүрүүд, гоо сайхан, фитнес төв, Монголын анхны 4DX кино театр, хуримын ордон, арга хэмжээ зохион байгуулах танхим, музей гэх мэт үйлчилгээг нэг дор цогцлоож гэр бүл, найз нөхдөөрөө цагийг дурсамж дүүрэн өнгөрөөх орчин нөхцөлийг бүрдүүлсэн цогцолбор болж байгаараа онцлогтой бөгөөд нийслэлчүүдийн хэдийнээ очих дуртай газруудын нэг болжээ. 

Мөн бидний мэдэх "Танктай хөшөө"-ний зэргэлдээ гадаа талбайд дуут усан оргилуурыг байгуулснаар Зайсан толгойн түүх соёлын дурсгалт зүйлсийг хадгалан үлдэж, иргэд жуулчдад нээлттэй байхаар зорьсон гэж зохион байгуулагчид нь ярьдаг.

Энэхүү барилгыг бас нэгэн онцгой болгож буй нэг шийдэл нь гишгэхэд хамаг бие арзайж, айдаст автуулах шилэн гүүр билээ.

7. МУИС-ийн номын сан

МУИС-ийн номын сан нь бүрэн цутгамал каркасан, шилэн фасад бүхий 7 давхар барилга байгууламж юм. Нийт 16 мянган ам.метр талбайтай тул нэг зэрэг 700 хүн нэг үйлчлэх хүчин чадалтай ажээ. 

Тухайн барилгын зориулалт, үйл ажиллагааных нь чиглэлийг харгалзаж номын тавиурын хэлбэрээр зохиомжилж, гадна өнгөлгөөний материалыг сонгохдоо орчин үеийн өнгөт шил, чулуу байхаар шийджээ. 

Мөн барилгын шилэн хананы өнгө хуваалт нь гадна, дотор (интерьер, экстерьер) архитектур зохиомжийн шийдэл гаргахад уялдаж, шилэн фасад нь өдрийн цагт архитектурын өвөрмөц шийдлийг илтгэх бол шөнийн цагт зам дагуух гэрэлтүүлэг нь барилгыг тодотгосноор өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхийг бий болгожээ.


  1. The White Hill Худалдаа үйлчилгээний цогцолбор

Богд хан ууландаа хамгийн ойр, УБ хотын хамгийн цэвэр агаартай бүс Ар Зайсанд сүндэрлэсэн The White Hill Худалдаа үйлчилгээний цогцолборын минималист, эргономик хэв маягтай нумарсан өвөрмөц хэлбэрийн архитектор нийслэлчүүдийн анхаарлыг эрхгүй татаж байгаа.

Үзэсгэлэнт байгалийн шууд харагдацтай газар байрлаж байгаагаараа илүү үнэ цэнэтэйд тооцогддог.  

Шилэн болон метал фасадтай тус барилга минималист загварын 45 мкв 2 өрөө орон сууцнаас эхлэн 440 мкв бүхий 9 өрөө пентхаустай юм байна. 

Мөн худалдаа үйлчилгээний цогцолбортой, 9 метрийн өндөр тансаг зэрэглэлийн лобби төвтэй, усан бассейн, кофе шоп, ресторан, эмийн сан, авто угаалга гэх мэт цогц үйлчилгээнүүдийг багтаажээ. 

Мөн 330 автомашин болон дугуйны зогсоолтой, ая тухтай, идэвхтэй эрүүл амьдралын хэв маягийг хангасан орчин үеийн цогцолбор хотхон хэмээн нэрлэгдэж байна



  1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв

Барилга хот байгуулалтын яамнаас 2020 оны шилдэг барилгаар тодруулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг энд оруулахгүй байхын аргагүй. 

Шинээр нээгдсэн энэхүү төв нь 250 хүүхэд хүлээн авах ортой, мөн тооны хүүхдэд гадуур амбулатори эмчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм. 

Тус төв нь хүлээн авах тасаг, нөхөн сэргээлтийн тасагтай төдийгүй нөхөн сэргээлтийн сургалтын төвтэй аж.


  1. Худалдаа хөгжлийн банк

Нийслэл хотын төвд байрлах хамгийн том дэлгэцтэй барилга бол Худалдаа хөгжлийн банкны барилга юм. Барилга дотор л зурагт байх ёстой гэсэн ойлголтыг эвдэж, барилгын гадна байрлуулсан энэ шийдэл нь үнэхээр өвөрмөц, шинэлэг болж чадсан билээ.