Палестин хугацаа нь дуусах дөхсөн вакцин авах гэрээгээ цуцлав

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-06-19 03:14:16

Палестины эрх баригчдын мэдээлснээр Израиль хугацаа нь дуусах дөхсөн "Pfizer" компанийн вакцинуудаа нийлүүлэхийг оролдсон тул гэрээгээ цуцалжээ. 

Эрх баригчид нийт нэг сая тун вакциныг Палестинд илгээхээр тохиролцсон гэрээ өчигдөр/2021.6.18/-өөс хэрэгжиж эхэлсэн байна. 

Гэвч эхний ээлжинд ирсэн вакцинуудын хугацаа нь тун удахгүй дуусах гэж байгааг хараад Палестины засгийн газар гэрээгээ цуцлахаар шийдсэн нь энэ юм.

Үүнээс өмнө Израилийн эрх баригчид бага хугацаа үлдсэн вакцинуудаа бага багаар Палестинд илгээж, царцаад буй вакцинжуулалтыг нь сэргээх, хариуд нь намар "Pfizer" компаниас илгээх шинэ вакцинуудыг нь авахаар тохиролцсон байжээ.

Гэвч Израилиас эхний ээлжийн 90 мянган вакцин өчигдөр очиход Палестины эрүүл мэндийн сайд Май Алкайла “Тэд гэрээнийхээ шаардлагыг хангасангүй. 

Илгээсэн вакцинуудынх нь хугацаа дуусахад хэдхэн өдөр л үлдсэн байна. 

Бид ингэж тохиролцоогүй” хэмээн мэдэгдсэн бол удалгүй Ерөнхий сайд Мухаммад Штайех “Гэрээг цуцлах хөдөлшгүй шийдвэр гарсан” гэжээ.

Түүнчлэн Палестины эрх баригчид "Pfizer" компаниас мөнгөө төлж захиалсан дөрвөн сая тун вакциныг аль болох яаралтай илгээж эхлэхийг шаардсан байна.

Гэрээ цуцлагдсан талаар Израиль одоохондоо албан ёсны хариу өгөөгүй байгаа ч эрх баригчид “Илгээсэн вакцинуудын хугацаа зургаа, долдугаар сарын сүүлчээр дуусах байсан. 

Тиймээс энэ хооронд Палестин эдгээр вакцинуудыг иргэддээ тарьж, хугацаа алдалгүй ашиглах боломжтой” гэж ярьсан гэнэ.

Эх сурвалж: RT.COM

Холбоотой мэдээ