КОВИДТОЙ ЗУН БОЛНО – ЯАХ ГЭЖ ВАКЦИН ТАРЬДАГ ВЭ?

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-06-19 08:27:58

КОВИДТОЙ ЗУН БОЛНО – ЯАХ ГЭЖ ВАКЦИН ТАРЬДАГ ВЭ?


Монгол улс ВАКЦИНЖУУЛАЛТААРАА бас ХАЛДВАР, ҮХЛИЙН ТООГООР (100 хүнд ногдох) ч тэргүүлэх боллоо.

Учир нь үл олдох төөрөгдөлд оруулсан парадоксийн талаар хэдэн зүйл өгүүлюү.

• Өнөөдрийн байдлаар Монгол Улсын вакцинжуулалтын хамрагдалтыг харахад нөгөө улс төрийн зорилготой зарласан зорилтот бүлгийнхээ бараг 95 хувь нь анхны тунгаа авсан, 80 гаруй хувь 2 тунгаа аваад байна.

Гэтэл эсрэгээрээ халдварын тоо 3000 дөхөж магадгүй ойрын өдрүүдэд хоногтоо 20-30 хүн ч нас барж мэдэхээр байна.

• Пфайзер, Модерна вакцин голлон тариулсан 10-аад сая хүнтэй Израйль, Унгар зэрэг улсуудад вакцинжуулахаас өмнө халдварын хоногийн тоо 10 мянгад хүрч байсан бол манайтай бараг адил түвшинд вакцинжуулсаны дараа одоо 50-иас бүр 20-оос доош орж үхэл бараг тохиолдохоо болилоо. 


Унгарт хөлбөмбөгийн тэмцээн стадион дүүрэн хүнтэй, маскгүй болсоныг манайхан харсан байхаа. 

Тэнд МАСКГҮЙ ЗУН иржээ.

• БНХАУ-ын Синофарм, Синовак вакцин голлон тариулсан АНЭУ, Чили, Бахрейн зэрэг улсууд вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлэх авч халдварын тоо 2000-аас доош буухгүй бүр 7-8 мянгад хүрч буй нь эсрэгээрээ анхаарал татна.

• Хэдий хүүхэд хөнгөн халдвар авч эдгэж байгаа ч хөгжингүй улсуудтай харьцуулахад 1,5-2 дахин их хүүхэд, жирэмсэн эхчүүдтэй манай орны хувьд тэднийг вакцинжуулах асуудал яригдаж, вакцинжуулалтын ажлаа эхлүүлээд байна.

Эдгээр өгөгдөл, өөрсдийн судалгаан дээр үндэслээд дараах таамаг дэвшүүлж байна.

• КОВИДТОЙ ЗУН болноо гэж бодож байна. 

Юуны түрүүнд 07-р сарын эхнээс халдварын тоо буурна хэмээн хувьдаа таамаглаж байгаа боловч зуны туршид ковидын халдварын тоо хоногийн 150-500 хооронд хэлбэлзэнэ гэж харьцуулан дүгнэж байна. 

Алдаж байж болно, албан мэдээ биш тул бүү эмзэглэж дайраарай хөө манайхан. 

Гэхдээ өргөс сугалсан мэт огцом буурахгүй гэдгийг баттай хэлье.

• Цаашид хүүхдүүдээ оруулаад нийт хүн амдаа эзлэх вакцинжуулалтын тухай ярих хэрэгтэй байх. 

Тэгвэл өнөөдөр бид 52 хувьтай явна. 

Илүү бага үр дүнтэй вакцины хэрэглэж буйн хувьд дор хаяж хүн амын 80 хувь буюу 2,5 сая хүнээ вакцинжуулж байж “СҮРГИЙН ДАРХЛАА” үүснэ.

• Бидний болон олон улсад гарсан судалгаагаар Синофарм вакцины үйлчлэл, үр дүн харьцангуй бага байгаатай холбоотойгоор 2 тунгаа аваад дархлаажсан хэмээн итгэж буй дархлаа тогтоогүй 10-20 хувь буюу 200-400 мянган хүн халдвар авах, тээх, өвчлөх эрсдэл хэвээр байна. 

Олон удаа бичсэн, сануулсан дархлааны тогтоцыг массын түвшинд илрүүлэх эсрэг биетийн шинжилгээг зохих нэр хүнд бүхий, магадлан итгэмжлэгдсэн лабораториор хийлгэх, дархлааны тогтоцын байдал дээр судалгааг богино хугацаанд хийж үр дүн, дүгнэлтэд үндэслэн 3 дах удаагийн вакцинжуулалт хийх, эсвэл өөр вакцин тарих зэрэг асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна.

• Олны айдсын сэтгэлзүйд дөрөөлсөн эцэс төгсгөлгүй энэ тэнд авч буй чанартай чанаргүй үнэн худал нь үл мэдэгдэх оношлогоо, эмийн болон эмчилгээний асуудлыг цэгцлэх шаардлагатай байна.

Мэргэжлийн хүний хувьд хятад вакцинтай холбоотойгоор элдэв хор, чип тарьж байна гэж төөрөгдүүлэхийг шууд буруутгаж байгаа ба богино хугацаанд гаргаж авсаны хувьд КОВИДЫН  ВАКЦИНУУД ДАРХЛАА ҮҮСГЭХГҮЙ БАЙХ МАГАДЛАЛ байна гэсэн сэтгэл зовоосон асуудал оршиж байна.

ВАКЦИН ЯАХ ГЭЖ ТАРЬДАГ ВЭ, ӨВЧИН ТУСГАХГҮЙ, ХАЛДВАР ҮҮСГЭХГҮЙ Л ГЭЖ ТАРЬДАГ.

Бидэнд бэлэн мөнгө биш, чанартай вакцин хэрэгтэй.

Эх сурвалж: 

Б.АРВИНБАЯР, молекул биологич

МОНГОЛЫН БИОТЕХНОЛОГИЙН НИЙГЭМЛЭГ


Холбоотой мэдээ