Безосыг дэлхийд буцаж ирүүлэхгүй байхыг 15 мянган хүн дэмжив

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-06-19 10:23:51

Дэлхийн тэргүүн баячуудын нэг Жефф Безос сансарт ниснэ гэдгээ зарлаад удаагүй байгаа билээ. 

Гэтэл түүнийг сансарт нисмэгц буцаж дэлхийд буух зөвшөөрөл олгохгүй байх уриалгыг аль хэдийн 15 мянга гаруй хүн дэмжиж, гарын үсэг зуржээ.

Жефф Безосын зарласанчлан тэрбээр долдугаар сарын 20-нд өөрийн "Blue Origin" компанийн зохион байгуулах нислэгээр ах Маркийн хамт сансарт аялах юм. 

Ах Марк Безос нь сансарт аялахын тулд 28 сая ам.доллар төлсөн гэдэг.

Харин Безосыг "Amazon" компанийнхаа ажилчидтай зүй бус харьцдаг, жишээлбэл, хүргэлтийн жолооч нарыг ажлаа амжуулахын тулд машин дотроо шилэнд бие засахыг зөвлөсөн зэргээс нь болж маш олон хүн эсэргүүцэн, зэвүүцдэг билээ.

Тиймдээ ч шүүмжлэгчид Безосыг дэлхий дээр эргэж ирэлгүй нэг мөр сансартаа үлдээсэй хэмээн уриалга дэвшүүлсэн байна.

Уриалга дээр Жефф Безосын араншинг шүүмжлэхээс гадна маш олон хуйвалдааны онолтой холбон буруутгажээ.

Тодруулбал:

"Энэ л бидний түүнээс салах сүүлийн боломж” гэж бичсэн байх аж. 

Уриалга гараад удаагүй боловч богино хугацаанд 15 мянга гаруй хүний дэмжлэг, гарын үсгийг цуглуулжээ.

Мэдээж тэглээ гээд Жефф Безосыг эргэн дэлхийд ирэхийг нь хориглох боломжгүй. 

Боломжтой байлаа ч 15 мянган хүний гарын үсэг тийм шийдвэр гаргахад хангалтгүй юм. 

Тиймээс дээрх уриалга бол жинхэнээсээ Жефф Безосыг дэлхийгээс хөөх бус, эсэргүүцдэг хэр олон хүн байдгийг харуулах гэсэн үйлдэл хэмээн мэргэжилтнүүд дүгнэсэн байна.

Безос сансарт нисэх тухайгаа “Дэлхийг гаднаас нь харах хүнийг өөрчилдөг гэсэн. 

Тухайлбал:

Дэлхийг харснаараа хүн эх байгальтайгаа, хүн төрөлхтөнтэй, бүх зүйлтэй харьцах хандлагаа өөрчилдөг гэх. 

Би энэ бүгдийн төлөө л сансарт нисэхийг чин сэтгэлээсээ мөрөөдсөөр ирсэн. 

Энэ бол миний хувьд маш чухал зүйл” гэж тайлбарласан юм. 

Түүний энэ үгийг сонсоод зарим хүмүүс Безосыг сансарт нисээд, эргэн ирэхдээ илүү сайхан сэтгэлтэй болсон байж магадгүй хэмээн найдаж байгаа гэнэ.

Эх сурвалж: UNILAD

Холбоотой мэдээ