Та бол сайн аав.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-20 08:46:44

Сайн аав байхын тулд хүүхдээ хариу нэхэлгүй хайрлахад л хангалттай. 

Хүүхэдтэй болох асуудлыг аав ээжүүд хамтдаа шийддэг ч гэлээ, хүүхэд төрсний дараа түүнийг асрах, арчилах, хүмүүжүүлэх ажлууд нь ганцхан ээжийн үүрэг мэт буруу ташаа ойлголт байдаг. 

Тэгвэл аав ч гэсэн, хүүхдийнхээ амьдралд маш чухал бөгөөд том орон зайг эзэлдэг. 

Аав нь хүүхэдтэйгээ эрүүл, сайхан харилцаа тогтоож чадваас хүүхдийн хувь хүний хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ. 

Иймээс аавууд юуны өмнө хүүхдээ “дотроо хайрлаж явахаа” болих цаг нь иржээ. 

Дараа нь аавын хийх ёстой зүйлсийн бүгдийг нь аав өөрөө сурч болно шүү дээ…

1- Тайван байх

Хүүхэд заримдаа санаатайгаар, заримдаа санамсаргүйгээр аавынхаа үйлдэл бүрийг яг дуурайдаг. 

Сайн аав биеэ сайн барьж чаддаг байх ёстой бөгөөд хүүхдэдээ хэт их уурлахгүй, хашхирч гуугчихгүй, жаахан сахилгагүйтсэнийх нь төлөө томоохон шийтгэлийг оноохгүй байх хэрэгтэй. 

Хүүхэд тань ааваасаа яаж уурладгийг сураасай гэж та хүсэхгүй биз дээ?

2- Хайрлах

Хүүхдэдээ аав нь хайртай гэдгээ байнга сануулж байх хэрэгтэй. 

Түүнд хэл яриагаар хайртай гэдгээ ойлгуулахын зэрэгцээ шаардлагатай үед түүнийг дэмжиж, нулимсыг нь арчиж, энгэртээ наан тэвэрдэг байх ёстой. 

Хүүхэд тань том болсон ч гэсэн, хэдэн настай ч байсан аавууд хүүхдээ ингэж л хайрлах хэрэгтэй.

3- Тэвчээртэй байх

Зарим үед та хүүхдийнхээ талаар “наад захын зарим зүйлсийг олон хэлүүлэлгүй сурмаар юм, одоо үүрэг хариуцлагатай болох цаг нь болсон” гэж боддог байж болно. 

Тийм үед та хүүхдээ “миний хүү чинь хүүхэд шүү дээ” гэж бодож бай. 

Тэвчээртэй бай. 

Түүнд хугацаа олго, тэгвэл та л хожино.

4- Бахархах сэтгэл

Аав нь хүүгээрээ бахархах нь хүүхдийг ямар их баярлуулах бол? 

Гэтэл ихэнх аавууд хүүхдээрээ бахархаж байгаагаа түүнд өөрт нь хэлэхээ мартаж, найз нөхөд, ажлын хамт олондоо түүгээр бахархан ярьдаг. 

Хүүхэд, аав нь өөрөөр нь бахархаж байгааг мэдэх ёстой. 

Хүүхдэд өөрт нь бахархаж байгаагаа хэлэхэд тэр үйлдлээ аль болох дахин давтахыг хичээдэг. 

Хэрвээ хичээл сурлагадаа шамдан суралцаж, онцсайн дүнтэй суралцаж байгаагаар нь аав нь бахархдагийг нь хүүхэд мэдвэл амжилтаа үргэлжлүүлэхийн төлөө бүхий л хүчээ шавхана. 

Хэрвээ та “миний хүү сайн хүү шүү” хэмээн түүгээр бахархдаг бол хүүхэд тань сайн л хүн болно. 

Ядаж л болохын төлөө хичээнэ.

5- Үнэнч бай

Та хүүхдэдээ үнэнч байх ёстой. 

Хүүхэд үнэнч шударга зан чанарыг эцэг эхээсээ л суралцана. 

Ямар нэгэн зүйл хүүхдэд тань муу гэж бодвол түүнийгээ яагаад муу болохыг хүүхдэдээ сайтар тайлбарлан ойлгуул. Нууж хааж худлаа ярих хэрэггүй.

6- Шийдэмгий, тууштай бай

Ямар нэгэн дүрэм журам тавьсан бол түүндээ үнэнч, тууштай бай. 

Хэрвээ оройн 8 цагт бүгд гэртээ ирсэн байна гэсэн шийдвэр гаргасан л бол хүүхэд тань 8 цаг 7 минутанд гэртээ орж ирвэл зохих шийтгэлийг амсах ёстой. 

Мэдээж түүнд хэлэх тайлбар, хүндэтгэх шалтгаан байсан л байгаа гэхдээ амьдрал дээр үргэлж түгшүүр зарласан “онцгой байдал” үүснэ гэж байхгүй шүү дээ. 

Нөгөөтэйгүүр гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж, нааш цааш зөөлрөхгүй байх хэрэгтэй. 

Хүүхдэдээ эрх чөлөө олго. 

Зарим үед хүүхэд тань гаргасан шийдвэр, дүрмийг зөрчихөд завсарлагаа авч, ганц удаагийн хүндэтгэх шалтгаан байсныг түүнд мэдрүүл.

7- Өөрөөрөө байх

Аавууд хүүхдийнхээ дэргэд өөрөөрөө байх нь маш чухал. 

Зарим хүмүүс хүүхдийнхээ дэргэд шал өөр хүн болж хувирдаг.

Хүүхэд үүнийг мэдэрдэг ба энэ нь түүнд харин ч сөрөг нөлөө үзүүлнэ.

Аавдаа итгэх итгэлийг нь алдруулж (түүнийг хуурч байгаа гэсэн үг учраас, аав нь хоёр нүүр гаргаж байгааг мэдэрнэ) ингэж болдог юм байна гэж бодож эхэлнэ.

Та өөрөөрөө байж чадахгүй бол хүүхэд тань таны дэргэд нэг өөр, бусад үед жишээ нь найз нөхдийнхөө дэргэд шал өөр хүн байх болно.

8.Эхлээд хүүхдэдээ эцэг, дараа нь найз нь байх

Зөвхөн эцэг эх байх биш зарим үед хүүхдэдээ найз нөхөр шиг нь байх гайхалтай зүйл.

Гэхдээ аль нь эн түрүүнд байхыг өөрөө сайн тохируул. 

Хүүхдэд тань найз нөхдөөс илүүтэйгээр сайн аав хэрэгтэй шүү дээ. 

Энэ хэрэгцээгээ өөр газар бүү хайгаасай гэж байгаа бол түүнтэй нөхөрлөхөөсөө өмнө аав нь бол.

9.Хүндэтгэлтэй байх

Та өөрийгөө хүндлүүлэхийн адил хүүхдээ ч мөн хүндлэх нь чухал.

Түүнтэй бие даасан хүн шиг л ярилцаж, түүнд аливаа зүйлсийг суралцах, дадлагашихад нь хугацаа олгох, түүнд яг ижил нөхцөл байдлыг бүрдүүлж өгөх зэрэг нь түүнийг хүндэтгэж байгаагийн нэгэн илрэл юм. 

Түүний гаргасан шийдвэрийг нь хүндэтгэ. 

Түүний гаргасан шийдвэр таны бодож байгаатай ижил биш байсан ч гэлээ хүндэтгэл үзүүл. 

Энэ нь түүнд зөв зүйтэйг зөвлөж хэрэггүй гэсэн үг биш бөгөөд хүн бүр өөрийн гэсэн амьдралын замтай гэдгийг хүлээн зөвшөөр. 

Ингэж байж л хүүхэд тань оюун ухаан, сэтгэл санаагаараа бие даасан өөр хүн болон төлөвшинө.

10.Тэнд бэлэн байх

Хүн бүхний амьдралд өөртөө нь ойр дотно харьцдаг, түүнд анхаарал халамж тавьдаг, түүний төлөө шаардлагатай бүхнийг хийдэг, ямар нэгэн зүйл хийхэд нь “тэнд бэлэн байдаг” аав хүн хэрэгтэй.

Түүнд цаг зав гаргаж, анхаарал халамж тавигтун.

Мэдээж хэрэг дээрх хэдхэн өгүүлбэр сайн аав болоход бүгд хангалттай биш юм. 

Гэхдээ наад зах нь энэ бүхнийг анхаарахад сайн аав болох эхлэл тавигдана. 

Эдгээрийг хийж чадвал эсвэл наад зах нь “ийм байж чадвал” та сайн аав болох замд нэлээд ахицтай урагшилж явна гэж ойлгож болно. 

Нөгөөтэйгүүр үе үе бүтэлгүйтвэл “сайн аав биш юм байна” гэсэн үг биш. 

Унаж босоод дахиад л урагшлаад бай.

Аз жаргал, амжилт хүсье.

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.



Холбоотой мэдээ