Хоромхон зуур тайвшрах 7 батлагдсан арга

Шинжлэх Ухаан
khiimori.co@gmail.com
2021-06-21 01:11:25

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хүчтэй сэтгэл хөдлөлийг тогтмол дарж болохгүй гэнэ. 

Гомдол, бухимдал, харуусал гэх мэт сэтгэл хөдлөлийг хүн заавал ил гаргах ёстой байдаг. 

Гэхдээ заримдаа бид буруу цагтаа тэвчээр алдаж, энэ бүхнийг ил гаргах оролдлогыг хийдэг. 

Энэ тохиолдолд хэрхэн тайвшрах талаар зөвлөгөөг эрдэмтэд хүргэсэн байна.


1Гүнзгий амьсгал

Мэдээж, энэ бол эртний арга гэдгийг бид мэднэ.  

Гэхдээ эрдэмтэд удаан хугацааны туршид гүнзгий амьсгаа авах нь яагаад тайвшруулдаг болохыг ойлгохгүй байсан бөгөөд 2017 онд "Science" сэтгүүл дээр гарсан нийтлэл энэхүү нууцыг тайлжээ.

Уг нийтлэлийг Стэнфордын эрүүл мэндийн сургуулийн биохимичид бичсэн бөгөөд тэд бидний тархинд амьсгалын хэмнэл болон сэтгэл хөдлөлийг холбож өгдөг мэдрэл байдаг болохыг тогтоосон байна. 

Хэдий чинээ хурдан эрчимтэй амьсгалж байна, төдий чинээ сэтгэл хөдлөл их байдаг гэнэ. 

Харин эсрэгээрээ хэдий чинээ гүн амьсгална төдий чинээ сэтгэл хөдлөл бага байдаг аж.

Гэхдээ энэ туршилтыг одоохондоо зөвхөн хулгана дээр хийсэн бөгөөд эрдэмтэд энэ туршилтын үр дүн хүн дээр ч батлагдана гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.



2Цэнхэр өнгийг ашигла

Цэнхэр гэрэл нь стресстэй үед амархан тайвшрахад тусалдаг байна. 

Энэхүү дүгнэлтийг Гранадын их сургуулийн эрдэмтэд гаргасан аж.

Сэтгэл зүйн стресс гэдэг нь судлаачдын үзэж байгаагаар богино хугацааны мэдрэлийн гэмтэл бөгөөд ихэнхидээ бусад хүмүүстэй харилцах үед илэрдэг байна. 

Жишээлбэл: та найзтайгаа маргалдсан, ажлын хамтрагчтайгаа муудалцсан, даргатайгаа маргасан гэх мэт...

Эрдэмтэд уг судалгаанд 18-37 насны 12 хүнийг хамруулж, тэднийг хромо эмчилгээний өрөөнд оруулсан байна.  

Энэ өрөөнд  цагаан болон цэнхэр өнгийн гэрэл ээжлэн тусаж байсан бөгөөд энэ нь тайвшрахад туслах байжээ.

Туршилтаар цэнхэр өнгөний гэрлийн тусгалын үед тархи болон зүрхний хэмнэл 1,1 минутын дотор хэвийн байдалдаа орж байсан бол цагаан гэрлийн тусгалын үед 3,5 байсан гэнэ.

Цэнхэр өнгийн чийдэнгээс гадна орчин үеийн гажетууд болох компьютер, ноутбук, ухаалаг гар утас ч цэнхэр өнгийн туяа ялгаруулна. 

Хэрвээ та хэт их стресстсэн бол 10 минут орчим дээрх гажетуудаас хэрэглээд үзээрэй хэмээн эрдэмтэд зөвлөж байгаа аж. 

Энэ нь таныг тайвшрахад туслах болно.



3Дэлхийн  хамгийн шилдэг тайвшруулагч аяыг сонс

"Weightless" хэмээх бүтээл 2011 онд дуу хөгжмийн тусламжтайгаар эмчилгээ хийдэг Британийн академийн эрдэмтдийн захиалгаар хийжээ. Уг аяны тусламжтайгаар хамгийн богино хугацаанд тухайн хүнийг тайвшруулах, бүр цаашлаад унтуулах зорилготой байсан гэнэ.

"Weightless" ая 8 минут орчим үргэлжлэх бөгөөд төрөл бүрийн аяны эффекттэй. Хөгжмийн хэмнэлийн дагуу зүрхний цохилт удааширснаар тухайн аяыг сонсож буй хүн тайвшралд хүрнэ.

Уг дууны үр дүн, нөлөө маш сайн байсан учир “Time” сэтгүүл “Weightless”-ийг оны шилдэг 50 хит дууны тоонд багтаасан аж.

Дууны тайвшруулах үйлчилгээг илүү үр дүнтэй байлгахын тулд нүдээ аниад, өөрт эвтэйхэн байрлалтай суух эсвэл хэвтээд, чихэвч зүүгээд сонсоорой.



4Байгалийн дуу чимээг сонс

Брайтон болон Сассексийн их сургуулийн эрдэмтдийн 2017 онд хийсэн судалгаанаас харахад байгалийн дуу чимээ сонсож байх үед хүмүүсийн стрессийн хэмжээ буурдаг болох нь тогтоогджээ.  

Судлаачид байгалийн дуу чимээ болон хиймэл дуу чимээг туршилтанд оролцогчдод сонсгосон бөгөөд туршилтын явцад тархины бичлэг болон зүрхний цохилтыг хянасан байна.  Үүний үр дүнд байгалийн дуу чимээнээс тархины хөгжил ихээхэн шалтгаалдаг болох нь тогтоогджээ.

Байгалийн дуу чимээ гарах үед бидний анхаарал зөвхөн дуу хөгжим болон байгаль орчинд төвлөрч тайвшрах орчин бүрддэг. Харин зохиомол бусад төрлийн дуу чимээ сонсох үед бид өөрсдийнхөө сул талыг хайж, санаа зовж, стрессийн түвшнээ улам нэмэгдүүлдэг юм.

Тиймээс стресстсэн үедээ цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж шувууны жиргээ, навчны шаржиганах чимээг сонсоорой. Хэрвээ цэцэрлэгт хүрээлэн байхгүй бол байгалийн дуу чимээ бүхий аппикейшнийг ашиглаж болно.



5Таатай үнэр мэдэр

Хэдийгээр үнэрт эмчилгээ гэх зүйл шинжлэх ухааны талаас боломжгүй мэт санагдах ч зарим төрлийн эфирийн тос нь стрессийн түвшин бууруулдаг болох нь батлагдсан байна.

Лаванда болон розмарин цэцгийн үнэр нь цусны даралтыг бууруулж, зүрхний хэмнэлийг багасгаснаар стрессийн түвшинг бууруулдаг аж.

Тиймээс цүнхэндээ энэ төрлийн эфирийн тосыг авч явж байгаарай. Шаардлагатай үед гарынхаа шуу дээр 1-2 дуслыг түрхсэнээр та илүү хурдан тайвшрах болно.


6Ямар нэг зүйлийг маш анхааралтай хий

Аяга угаах, хог шүүрдэх эсвэл компьютер болон утсан дээрээсээ хэрэггүй зүйлээ устгаж цэвэрлэж болно шүү дээ.  Хамгийн гол нь эдгээр зүйлсээ хийхдээ маш анхааралтай байх хэрэгтэй гэдгийг санаарай.

Флоридагийн их сургуулийн 2015 онд хийсэн судалгаанаас харахад аливаа зүйлд анхаарал хандуулах нь стрессийн түвшинг бууруулдаг болох нь тогтоогджээ.

Учир нь ямар нэг зүйлд анхаарал хандуулах үед бид сөрөг бодлоосоо ангижирч чаддаг юм. Тархи анхаарлаа өөр тийш нь төвлөрүүлж, стрессийн даавар ялгаруулалт буурдаг байна.


7Нөхцөл байдлыг өөр хүний нүдээр хар

Нөхцөл байдлыг өөр өнцгөөс хараад үз. Энэхүү асуудал таных биш харин өөр хэн нэгнийх гээд төсөөлөөд үзээрэй.  

Энэ нь стрессийн түвшинг огцом бууруулдаг болохыг сэтгэл судлаачид батлажээ. 

Гэхдээ энэ аргыг урт хугацааны стресс, сэтгэл санааны гүн хямралтай үед ашиглаж болохгүй.

“Хэрвээ чиний асуудал бол чи шийдэж чадна. 

Харин чиний асуудал биш бол чи шийдэж чадахгүй” гэсэн онигоо байдаг бөгөөд шинжлэх ухаан талаасаа энэ бол үнэн юм. 





Холбоотой мэдээ