2021 оны Азийн шилдэг 10 их сургууль тодорчээ

Шинжлэх Ухаан
khiimori.co@gmail.com
2021-06-27 23:03:39

Дэлхийн шилдэг их сургуулиудын 2021 оны жагсаалтад энэ жил Ази тивээс нийт 505 их сургууль багтжээ. 

Тэгвэл бид та бүхэнд Азийн 10 шилдэг их сургуулийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Ингээд ямар ямар их сургуулиуд энэ жил хамгийн өндөр оноо авсныг хамтдаа харцгаая.


1Сингапур улсын их сургууль (National University of Singapore)

Энэ оны Азийн шилдэг их сургуулиар Сингапур улсын их сургууль (дэлхийд 11-т) тодорч байна. 

Урлагийн салбараас эхлээд инженерчлэл хүртэл мэргэжлийн маш олон хөтөлбөртэй, гурван кампус, 17 факультеттэй, дэлхийн 100-д орны 38 мянган оюутныг сургадаг энэхүү их сургууль нь сургалт, судалгааны тал дээр олон улсын стандартыг ази хэв маягийн мэргэшил, алсын хараатай хослуулж үйл ажиллагаа явуулдгаараа алдартай.



2Цинхуа Их Сургууль (Tsinghua University)

Хятадын Бээжин хотод орших Цинхуа Их Сургууль нь инженерчлэл, компьютерын шинжлэх ухааны хөтөлбөрөөрөө дэлхийн тэргүүлэх институтийн нэгд тооцогддог.

Энэ жил тус сургууль Азийн шилдгүүдийн жагсаалтад 6 байр ахиж, 2-р байранд бичигдсэн ба бүхий л үзүүлэлтэд өндөр оноог авч чаджээ.

Цинхуа их сургуулийн кампус нь Бээжингээс баруун хойд хэсэгт, Хайдиан дүүрэгт, Чин гүрний хааны цэцэрлэгүүдийн хуучин буурь дээр байрладаг. 

Цинхуа нь хамгийн үзэсгэлэнтэй их сургуулийн кампустай гэдгээрээ алдартай.



3Наняний технологийн их сургууль (Nanyang Technological University)

Сингапур дахь Наняний их сургууль нь судалгаа голлосон дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болохын зэрэгцээ "QS"-ийн дэлхийн шилдэг залуу их сургуулиар 4 дэх жилдээ дараалан тодорсон байна. 

Эрдэм шинжилгээний ажлын тоо, олон улс дахь судалгаа шинжилгээний сүлжээ, гадаад оюутнууд, солилцооны оюутнуудад ээлтэй байдал зэрэг олон шалгуурт маш өндөр оноог авчээ.



4Хонконгийн их сургууль (University of Hong Kong)

100 гаруй жилийн түүхтэй энэхүү их сургууль нь Хонконгийн бүс нутаг дахь хамгийн анхны дээд боловсролын байгууллага юм. 

Судалгаа төвтэй дэлхийн шилдэг их сургуулиудын нэг. 

Мэргэжлийн 6 хөтөлбөр нь тус тусын салбартаа дэлхийн топ 10-т бичигддэгээс шүдний эмчийн хөтөлбөр нь гурав дахь жилдээ дараалан дэлхийд тэргүүлж байна.



5Жэжян их сургууль (Zhejiang University)

Жэжян их сургууль (ZJU) нь Хятадын хамгийн шилдэг дээд боловсролын байгууллагуудын нэг бөгөөд Азийн хамгийн эртний сургуулиудын нэг юм. 

Энэхүү сургуулийн түүх нь 1897 онд Циуши Академи байгуулагдсан үеэс улбаатай.

Хятадын хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг болох Ханжоу хотод байрладаг тус их сургууль нь долоон факультет, 36 салбар сургуулиас бүрддэг. 

Жэжян их сургуульд Хятадын Шинжлэх ухааны академийн 41 гишүүн, Хятадын Инженерийн академийн нийт 3611 багш хичээл заадаг байна. 

ZJU нь 53,673 оюутантай бөгөөд тэдгээрийн 53 гаруй хувь нь аспирантурт суралцдаг.



6Фудан Их Сургууль (Fudan University)

Хятадын Фудан Их Сургууль энэ жагсаалтын 6-р байранд бичигдэж, дэлхийн шилдэг их сургуулиудын 44-д жагсжээ. 

1905 онд буюу Манж Чин улсыг унахын өмнө байгуулагдаж байсан Шанхай хотод байрлах тус сургууль нь Хятадын хамгийн нэр хүндтэй, шилмэл институтийн тоонд багтдаг.

Энэ сургууль судалгааны үр нөлөө, нийтлэгдсэн нийт судалгаа зэрэг үзүүлэлтэд маш өндөр оноог авчээ.



7Бээжингийн Их Сургууль (Peking University)

БНХАУ-ын хамгийн эртний дээд боловсролын байгууллага болох Бээжингийн их сургууль нь 1898 онд эртний Гуозижийн сургуулийн (Эзэн хааны коллеж) оронд байгуулагдаж байжээ. 

Хоёр зууныг дамнан оршсон тус сургууль нь Хятадын Шинэ Соёлын Хөдөлгөөн, 1989 оны Тиан Ан Мений талбайн бослого зэрэг түүхэн үйл явдлуудад чухал үүрэг гүйцэтгэж байсан түүхтэй.

Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтын 30-д, Азидаа 7-д жагссан тус нэр хүндтэй сургууль нь өнгөрсөн жилийн үзүүлэлтээсээ 4 байр урагшилжээ.



8Хонконгийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (HKUST)

Хонконгийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль нь 1991 онд байгуулагдсан залуу сургууль боловч, нэр хүнд нь хурдацтай өсөж, дэлхийн шилдэг их сургуулиудын 37-р байранд жагссан байна.

Боловсрол, судалгааны салбарт өндөр шалгуур тавьдаг тус сургууль нь 11 үзүүлэлтэд, тэр дундаа судалгааны үр нөлөө, олон улсын факультет, оюутан солилцооны үзүүлэлтүүдэд өндөр оноо авч авсан байна.



9Малайзын их сургууль (Universiti Malaya)

Тус улсын ууган их сургууль болох Малайзын их сургууль нь Малайзын нийслэл Куала Лумпураас баруун өмнө зүгт нийт 750 акр (309 га) талбай бүхий кампуст байрладаг. 

Өмнө нь нийгмийн шаардлагаар 1905 онд байгуулагдсан VII Эдвардын нэрэмжит  коллеж, 1929 онд Рафлес коллеж байгуулагдаж байсан бөгөөд нэг нь анагаах ухаанд, нөгөө нь боловсролын чиглэлээр мэргэшүүлдэг байв. 

1949 оны 10-р сард хоёулаа Малайзын Их Сургуулийг байгуулахаар дээрх 2 коллежийг нэгтгэсэн байна. 

Ийнхүү албан ёсоор нэгдсэний дараа тус сургууль нь үндэсний хэмжээнд төдийгүй Азид толгой цохих болсон байна. 



10Шанхайн Жяо Тун их сургууль (Shanghai Jiao Tong University)

1896 онд байгуулагдсан Шанхай хотын Жяо Тун их сургууль нь Хятадын хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг юм.

Үндсэн хичээлүүд нь хятад хэл дээр ордог бөгөөд харин бакалавр, магистрын сургалтуудыг англи хэл дээр заах эсвэл олон улсын байгууллагуудтай хамтран заах нь улам бүр нэмэгдэж байна.

Шанхайн их сургуулийн кампусууд нь агаарын, талбайн теннисний талбай, сагсан бөмбөгийн талбай, номын дэлгүүр, цайны газар, кафе, ресторан бүхий асар том талбайг хамардаг.




Холбоотой мэдээ