ХасБанк нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөгөө Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүллээ

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2021-06-30 03:54:12

Банкны тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт болон Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар батлагдсан “Банкийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх, төлөвлөгөө хүргүүлэх, тайлагнах, хянах журам”-ын дагуу системийн нөлөө бүхий банкууд 2021 оны 7-р сарын 1-ний өдрийн дотор Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хороонд төлөвлөгөөгөө хүргүүлж, хянуулах үүрэгтэй билээ.  

Үүний дагуу 2021 оны 6 сарын 29-ний өдөр ХасБанкийг нээлттэй хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах төлөвлөгөөгөө Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан нарт тус тус хүлээлгэн өглөө


Тус төлөвлөгөөг 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ХасБанк ХХК болон  Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК (ХасБанкны 100% хувьцаа эзэмшигч толгой компани)-ны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэн батласан бөгөөд энэхүү төлөвлөгөөнд Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хуулийн хугацаанд нь дагаж мөрдөх зорилгоор ХасБанкийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны дотор нээлттэй хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн зохион байгуулах урьдчилсан арга хэмжээнүүдийг агуулсан талаар ХасБанк болон Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав мэдэгдлээ.

Сайн засаглал, тогтвортой өсөлт, эрсдэлийн удирдлагын зөв бодлогоороо Монголын банк санхүүгийн салбарт жишиг тогтоож буй ХасБанк нь нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих, олон нийтэд хувьцаагаа нээлттэй гаргах ажлаа ийнхүү албан ёсоор эхлүүлж, бэлтгэл ажилдаа орлоо.



ХасБанкны тухай

Монголбанкнаас арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан цагаас хойш өдгөө 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа ХасБанк Монгол орны дөрвөн зүг, найман зовхист байрлах 80 гаруй салбар нэгж, 1400 гаруй мэргэшсэн ажилтан, 5000 гаруй мерчант, цахим сувгуудаараа дамжуулан 1 сая гаруй иргэн, ААН-үүдэд банкны үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.

ХасБанк нь  ийнхүү түүхэн 20 жилийн хугацаанд олон улсын санхүүгийн байгууллага, сангуудаас нийт 1.5 тэрбум гаруй ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг зээлийн эх үүсвэрийн хэлбэрээр татан төвлөрүүлж, бичил болон жижиг, дунд бизнесийг хөгжлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэн Монголын улсынхаа эдийн засагт бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Мөн МХАҮТ-с тодруулдаг Монгол Улсын 100-ТОП аж ахуй нэгж, Монголын татварын албанаас тодруулдаг шилдэг татвар төлөгч зэрэг нэр хүндтэй жагсаалтад тасралтгүй багтсаар байна.


Холбоотой мэдээ