Хэн биднийг засаглах ёстой вэ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-07-03 04:02:41

Аливаа зүйлийг сайн, муу, сайхан, муухай гэж үнэлж дүгнэхээс өмнө тухайн зүйл нь яг байгаа эсэхийг лавлах хэрэгтэй. Хэрэв байхгүй бол хэдий сайн муу гэж дүгнээд, сайжруулах гэж яаж ч хичээгээд байхгүй учир засрал авахгүй нь ойлгомжтой.

Өнөөдөр бид амьдралынхаа эргэн тойрны маш олон зүйлийг яг мөн чанар нь юу вэ, байна уу үгүй юу гэдгийг лавлаж тодорхойлох шаардлагатай болов.

Яагаад тийм шаардлага үүссэн бэ гэхээр биднийг хүрээлэн байх олон зүйлс биет болон биет бусаар бидний оюунд оршиж байдаг.

Гарт баригдаж нүдэнд харагдах зүйлсийг бид 5 мэдрэхүйгээрээ шалгах боломжтой ч гарт баригдаж, нүдэнд харагдахгүй оюуны зүйлсийн байгаа үгүйг нь, түүнчлэн байвал хэмжээндээ байгаа эсэхийг яаж шалгах вэ?

Монголын төр, удирдагч нар муу байна, сайн байна гэж амтай болгон ярьж байна. Гэтэл муу сайн гэж дүгнэхээс өмнө эхлээд “Төр” гэдэг зүйл нь юу вэ? Монголд байгаа юу гэж асуух нь логикийн хувьд зөв.

Нэг барилга барьж, дотор нь нэр, албан тушаал бүхий хүн суугаад л төр, засаглал бүрэлдчихнэ гэвэл арай өрөөсгөл биз.

ХЭНЭЭС ЮУГ АСУУХ ВЭ?


Бие өвдөхөөр бид эмчид очдог. Шүд өвдсөн бол шүдний эмч, нүд бол нүдний эмчид хандана. Машин техник эвдэрвэл механикч, мэргэжлийн засварчинд очно. Ус алдвал сантехникч дуудна. Гутал урагдвал гуталчинд очно. Хулгайд өмчөө алдвал хуульч, цагдаад хандана.

Хүний амьдрал аар саар, том жижиг асуудлаар дүүрэн. Аз болж асуудал бүрийн ард хүний бүтээсэн мэдлэгийн салбар бий. Асуудал бүрийн учрыг олж, хужрыг тунгаах мэргэжлийн салбар бий. Асуудал байгаа нь мэдлэг үүсэх шалтгаан (raison d’кtre) нь юм. Улс орон, албан байгууллага, аж ахуйн нэгж ч мөн адил асуудлаар дүүрэн. Хүн олноор бөөгнөрч, хотууд үүсэж, эдийн засаг, нийгмийн хамаарал улам нягтаршиж гүнзгийрэх тусам “асуудал” улам нарийсаж, олон төрөл салааг үүсгэнэ. Түүнийг дагаад бас мэдлэг, шинжлэх ухаан, философийн салбар гүнзгийрнэ.Аливааг зөв таньж, оношлохын тулд тухайн асуудлыг хариуцсан мэдлэгийн салбарт хандах нь хамгийн оновчтой. Төр болон засаглалын тухай мэдлэг үүсээд 2600 гаруй жил болж, тусгай мэргэжил болон төлөвшжээ. Эртний Грекийн философич Аристотель “Никомакын Этикс” болон “Политикс” гэсэн 2 номоороо төр (засаглал) гэж юу вэ, төр яах гэж байдаг вэ, сайн төр, муу төр гэж юу вэ зэрэг асуултад хариулсан байдаг.

ТӨР (ЗАСАГЛАЛ) ГЭЖ ЮУ ВЭ?

Аристотель онолдохдоо, аливаа төр, нийгэм гэдэг хүмүүсээс л бүрддэг учир ямар төр байх нь ямар хүмүүс байгаагаас шууд хамааралтай гэжээ.

Тэрээр бүх хүмүүсийг байгаа мөн чанараар нь дөрвөн ерөнхий бүлэгт хуваажээ. Үүнд:

  1. “The Virtuous” (The Virtue-аас гаралтай)” буюу эрдэмтэй, ёс суртахуунтай хүмүүс. Эрдэм гэдгээр зориг, тунг нь тааруулах эрдэм, justice (зөв зүйлийг хийх эрдэм) тэвчээр зэрэг ёс суртахууны чадваруудыг хэлсэн. Эдгээр хүмүүс бол аливаа зүйлийг ядаж цөхөх зүйлгүй хамгийн сайн хийж чаддаг нийгмийн охь болсон, зөвийг эрхэмлэгч.
  2. "Continent” (өөрийгөө засаглагч — self-disciplined, self-governed, righteous) буюу муугаас зайлсхийж сайныг хийхийг хичээдэг ч үр дүн нь сайн муу ээлжилдэг хэсэг. Эдгээр хүмүүс нь Аристотелийн тодорхойлсноор зөвийг эрхэмлэгч, “өөрийгөө засаглагч” байхыг эрмэлздэг. Тэдэнд дэмжлэг хэрэгтэй.
  3. “Incontinent” буюу муугаас зайлсхийхийг хичээдэг ч эцэстээ шантарч муугаасаа салж чаддаггүй, эрдэм, ёс суртахуун сул хүмүүс.
  4. “The Vicious (The Vice)” буюу мууг мэдээд, хүсээд хийдэг ба түүнээсээ таашаал авдаг хүмүүс

Нэгдүгээр бүлгийн хүмүүсээр удирдуулсан төрийг тэрээр “Үндэстний сайнуудын засаглал буюу “Аристокраси” (Aristocracy гэдэг нь эртний Грек хэлээр Аристо=хамгийн сайн Краси=засаглал) гэж нэрлэсэн. Аристократууд аливаа нийгмийн охь, цөм байх ба тооны хувьд цөөн байдаг. Аристократууд дундаасаа хамгийн сайн, шилдгээ ёс суртахууны билэг тэмдэг болгон сонгож удирдуулах засаглалыг Моноарки (Monarchy=Rule by the best буюу үндэстний удирдагчийн засаглал) гэж нэрлэсэн.

Харин хоёр, гуравдугаар бүлгийн хүмүүс нийгмийн дийлэнх олонхыг эзэлдэг учир Демокраси буюу ард түмний засаглал (Ардчилал) гэжээ. (Democracy гэдэг нь эртний Грек хэлээр Демо=ард түмэн, краси=засаглал, ард түмний засаглал). Энэ бүлгийн хүмүүсийн эрдэм, ёс суртахууны хэм хэмжээ нийт нийгмийн дунджийг тодорхойлох учир дундаж анги, дундаж давхарга зэрэг эдийн засаг нийгмийн ойлголт эндээс үүсжээ.


Аристотель хамгийн сайн төрийн талаар онолдохдоо “Үндэстний удирдагчийн засаглал+үндэстний сайнуудын засаглал+ард түмний засаглал гэсэн гурван холимог засаглалаас төрийг бүрдүүлсэн нөхцөлд л төр жинхэнэ утгаараа орших боломжтой ба ингэж чадаагүй нөхцөлд төр нь амин хувиа хичээгчдийн хөлжих хэрэгсэл болдог тухай анхааруулсан.

Аристотелийн “үндэстний удирдагчийн засаглал” байхгүй бол “төр эзэнгүй, үндэстэн удирдагчгүй болж, хүн болгон өөрийгөө “үндэстний удирдагч” болох боломжтой хэмээн эндүүрч, олон хүний амьдралыг тамын тогоо адил болгодог. Үндэстний удирдагч нь тухайн үндэстний хүслийн илэрхийлэл, эв нэгдлийн илэрхийлэл, эрдэм, мэдлэгийн илэрхийлэл, ёс суртахууны илэрхийлэл” гэж тэрээр дүгнэсэн байдаг. Харин хулгайч, хувиа хичээгч, хамгийн шааруудын (The Vicious — дөрөвдүгээр бүлэг) засаглалыг “Tyranny” буюу дарангуйлал гэж нэрлэсэн.

Аристотель “үндэстний сайнуудын засаглал гэдэг нь тухайн үндэстний мэдлэг боловсролтой, ёс суртахуунтай хүмүүсийн засаглал бөгөөд энэ байхгүй бол үндэстний эрх ашгийн төлөө амь биеэ золиослох төрийн бүтэц алдагдаж, төр бол хувийн шуналын төлөө хэрэглэгдэх хувиа хичээгчдийн уурхай болдог” гэж сануулсан байдаг. Яг ийм адгийн муугуудын засаглалыг “Олигарх” гэж тэрээр нэрлэжээ.


Аристотелийн “Ардын засаглал (Демокраси) гэдэг нь мухар сүсэгт автдаггүй ухамсартай, харийг шүтэн сөгддөггүй, жалга довны үзлээс ангижирсан үндэсний ухамсартай, ёс суртахуунтай, нийгэмшиж чадсан үндэстний эрх ашгийг амьдралын хүсэл эрмэлзэл болгож чадсан, хуулийн засаглалыг эрхэмлэдэг иргэдийн засаглал” гэж дүгнэсэн. Хэрэв тийм биш бол замбараагүй засаглал ноёлно.

Үндэстний удирдагчийн засаглал”, “сайнуудын засаглал”, “ардын засаглал”-ын аль нэг нь дангаараа тогтсон төр тогтворгүй, тэнцвэргүй, хэт нэг талыг барьсан байх учир мөхлийн замдаа ордог талаар Аристотель номдоо олон түүхэн жишээ дурджээ.

ТӨРИЙГ ЯАХ ГЭЖ БҮТЭЭСЭН БЭ?

Тэрээр “Политикс” номдоо, хэрэв аливаа нийгэмд хэт баян, хэт ядуу хүн олширвол төр, нийгэм, эх орон оршин тогтнох боломжгүй талаар сануулсан. Учир нь баян хүн хаана тав тух, тансаг амьдрал байна тийшээ байнга тэмүүлэх учир эх орон гэж байдаггүй. Харин ард түмэн ядуу байвал хаана амиа зогоож, амьдралаа босгох нөхцөл байна тийшээ тэмүүлэх учир бас эх орон гэж байхгүй болдог гэжээ.

Тиймээс Аристотель Никомакийн Этикс болон Политикс номоороо хүн байхын мөн чанар болон төр хоёр нягт холбоотой ба “төр гэдэг бол зөвхөн хүний сайн, сайхныг цогцлоох хүсэл дээр л тулгуурлаж, эрдэмтэй, ёс суртахуун, мэдлэгтэй хэсгийг түшиглэн зөвийг дээдэлсэн цагт л төр оршин тогтнох боломжтой. Хэрэв тийм биш бол төр биш бөгөөд хулгайч, дээрэмчин, худалч нарын тамын засаглал болдгийг анхааруулсан.

Аристотелийн хүн төрөлхтөнд сануулсан хамгийн чухал санаа бол “Ёс суртахуунгүй бол хүн хүндээ хонь чоно шиг болж, муу муухай нь үндэстний соёл болж, төрсөн ахан дүүс адил амьдрах боломж алдагдана” гэжээ.

ДУНДАЖ ДАВХАРГА БА АЛТАН ДУНДАЖ

Аристотелийн тодорхойлсон 2(Continent) ба 3(Incontinent) дугаар бүлгийн хүмүүс бол мөн чанарын хувьд аливаа зүйлд хэт туйлшрахгүй алтан дунджийг барина. Эрдэмтэй байна гэдэг нь аливаа зүйлийн хоёр туйл руу хэлбийх бус харин алтан дунджийг барихыг хэлдэг аж.


Аристотелийн алтан дундаж

Нийгмийн дундаж давхарга ямагт сайн сайхан амьдрахыг, бүтээхийг эрмэлзэх ба тэдэнд сайныг хийж, сайхан амьдрахад сайн төр, сайн хуулийн засаглал шаардлагатай.

Аристотелийн амьдарч байсан цаг үе Хомерын үлгэрт гардаг хэт фантастик баатрууд, Олимпын уулан дах бүхнийг чадагч бурхад, хаад язгууртан нэг талд, нөгөө талд нь тэднийг шүтэн бишрэгчид, тэдний амжилт, ололт, аллага хядлагаар наадан баясагчид, өөрийн амьдралаа бусдаар шийдүүлэгчид гэсэн 2 туйлд хуваагдсан байсан. Нийгэм тогтмол 2 туйлын хооронд хөлбөрч, тогтворгүйжихгүйн тулд дундаж давхарга тэнцвэржүүлэгчийн үүрэг гүйцэтгэх ёстой ба энэ тэнцвэр эрдэм, ёс суртахуун дээр тогтох ёстойг Аристотель анх номдоо онцолсон.

Орчин үеийн нийгэмд дан ганц төр бус бизнесийн компаниуд, ашгийн бус нийгмийн байгууллагууд зэрэг олон төрлийн төр, хувийн болон олон нийтийн институц бий болсон ба Аристотелийн засаглалын тухай сургамжуудаас авах зүйл их бий. 

Талх хийхэд нарийн боовны мэдлэг хэрэгтэй. 

Мэдлэг нь тааруу бол эцсийн бүтээгдэхүүн тааруу л байна. Үүнтэй адил засаглал, төр болж бүтэхгүй байна гэвэл засаглалын мэдлэг болж бүтэхгүй байгааг илтгэнэ.


Холбоотой мэдээ