Аялал жуулчлалын гол бүс болох амбицаас цаашгүй Хөвсгөл

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-07-16 00:08:03

Жил бүрийн зун монголчуудын зүглэдэг, аяллын гол чиглэл нь Хөвсгөл. 

Өнгөрсөн жилүүдэд очсон, эс очсон ч хамаагүй гэр бүл, найз нөхдөөрөө Хөвсгөл нуурыг дахиад л зорьдог. 

Өнгөрсөн гурван өдөр буюу долдугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд 15 000 аялагч Хөвсгөл нуурын бүс руу нэвтэрчээ. 

Коронавирусийн халдвартай эрсдэлтэй цаг үе байгаа ч аялж, амрах монголчуудын цуваа тасарсангүй. 

Гэвч жил бүр тулгардаг өнөө л асуудалтай аялагч, амрагчид дахин тулгарч, саатлаа. 

Тэр нь Хөвсгөл нуур руу очих зам үерт автдаг жил бүрийн зовлон. 

Өчнөөн олон аялагч, амрагчид замын хоёр талд үер татрахыг хүлээгээд бөөгнөрдөг асуудал энэ жил ч давтагдлаа.

 Хөвсгөл аймаг Монгол Улсын аялал жуулалчлын гол бүс нутаг. Хөвсгөл нуурыг түшиглэн аялал жуулчлалын гол нутаг болох том амбицтай ч аймгийн удирдлагууд тэр зорилгынхоо төлөө юу ч хийдэггүй.

Тиймдээ ч Хатгалын зам жил бүр үерт автаж, олон олон хүн саатаж, машин техникээрээ хохирдог.

Үнэхээр аялагч, жуулчдыг хүлээн авах хүсэлтэй юм бол өнөөдрийг хүртэл яагаад ганц гүүр барьчихаж болоогүй юм бол?

Хатгалаас Хөвсгөл нуур орох чиглэлд яагаад зам тавьчихаж болоогүй юм бол?

Хатгалаас нуур ороход тоос шороо татуулсан сайжруулсан замаар дэржигнэсээр л очдог.

Монгол Улсын аялал жуулчлалын гол бүс нутаг болохын тулд эхлээд дэд бүтцээ бий болгох шаардлагатай.

Замаасаа эхлээд жорлон хүртлээ.

Харин өнөөх том амбицтай Хөвсгөл маань зорьж очсон аялагч, жуулчдаа жил бүр зам дээр үер харуулан зогсоодог хэвээр.

Хөгжиж, дэвшсэн, аялагч жуулчдыг татах шинэ зүйл нэг ч алга. 

Хөвсгөл аймаг жил бүр аялал жуулчлалаас тодорхой хэмжээний орлого олдог.

 Зорилго, амбицаараа болдог бол энэ аймаг өвөл, зуны аялал жуулчлалаараа өөрийгөө тэжээх ёстой.

Гэвч улсын төсвөөс хамгийн том татаас авдаг аймгуудын тоонд явсаар л байгаа.

Аялал жуулчлалаас олсон мөнгө хаашаа урсдагийг таах боломжгүй.

Ямар ч байсан Хөвсгөл нуурыг түшиглээд хүний гараар бүтээсэн, нүдэнд харагдаж, гарт баригдах ажил алга.

Ядаж л жил бүр усанд автдаг замаа гүүртэй болгосонгүй. 

Тэгэхээр том зорилго, худал амлалтаас өөрцгүй л гэсэн үг. 

Хөвсгөл нуур байгаагүй бол энэ аймгийг зорих өөр шалтгаан байхгүй. 

Байгаль эхийн бүтээсэн гайхамшгийг түшиглэн хөгжих ухаан энэ нутгийн удирдлагуудад мөн л алга.

Монгод хүний гэгээн ухаанд би итгэдэг.

Холбоотой мэдээ