Пирамид тогтолцоо болон Олон шатлалт маркетинг

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-07-21 23:35:06

Пирамид схем буюу пирамид тогтолцоонд борлуулагчид зөвхөн гишүүдийг элсүүлснээр мөнгө олдог. 

Маш олон төрлийн пирамид тогтолцоо байдаг боловч үндсэн хоёр нь бүтээгдэхүүнд суурилсан ба нүцгэн пирамид тогтолцоо гэж нэрлэгддэг.


Нүцгэн пирамид залилан:

  1. Нэг хүн 10 өөр хүнд "Хөрөнгө оруулалтын боломж" санал болгон элсүүлнэ.
  2. Элсүүлэгчдээ хүн бүр 100 доллар төлнө.
  3. Элсүүлэгч нь эдгээр хүмүүсийг тус бүр 10 хүн элсүүлэхийг үүрэг болгоно.
  4. Элсэлт болгон амжилттай болбол 100 долларын хөрөнгө оруулалтаас 100 долларын ашигтай ажиллана.

Хэдий энэ нь боломжийн сонсогдож байгаа боловч  эхний 10 хүн дараагийн 10 хүн элсүүлсэн гэж бодъё. 

Эдгээр 100 хүн одоо 1,000 доллартой болохын тулд тус бүр 10 хүн олох хэрэгтэй болно. 

Ямар нэгэн аргаар 10 хүн элсүүллээ гэхэд энэ түвшний хүмүүс 100 хүн элсүүлж байж ашгаа олно гэсэн үг. 

Удалгүй пирамидын оргил дээрх хүмүүсийг тэтгэх хангалттай их хүн олдохоо болино. 

Ингэснээр пирамид нурж доод түвшинд байгаа бүх хүн хөрөнгө оруулалтаа алдана. 

Бүтээгдэхүүнд суурилсан схем нь энгийн борлуулалтын бизнес нэр доор явагддаг зүйл.

  1. Нийлүүлэгч нь 500 долларын үнэтэй барааг 10 хүн тус бүрд өгч заруулна.
  2. Бүтээгдэхүүн худалдаж авсны дараа гишүүн болох эрхтэй болно.
  3. Нийлүүлэгч нь эхний зарагдсан бараа бүрийн 10 хувийг хүртэнэ.
  4. Нийлүүлэгч нь эхний бүтээгдэхүүний 10 хувиас гадна өөрийн элсүүлсэн хүн тус бүрийн нийт зарсан бүтээгдэхүүний 10 хувийг авна.
  5. Пирамидын оргил дээрх хүн өөрийн доорх түвшний бүх хүмүүсээс орлого олно. 

Ихэнх пирамидын асуудал бол бүтээгдэхүүн нь сайн зарагдахгүй байх эсвэл ашгийн зөрүү нь бага байдаг. 

Тийм учраас мөнгө олох ганц арга нь гишүүд нэмж элсүүлэх юм.

Удалгүй зах зээл нь хальж эхэлдэг.

Адилхан хэрэггүй бүтээгдэхүүн зарах гэсэн хүмүүс хэтэрхий ихсэж, элсүүлэх хүмүүс үлддэггүй.

Пирамид тогтолцоонд  бүх хүн ашиг олно гэдэг нь тооцооллоор боломжгүй. 

Жишээ нь элсэгч бүр өөрийн оруулсан хөрөнгө оруулалтын зардлаа олохын тулд 10 хүн олох хэрэгтэй, ингэсээр 8 дугаар түвшнийхэн тэрбум хүнийг олох хэрэгтэй болно. 

Дараагийн түвшний хүмүүст 10 тэрбум хэрэгтэй, дэлхийн бүх хүнийг элсүүлээд ч хүрэхгүй.

Пирамид схемд заавал хэн нэгэн "санхүүгээр хохирдог". 

Пирамидын доод түшвинд байгаа хүмүүс ерөнхийдөө дээрх хүмүүст хулхитуулдаг. 

Тооцоолж бодоход, гишүүдийн 88% нь доод түвшинд орон мөнгөө алдна. 

Пирамид залилан нь энгийн борлуулалтын шалтгаанаас бус дээрх гишүүд нь ашиг олохын тулд доорх хүмүүсээ санхүүгээр шатаах системээс болж нурдаг. 

Судалгаанаас үзэхэд нүцгэн пирамидын 90,4 хувь нь мөнгөө алддаг бол бүтээгдэхүүнд суурилсан пирамид схем гишүүдийн 99,88 хувь нь мөнгөө алддаг байна.

Тэгэхээр бүтээгдэхүүнд суурилсан пирамид тогтолцоо болон олон шатлалт маркетингийн ялгаа (ОШМ) нь юу юм бэ?

Олон шатлалт маркетинг буюу сүлжээний бизнес нь борлуулалтын ашгийн төлөөх байгууллага юм. 

Amway, Tupperware, Herbalife, Avon, Mary Kay болон Oriflame гэх мэт компаниуд хүмүүсийг элсүүлэн тураах бүтээгдэхүүнээс эхлээд гал тогооны хэрэгсэл, гоо сайхны бүтээгдэхүүн хүртэл бүх л төрлийн бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг. 

Худалдааны ажилчид нь ихэнхдээ гэрээсээ ажиллан өөрсдийгөө бизнес эрхлэгчид гэж нэрлэдэг. 

Гаднаас нь хараад ОШМ болон пирамид тогтолцоог ялгах хэцүү. 

Хоёулаа ялгаагүй "олон шатлалт" нийлүүлэгчид болон элсэгчдийн бизнес загвартай. Зарим шүүмжлэгчид бүх ОШМ-г баг өмссөн пирамид схем гэдэг.


АНУ-д Олон нийтийн Худалдааны Хорооноос Amway-г 1979 онд пирамид схем биш гэж шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь зуу зуун компаниудад Amway-н бизнес загварыг дагах замыг эхлүүлсэн. Amway веб сайт дээрээ өөрсдийн "бизнесийн боломж" болон пирамид схемийн ялгаануудыг тодруулсан байдаг.

  • Amway нийлүүлэгчиддээ борлуулагч элсүүлсний төлөө мөнгө өгдөггүй.
  • Amway-р мөнгө олох ганц арга нь хэрэглэгчдэд бараа зарах эсвэл борлуулагчдын менежер хийх. 
  • Менежерүүд нь элсүүлсэн хүмүүсийнхээ борлуулалтаас хувь хүртдэг.
  • Amway борлуулагчдаа анх заавал зарах бараа гэж шахдаггүй ба гишүүн хэвээр байхын тулд сард борлуулах барааны тоо тулгадаггүй.

ОШМ ба пирамидын тогтолцоо/схемийн гол ялгаа нь ОШМ олон хүн элсүүлэхдээ биш бараа борлуулахдаа байдаг гэж Amway онцолжээ. 

ОШМ нь хэрэглэгчдэд шууд бүтээгдэхүүн зарсан ч ашигтай ажиллах ёстой. 

Энэ гол шалгуураас гадна өөр ялгах шинжүүд:

  • Пирамид схем нь зөвхөн хүн элсүүлснээр мөнгө олохыг санал болгоно. Энэ мөнгө нь эхлээд заавал зарах ёстой бүтээгдэхүүний хувь эсвэл хүмүүс элсүүлэн "бонус" хүртэнэ.
  • Борлуулалт хийхээс илүүтэй хүмүүс элсүүлэхэд ач холбогдол өгдөг ОШМ-с хол бай.
  • Пирамид схемд элсэхэд их хэмжээний зардал гардаг. Эдгээр нь: заавал суух сургалт, заавал зарах бүтээгдэхүүн болон буцаалтгүй гишүүнчлэлийн төлбөр.
  • Зарах бүтээгдэхүүн нь чанартай ба боломжийн үнэтэй эсэхийг шалгах хэрэгтэй. Нэр хүндтэй бренд үү? Сүүлийн үед хэрэгт холбогдож байсан уу?
  • Бусдын дарамт, ятгалгаар ОШМ-д элсэхээс татгалз. Мэдээллээ сайн тунгаан бодож үзэх хэрэгтэй.
  • Өөрийн хөрөнгөө гайхуулж ОШМ-д элсүүлэх гэж буй хүнээс болгоомжил. ОШМ-р сая саяыг олсон хүмүүс ихэнхдээ яаж ОШМ-д элсэн мөнгө олох талаар бичлэг болон ном зарснаар мөнгө олсон байдаг.
  • Эцэст нь хэлэхэд ашиг олоход хэтэрхий амар, ашигтай санагдвал итгэхэд хэцүү л юм.

Пирамид тогтолцоо нь хялбар аргаар мөнгө хурдан олох гэсэн бидний хүсэл дээр ажиллан ашиг олдог. 

Тооцооллоор үүнд элссэнээр мөнгө олох боломж бараг байхгүй ба таны амжилттай байх магадлал бага.

Гэрээсээ борлуулалтын багийг удирдан ашиг ихээр олж ирээдүйгээ сайжруулна гэж элсэх хүмүүс байгаа нь харамсалтай.

Энэ үед та ятгах тусам нягталж үзэх хэрэгтэй. 

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.



Холбоотой мэдээ