С.Амарсайхан: Наймдугаар сарын 1-ээс хойш нэг ч иргэн гэрээсээ эм, тариа авч ирэх ёсгүй

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-07-21 13:23:50

Шадар сайд С.Амарсайхан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар дээр очиж ажиллаж байна. 

Энэ үеэр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ар гэрээс эм, тариа авахуулах тохиолдлыг таслан зогсоох үүргийг  Эм, эмийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт өглөө.

Тэрбээр, “Covid-19 онцгой нөхцөл байдал болон нийт ард иргэдийг эрүүл мэндийн үйлчилгээг тэр дундаа эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хувьд асуудалгүй байлгах үүднээс энэхүү агентлаг ажиллаж байгаа. 

Гэвч Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтаар дүүрэг болон орон нутгуудын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийг эмийн нөөц, санхүүгүй гэдэг шалтгаанаар иргэдийг хувиасаа эм болон хэрэгтэй бусад тариагаа өөрөө авахыг шаарддаг нь тогтоогдсон.

Угтаа улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүн өндөр үнэтэй эм, тариа авах санхүүгийн хувьд боломжгүй байж болно. 

Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд улсаас татан авалт хийхэд тодорхой санхүүжилт гаргаж буй эм, эмнэлгийн тоног төхөөрөмж татан авдаг компаниудын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын хэмжээнд хэрэглэгдэж буй аюулгүй байдал, чанар, эмийн үнэ өртөг, стандарт зэрэг анхаарал татсан асуудал байдаг. 

Эдгээрийг цогцоор нь хариуцахаар танай байгууллага 80 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Ковид-19-ийн үед импортын эмийн бүртгэл, чанар, үнэтэй холбоотой асуудал байна. 

Бөөний төвд 180 мянган төгрөгөөр худалдаалдаг эмийг эмийн санд 300 мянган төгрөгөөр зарж байх жишээтэй.

Эмийн хангалт, нийлүүлэлтийг танайх цогцоор нь шийдвэрлэх үүрэгтэй. Гэсэн хэдий ч асуудлууд байсаар байна. ЭМЯ-наас ковид-19-ийн эмчилгээнд хэрэглэдэг эмийн жагсаалт авахад хоёр компанийн нэр л ирсэн.

Яагаад эмийн үнийн их зөрүү байна, яагаад хэдхэн компани эм оруулж ирж байна вэ гэх асуудал байна. 

ЭМ-ийн даатгалаар чанаргүй эм олгодгийг зогсоох ёстой. 

Лабораторийнхоо үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй. 

Орон нутагт эмийн хэрэгслийн хангалтыг тасалдуулж болохгүй. 

Танай ажлыг УОК хийж байна. 

Чиг үүргээ тодорхой болгож, хариуцлагатай байх хэрэгтэй. 

18 аймагт хүчил төрөгчийн үйл ажиллагааг бий болгож байна. 

УОК энэ арга хэмжээг авч байна. 

Цаашид танай байгууллага үүнд хариуцлагатай байхыг хүсье

Тоотой хэдхэн компани жил бүр тендер авч, оруулж ирсэн эм, эмнэлгийн хэрэгслээ хэт өндөр үнээр зарж байгааг тайлангаас харлаа. 

Үүнийг таслан зогсоож татан авалт хийх шаардлага хангасан бусад компаниудад боломж олгож хямд үнээр тоо ширхгийг ахиулан оруулж ирэх хэрэгтэй.

Иргэдээс ирж байгаа мэдээллээр хөнгөлөлттэй үнээр авах эмийн хувьд ч хүрэлцээгүй байна. 

Тиймээс та бүхэн дүүрэг, аймаг, сумын төвтэй холбогдож ямар эм хэрэгтэй байгааг, аль эм нөөцгүй болсон талаар тогтмол мэдээлэл авч эмийн хомстол, тасалдал үүсгэхгүй байх хугацаат үүрэг өгч байна. 

Энэ асуудал наймдугаар сар гэхэд байхгүй болсон байх ёстой.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж буй Covid-19-өөр өвдсөн тохиолдолд уух эмийн сонголтуудыг оруулж ирэх хэрэгтэй байна. 

Тэгэхгүй бол ганцхан Арбидол гээд эмийг иргэд авч, татан авалтаа тогтмол хийгээгүйгээс болж тасалдахад хүрсэн. Дахин ийм алдаа гаргах ёсгүй.

Мөн улсын эмнэлгийн эмч нар үзлэг хийсэн хүндээ өндөр үнэтэй эмийг зөвлөж ганцхан тэр эмийн санд л байгаа, заавал тэндээс очиж аваарай гэх мэт үгсэн хуйвалдаж, тохиролцож иргэдэд үнэтэй эм шахах зэрэг асуудал олноор үүсч байна.

Иймээс хэрэгцээт эмийн судалгааг тогтмол авч өндөр үнээр оруулж ирж буй эмийг хямд татан авалт хийх боломжийг судлах хэрэгтэй. 

Хил гаалийн тухайд эрүүл мэндийн салбартай холбоотой бүх бүтээгдэхүүн хэвийн нэвтэрч байгаа. 

Шаардлагатай төсөв санхүүг улсаас баталж өгч байгаа учраас иргэдийн карманаас мөлждөг энэ системийг арилгах үүрэг өгч байна” гэлээ.



Холбоотой мэдээ