АНУ гадаадын иргэдийн зорчих хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтаа цуцлахгүй

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-07-27 10:27:13

ВАШИНГТОН. /BBC/. АНУ “COVID-19” халдварын улмаас гадаадын иргэдийн зорчих хөдөлгөөнд тавьж буй хязгаарлалтуудаа цуцлах төлөвлөгөөгүй байна гэж Цагаан ордон мэдэгдэв.

Агаарын тээврийн компаниуд, аялал жуулчлалын салбарын лоббидогчид зуны улирал дуусахаас өмнө хязгаарлалтуудыг цуцлахыг шаардаж буй энэ үед дээрх мэдэгдлийг хийжээ. 

АНУ-д халдварын тохиолдлын тоо өссөөр байгаа бөгөөд ялангуяа вакцинд хамрагдаагүй хүмүүс халдвар авах нь түгээмэл байгаа юм. 

COVID-19”-ийн тохиолдол ирэх долоо хоногуудад үргэлжлэн нэмэгдэх хандлагатай байгаа учир одоогоор тогтоогоод буй зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг хэвээр үлдээнэ гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгджээ. 

АНУ эхний ээлжид Хятадаас ирэх иргэдэд 2020 оны нэгдүгээр араас хязгаарлалт тогтоож байсан юм. Түүнээс хойш уг хоригийг Их Британи, Шенгений бүсийн орнууд, Бразил, Ирланд, Энэтхэг, Иран, Өмнөд Африкт зорчсон гадаадын иргэдийг хамруулан өргөтгөсөн байна. 

Өнгөрсөн долоо хоногт Канад улс вакцинд хамрагдсан америкчуудыг ирэх наймдугаар сарын 9-нөөс хилээрээ нэвтрэхийг зөвшөөрнө гэж мэдэгдсэн юм. Харин АНУ үүнийг үл харгалзан хөрш орнууд болох Канад, Мексиктэй залгаа хилээ наад зах нь наймдугаар сарын 21 хүртэл хаалттай байлгана гэдгээ мэдэгджээ. 

АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв улсын хэмжээнд шинээр илэрч буй тохиолдлуудын 80 хувийг хурдан халдварладаг “Дельта” хувилбар эзлэх болсон талаар хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн юм. Мөн тус төвийн дарга Рошель Валенски халдварын шинэ тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоос 53 хувиар нэмэгдсэнийг өнгөрсөн пүрэв гарагт мэдээлсэн байна. 

Америкт вакцинжуулалтын түвшин хаврын улиралд дээд цэгтээ хүрч байсан боловч түүнээс хойш саарчээ. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, шинээр илэрч буй халдварын тохиолдлуудын дийлэнх нь вакцин хийлгээгүй хүмүүс байгаа бөгөөд ийм байдлыг “вакцинд хамрагдаагүйгээс үүдэлтэй цар тахал” гэж хүртэл нэрлэх болжээ. 

АНУ-тай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг танилцуулбал, 

  • Ирэх есдүгээр сарын дунд үеэс Нью-Йорк хотын гал сөнөөгч, цагдаагийн ажилтан, багш нарт вакцинд заавал хамрагдах шаардлага тавина
  • АНУ-ын эрүүлийг хамгаалах чиглэлийн нэр хүндтэй 50 гаруй бүлгэм эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг вакцинд заавал хамруулахыг уриалсан хамтарсан мэдэгдэл гаргажээ
  • Даваа гарагт Цагаан ордон “COVID-19”-өөр халдварласнаас үүдэн урт хугацааны турш зовуурь илэрч буй зарим хүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст олгодог тусламж авах боломжтой болж магадгүй талаар мэдээлжээ
Холбоотой мэдээ