COVID-19: Дельтагийн довтолгоо, улс орнуудын тэмцэл

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-08-20 00:34:00

Коронавирусийн халдвар анхлан Хятадын Ухань хотод илэрснээс хойш хүн төрөлхтөн энэ вирусийн цар тахалтай хоёр жил орчим тэмцэж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Амь насанд нэн аюултай энэ өвчнөөс хүний амь аврахаар олон улсын эрдэмтэд урьдчилан сэргийлэх тарилга төрөл бүрээр нь асар богино хугацаанд гарган авсан ч вакцины хүрэлцээгүй байдал, зарим иргэдийн үл итгэх зангаас болж дархлаажуулалт хүссэн үр дүнд  хүрсэнгүй. Чухамхүү хүмүүс ийнхүү вакцинаас татгалзаж байгаа нь вирус илүү халдвартай, аюултай мутацид орох аюултайг дэлхийн эрдэмтэд сануулж байгаа ч байдал төдийлөн өөрчлөгдсөнгүй. Анхлан Уханьд илэрч байсан коронавирус хэдэнтээ хувирч, одоо зургадугаар сард анх Энэтхэгт илэрсэн "дельта" штамм дэлхий дахиныг бүрхэж, аюул дагуулсаар байна

Мексикийн булангийн Алабамад дельта штаммын халдварын тоогоор маш өндөр үзүүлэлттэй байгаа ч баар, дэлгүүрүүд нь амрагчдаар дүүрсэн байгаа гэнэ. 

 "Хүн олноор цугларсан газарт нэг л халдвар тээгч маш олон хүнд халдвар тараана. Манай эмнэлэг хэдийнэ өвчтөнүүдээр дүүрчхээд байна. Ор сулармагц тэр дороо л өөр өвчтөн ирдэг" хэмээн Алабамагийн эмнэлгийн эмч Натали Фокс ВВС агентлагт ярьжээ.

Сүүлийн долоо хоногт АНУ-д халдварын тохиолдол нэг саяар нэмэгдсэн бөгөөд ингэснээр шинээр илэрч буй тохиолдлын тоогоор энэ улс өнгөрсөн оны үзүүлэлтдээ эргэн очсон байна.

Сүүлийн сард Их Британид ч мөн хамгийн өндөр үзүүлэлт бүртгэгдэж байгаа юм. Энэ улсад хоногт 37 мянга орчим шинэ тохиолдол илэрч байгаа аж. Тиймээс Британид бустер вакцин буюу гурав дахь тунг хийхээр болсон бөгөөд есдүгээр сараас энэ ажлыг эхлүүлэхээр болжээ.

Харин Мароккод коронавирусээс үүдэлтэй нас баралт эрс нэмэгдсэн байна. Томоохон хотуудын эмнэлгүүдийн сэхээн амьдруулах тасагт сул оргүй болжээ. Тиймээс өвчтөн хүлээж авах ямар ч боломжгүй болсон байна.


Европыг зорьсон дүрвэгчдийн дамжин өнгөрөх нэг буудал нь болсон Босни Герцеговинд олон мянган дүрвэгч цааш явах найдвараа алдалгүй, орогносоор байгаа юм. Эдгээр дүрвэгчдийг коронавирусээс сэргийлэх вакцинд хамруулж эхэлсэн байна. Гэхдээ одоогоор ердөө 500 тун вакцин л гаргасан бөгөөд харин вакцинд хамрагдах хүсэлтэй дүрвэгч зургаа дахин их байгаа гэнэ.

 Харин хөрш зэргэлдээ Хорватад коронавирусийн халдварын тохиолдол ихэссээр байна. Энэ нь вакцин тариулаагүй иргэдтэй холбоотой гэж Хорватын Эрүүл мэндийн яам мэдэгджээ. Тус яамны мэдээлснээр, коронавирусээс үүдэлтэй нас баралтын 80 хувь нь вакцинд хамрагдаагүй хүмүүс байсан гэнэ.

Австралийн Шинэ Өмнөд Уэльс болон Виктори мужид халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Эдгээр мужуудад хоногт л тус бүр 700 орчим тохиолдол илэрчээ. Энэ улсад хатуу хөл хорио үргэлжилж байгаа ч ийнхүү халдвар нэмэгдсээр байна.

Дельта штаммаас үүдэлтэйгээр халдварын тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийн улс орнууд ээлж дараалан хязгаарлалт тавьсаар байна. Энэ долоо хоногт Япон улс онц байдлаа сунгах, зарим мужид хязгаарлалтаа өргөжүүлэх шийдвэр гаргасан бол Турк улс ч мөн ийм алхам хийж байгаагаа зарлалаа. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Туркэд коронавирусийн цар тахлын улмаас шинээр хязгаарлалтууд тавих болсон талаар наймдугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн юм.

 Ингэснээр, вакцинд хамрагдаагүй иргэд PCR шинжилгээний сөрөг хариутай тохиолдолд л хот хооронд зорчих, тоглолт, кино үзэх боломжтой аж. Түүнчлэн боловсролын салбарынхнаас тогтмол шинжилгээ авч байгаа гэнэ.Вакцинд хамрагдаагүй оюутан, багш нарыг нэн даруй урьдчилан сэргийлэх вакцин тариулахыг Туркийн Ерөнхийлөгч уриаллаа. Мөн хичээлийн шинэ жил эхлэхээр вакцинд хамрагдаагүй сургуулийн ажилтнуудыг долоо хоногт хоёр удаа PCR шинжилгээнд хамруулах гэнэ. 

Турк улс дельта штамм тархаж байгаатай холбоотойгоор гадаадын жуулчдыг хүлээн авахаа зогсоож магадгүй талаар Туркийн Соёл, аялал жуулчлалын сайд мэдэгдсэн байна. Тус улсад өнөөдрийн байдлаар 6.1 сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 53981 хүн нас баржээ. 


Холбоотой мэдээ