Ерөнхий сайдаас тайлбар шаардая

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-08-30 00:31:09

УИХ-аар төсвийг нь батлуулахын тулд эсрэг бодолтой, эргэлзсэн гишүүд рүү ширүүхэн дайрч, үндэсний аюулгүй байдлын эсрэг үйлдэл гэж үзэн, хатуу тэмцэхээ илэрхийлж асан Л.Оюун-Эрдэнэ зүтгүүлсэн хөшөөгөө өөрийн Ерөнхий сайдын өнгөн дээр буулгуулав. Ингэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “"Андлалын өргөө" бүтээн байгуулалтын барилгын ажлыг зогсоож, холбогдох арга хэмжээг авч, зохиогчийн нэр хүндэд дахин халдахгүй байхыг хүссэн” гэх тайлбарыг өглөө.

Энэ хугацаанд улсын төсвөөс 1.9 тэрбум төгрөгийг гэрээний дагуу гаргажээ. Гэтэл гүйцэтгэгч компаниас буцаан мөнгөө нэхэж, нөгөөх нь ямар ч асуудалгүйгээс хэвлэлийн хурал хийхээс нь 30 минутын өмнө мөнгийг нь буцаан шилжүүлсэн баримтыг сайд үзүүлэв.

Ингээд хөшөөг нурааж, орон нутаг хог хаядлыг нь зайлуулахаар болж. Гурван жил үргэлжилж буй хэдэн тэрбумаар яригдах цогц бүтээн байгуулалтын нэг хэсэг /2 тэрбумыг уг хөшөөнд зориулж төсөвлөн гаргасан бөгөөд хөшөө тийш очих дэд бүтцийг, өөр хэд хэдэн байгууламжийг харилцан уялдаатай байгуулахаар төсөвлөж байсан/бүтээн байгуулалтыг ганц долоо хоногийн дотор багтаан буулгав. Маш хурдтай өрнөсөн энэхүү үйл явдалд татвар төлөгчид хардах эрх бий.

Үүнтэй холбоотой болоод холбогдогдолгүй дэндүү олон асуулт иргэдийн зүгээс гарч байна. Ерөнхий сайдын зүгээс өөрийн биеэр баримттай нотолгоотой тайлбарлахыг шаардлагатай болж байна.

Төсвийн мөнгийг дэндүү үрэлгэл зарцуулдаг, түүний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй энэ мэт явдал газар авсан гэдгийг батлах нэгэн баримт оны эхэнд бий болсон нь 400 сая төгрөгөөр 20 мянган макс худалдан авах тендер болсон. Нэг ширхэг маскыг 20 мянган төгрөгөөр худалдаж авах тэрхүү тендер хэвлэл мэдээллийн ачаар гэрэлд “цохиулснаар” ил болсон. Шагийн үнээс ч хэд дахин их энэхүү тендерийг цуцалсан ч харамсалтай нь өөр бусад бараа, бүтээгдэхүүний худалдан авалт хэрхэн явж, хэдэн төгрөгийн барааг хэд дахин өндөр үнэтэйгээр авахгүй байгаа гэсэн баталгаа алга.

Хоёр жилийн турш татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн хэмнэж, ямар зүйлд зарцуулсан талаар бүдүүн бараг тооноос өөрийг мэдээгүйгийн цаана юу болоод  өнгөрснийг тайлагнах нь зүйтэй болов уу?

Гүйцэтгэгчээр ажилласныхаа төлөө хоёр жилийн хөдөлмөрөө, ажилчдын хөлсөө, өөрсдийн орлогоо огт тоолгүйгээр, бүр ямар ч маргаан гаргалгүйгээр төсвийн мөнгийг шуудхан буцаан шилжүүлдэг компани Монголд бий юу? Ямар компани ийм чадамжтай вэ? Мөнгө угаахаас өөрөөр ийм хэмжээний мөнгийг яамны хүсэлтийн дагуу гаргаад өгдөг компани хямралын энэ үед Монголд байна гэдэгт та итгэлтэй байна уу? Монголд зөвшөөрөлгүй баригдсан барилга байтугай хашаалсан хашааг нураахдаа хүртэл зардлыг нь төрөөс гаргадаг атал энэхүү цогцолборыг ямар ч аудит оруулалгүйгээр нураасны цаана юу нуугдана вэ? Тэрхүү "балгас" болж иргэдийн уур ундууцлыг хүргээд байсан хөшөөнд яг хэдэн төгрөг зарцуулсан бол… Төрийн ажлыг гүйцэтгэснийхээ төлөө гарсан зардлыг нь өөрсдөөсөө гаргаад орхидог бизнес шударга бизнес мөн үү?

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хөрөнгө оруулагч нартай холбоотой болон тодорхойгүй байсан бүх асуудал дээр Монгол Улсын үе үеийн Засгийн газрыг төлөөлж уучлалт гуйж байна. 2021.08.17

Та ердөө хоёр долоо хоногийн өмнө ингэж уучлалт гуйсан. Уучлалт гуйх нэг хэрэг. Хөрөнгө оруулагчдыг дэмжихийн тулд нээлттэй, шударга, хэлсэн ярьсандаа байх нь өөр хэрэг.

Цар тахлын үед хандивлагчдын өгсөн сая саяар хэмжигдэх доллар хэрхэн зарцуулагдсан нарийн задаргаа өнөөг хүртэл алга. Дээр нь зарцуулаад дуусч буй гэх ажлын байрыг дэмжих зээл, ипотекийн зээл гэхчлэн аж ахуйн нэгж, иргэдэд нэн шаардлагатай зээл эзэндээ очсон уу, ЖДҮДС-ийн зээл шиг эрх баригчид танил талаараа хуваасан уу гэдэгт иргэд эргэлзэж байна.

Таны санаачилж, хувийн аж ахуйн нэгж хэрэгжүүлэх гэж буй "Бамбарууш" кафег сэргээх төсөл "Андлалын хөшөө" шиг найзан дундаа чоно цатгалах, сүрэг бүтэн өнгөрөх үү?

Яагаад тэрбумаар тооцогдох үзэгчгүй наадмын төсөв өнөөдрийг хүртэл ил болоогүй төдийгүй захиран зарцуулагчдад нь тайлагнахгүй байна вэ?

Эдийн засаг урьд өмнө байхгүй хэмжээнд уруудаж байхад хоёр жилийн турш цахим наадам нэртэй клип хийхэд тэрбум тэрбумаар нь зарцуулаад байхад та яагаад чимээгүй сууна вэ?

Төрийн оролцоо нэмэгдүүлж, тусгай үүрэг гүйцэтгэгч томилсон газарт чинь тээврийн зардал нэмэгдэж, улам удааширсан нь төр ажлаа сайн хийгээд буй хэрэг үү?

…Гэх мэтчилэн танаас хариулт нэхсэн үй олон асуултаас өөртэй холбоотой хэсэгт нь ядаж үнэн нүүрээ харуулаад үгээ хэлэхийг Ерөнхий сайдаасаа иргэд шаардаж байна. Монгол ардын намаас ард түмэн чинь асууж байна.

Холбоотой мэдээ