Л.Энх-Амгалан: Төрийн алба цомхон байхыг Төрийн албаны зөвлөл дэмжихгүй байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-08 09:35:09

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цомхон багаар ажиллах бүтцийн өөрчлөлтийг Засгийн газраар батлуулжээ. Гэвч энэ асуудалд Төрийн албаны зөвлөл эсрэг байр суурьтай байгаа аж.

Энэ талаар БШУ-ны сайд өөрийн цахим хуудаст байр сууриа илэрхийлсэн байна. 

Тэрбээр "Миний бие УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа төрийн албаны шинэчлэлийн гол эрх зүйн орчныг хийж өгсөн. Сайд болоод энэ шинэчлэлийг яамнаасаа эхэлье гэж зориглосон. Үнэндээ ажилдаа сэтгэлтэй, зүтгэлтэй цөөн хүний нуруун дээр төрийн ажил явж байгаа. Ажил хийдэггүй хүмүүсийг монголын төр тэжээх ёсгүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө.

Бүтцийн өөрчлөлт хийж чадварлаг багтай ажиллахыг Монгол Улсын Засгийн газар дэмжсэн байхад Төрийн албаны зөвлөлийн түшмэдүүд шинэчлэлийнхээ эсрэг байгаад суурьтай байгаад харамсаж байна.

Сонгууль бүрийн дараа улстөрийн шалтгаанаар халагддаг мянга мянган иргэдийнхээ төлөө юу ч дуугардаггүй байж шинэчлэл хийе гэхээр яамдын угжны хурга шиг дарга нарыг өмөөрч төрийн албаны шинэчлэлийн өмнө бул чулуу шиг хөндөлсдөг байж таарахгүй.

Монгол төрийн албанаас шалгалт авсан, сорилт болсон цаг үед бид амьдарч байна. КОВИД-ын үед 30 хувиар ажиллаад үлдсэн нь зайнаас ажиллаж болдгийг бид мэдэрлээ. Магадгүй төрийн албаны зарим үйлчилгээ цахим болсноор авлига хүнд суртал багассан. Иргэд ийм боломж байдаг юм байна гэдгийг мэдэрсэн.

Төрийн алба бол цомхон чадварлаг байх ёстой гэж боддог. Боловсрол, шинжлэх ухааны яам гэхэд 12 газартай байсныг нэгтгээд 8 газартай, 120 орчим хүнтэй байсныг 88 болгох бүтэц батлуулсан. Яамд, агентлагууд бодлогын гэхээс илүү хэрэгжүүлэгч болсон. Манай яам гэхэд ихэнх цагаа тендер шалгаруулахад зарцуулдаг байсан.

Тийм учраас яам нь яг бодлогын яам шиг ажиллаад хэрэгжүүлэгч агентлаг нь тусдаа ажиллах нь зөв гэдэг үндэслэлээр бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөсөн. Энэ дээр Төрийн албаны зөвлөл манлайлж оролцох байх гэж ойлгосон ч цагаа тулахаар өөр юм байна. Харамсалтай нь, Төрийн албаны зөвлөл нь өөрөө яамыг цомхон чадварлаг багаар ажиллуулах хүсэлгүй. Уг нь энэ цомхон чадварлаг болгох шинэчлэл бол яамдын түүхэнд хийгдэж байгаа анхных нь. Гэтэл манлайлж оролцох ёстой Төрийн албаны зөвлөл нь эсрэг байр суурьтай байгаад үнэхээр харамсаж байна" гэжээ. 

Холбоотой мэдээ