Хоршоодод 810 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох гэрээнд гарын үсэг зурав

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2021-09-08 23:00:02

Жижиг, дунд үйлдвэрийн газраар дамжуулан нийслэл, орон нутгийн есөн хоршоонд 810 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож байна.

“Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III”-т тусгасан хоршоог хөрөнгө оруулалт, санхүү зээлийн бодлогоор дэмжиж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, ажлын байрыг нэмэх хүрээнд Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан хооронд байгуулсан “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу “Хоршоодод үзүүлэх дэмжлэг”-ийн эх үүсвэр болгон 810 сая төгрөгийг ийнхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр хөдөө аж ахуйн хоршоодод олгож байгаа юм.

Энэ хүрээнд Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийнхан төсөл хэрэгжиж буй Архангай, Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Өвөрхангай аймгаас ирүүлсэн бизнес төслүүдээс  шалгаруулж, эхний ээлжинд 9 хоршоонд зээл олгох гэрээнд гарын зурлаа. 

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын “Хөвддэлгэр” хоршоо хамгийн их буюу 126 сая төгрөгийн, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын үхрийн аж ахуй эрхэлдэг “Ашид мөнх” хоршоо 114 сая төгрөгийн, мөн аймгийн Баруун-Урт сумын “Мөнгөн сам” тэжээл үйлдвэрлэлийн хоршоо 60 сая төгрөгийн зээлийг жилийн таван хувийн хүүтэй авч байгаа юм.

Мөн Булган аймгийн Орхон сумын “Орхон эсгий”, Дашинчилэн сумын “Үнэнгоо” хоршоо, Дорнод аймгийн “Есөн цагаан тэмээ” хоршоо, тус аймгийн Баяндун сумын “Нутгийн хөгжил”, Цагаан-Уул сумын “Цагаан тэмээ”,  хоршоо, Говь-Алтай аймгийн “газрын өгөөж хур” хоршоод зээлийн гэрээнд гарын үсэг зурав. 

Эдгээр хоршоо нь аймаг, сумандаа загвар, жишиг болох боломжтойг Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа дурдаад, цар тахлын үед хамгийн их эрсдэлд орсон салбар нь жижиг, дунд үйлдвэр учир тусгай бодлого хэрэгжүүлж буйг онцлов. 

ХХААХҮЯ, ЖДҮГ, Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл” хамтран хот, хөдөөгийн хоршоо эрхлэгчдэд хоршооны тухай хуулийг сурталчлан, загвар хоршооны үйл ажиллагаатай танилцууллаа. Үүнд 6 аймгийн 11 хоршооны төлөөлөл, төсөл хэрэгжиж буй 6 сумын Засаг дарга нар оролцсон юм. Энэ үеэр хоршооны талаар төрөөс баримтлах бодлого, хоршооны шинэ хуулийн танилцуулга, хөдөө аж ахуйн хоршооны онцлог, мал, мах бэлтгэл, анхан шатны боловсруулалт, хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг танилцууллаа. 

ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан “Орон нутгийн хөгжүүлэх үр өгөөжтэй бүтэц нь хоршоо учир үйл ажиллагааг нь дэмжих үүднээс зээл олгож байна. Засгийн газраас дэмжиж, 2019 онд хоршооллыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг баталсан. ЖДҮГ-аас хоршоонд зээл олгох, хоршоодоор дамжуулан шинэ бүтээгдэхүүн гаргах зэргээр үндэсний үйлдвэрлэлд анхаарал хандуулж байгаа”-г тэмдэглэсэн юм. 


Холбоотой мэдээ