Б.Жаргалсайхан: Лайтай их мөнгө төлж ГАЙТАЙ их сургууль төгссөнөөс гайгүй сайн Плита өөгүй сайн наагаад сурчихвал амьдралд чинь хэрэгтэй залуусаа!!!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-09 14:12:29

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “ Төгсгөсөн оюутан нь ямар хугацаанд ажлын байртай болж байна вэ гэдгээр их, дээд сургуулийн сургалтын чанарын түвшинг тодорхойлж, санхүүжилт олгоно” хэмээн мэдэгдэв. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 88 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа эрхэлдэгээс 18 нь төрийн өмчийн оролцоотой бол бусад нь хувийн хөрөнгө оруулалттай.

Хуульд зааснаар хувийн их, дээд сургууль улсаас татаас авдаггүй, оюутныхаа сургалтын төлбөрөөр санхүүжилтээ босгон, амьдарсаар өнөөдрийг хүргэсэн. Өөрөөр хэлбэл, Дээд боловсролын тухай хуульд гар хүрч, өмчийн хэлбэрээс үл хамаарч, бүх их, дээд сургуулийг төрөөс санхүүжүүлэх зохицуулалт тусгадаггүй юм бол салбарын сайдын дээрх үг зөвхөн 18 төрийн өмчит сургуульд л хамаарах болж байгаа юм. Гэтэл нийгмийн захиалга бол өмчийн хэлбэрээс үл хамаарч их, дээд сургуулийн сургалтыг чанартай болгох бодлого хэрэгжүүлэхийг хүсч буй. Их, дээд сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлэх нэг алхам нь багш нарынх нь мэдлэг боловсрол өндөр байх шаардлага тавигддаг бол нөгөө талдаа элсэгчдэд тавьдаг босгыг өндөрсгөх гэж үздэг. Харамсалтай нь, их, дээд сургуулиуд чанартай боловсрол олгохоос илүүтэй олон элсэгч татаж, ашиг хийх нь хамгаас чухал болж хувирсан. Элсэгч нь их, дээд сургуульд суралцах чадвартай байх эсэх хамаагүй, төлбөрөө төлсөн байхад л болно. Эзэмшүүлэх мэргэжил нь нийгэмд эрэлттэй мэргэжил үү, үгүй юу гэдэг ч хамаагүй. Төрд ч энэ чиглэлийн тогтвортой бодлого байдаггүй. Үндсэндээ сонгуулийн цикльд баригдаж, бодлогоо өөрчилсөөр ирсэн гэж хэлж болно.


Жишээ татвал, Засгийн газар 2019 онд эрэлттэй мэргэжлээр суралцдаг оюутанд зээл олгох шийдвэр гаргаж байсан бол энэ оны эхээр дээрх шалгуураа зогсоосон. Тодруулбал, сурлагын голч оноо нь 2.8 болон түүнээс дээш бол хэн ч энэхүү зээлд хамрагдах боломжтой болгосон. Судлаачид сургалтын голч онооны босгыг 2.8-аас дээш байхаар тогтоосныг өндөр болгох шаардлагатай гэж үздэг.

Мөн төрийн өмчийн дээд сургуульд сувилагч мэргэжлээр элсэгч нь 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрөөс чөлөөлж, төрөөс төлбөрийг нь хийдэг байсан. Энэ босгыг 450 болгон бууруулсан нь ч шүүмжлэлтэй тулж буй. Үндэслэлээ Засгийн газар цар тахалтай холбон ажилгүйдэл нэмэгдэж, өрхийн орлого буурсан тул оюутнууд төлбөр төлөх боломжгүй болсон гэж тайлбарласан. Гэвч цаад зорилго нь сонгуультай л холбоотой болж таарч буй. Тодруулж хэлбэл, эрх баригчдын хувьд оюутнаар дамжуулж, сонгуулиар санал авах нь чухал байсан нь гаргасан шийдвэрээ өөрчилснөөс харж болно.

Уг нь Засгийн газраас хоёр жилийн өмнө гаргасан дээрх нь шийдвэр их, дээд сургуулийг шигшихэд, мөн залуус эрэлттэй мэргэжлээр суралцахад хөшүүрэг болох бодлого байв. Учир нь, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2030 он хүртэлх Монголын хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлийн судалгааг гаргахад цэцэрлэгийн багш, бага ангийн багш, боловсруулах үйлдвэрлэлийн салбар дотроо газрын тосны инженер, уул уурхайн ашиглалт технологийн инженер, сэргээгдэх эрчим хүчний инженер зэрэг мэргэжлүүд багтсан. Тодруулж хэлбэл, төр эдгээр мэргэжлээр суралцагчдад сургалтын зээл олгож, сургалтын төлбөрөөс нь чөлөөлдөг байх шалгуур тавьсан нь оюутныг ч сурлагаар нь шигших, их, дээд сургуулиудыг ч сургалтын чанараар нь цензурдэх босго болох байв.


Нөгөө талдаа ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдийн тоо буурахын хэрээр их, дээд сургуульд элсэх босго оноог бууруулж ирсэн нь хөдөлмөрийн зах зээлд дипломтой ажилгүйчүүд олшрох суурь ч мөн болжээ. Тухайлбал, 2019 онд 40 мянган залуус их, дээд сургуульд элсэн орохоор болж, элсэлтийн ерөнхий шалгалт өгч байсан бол 2020 онд 20 мянга болж, хоёр дахин буурсан байдаг. Энэ үед их, дээд сургуулиуд элсэгчдэд тавьдаг босго оноогоо бууруулж, аль болох олон элсэгч элсүүлэхийн төлөө өрсөлдөж иржээ.

Гэвч гурван сая гаруй хүн амтай улсад 88 их, дээд сургууль байгаа нь дэлхийн жишгээс 3-14 дахин өндөр үзүүлэлт болж буй бол ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 75-80 хувь нь их, дээд сургуульд элсэн ордог нь мөн л дэлхийн дунджаас 30-50 хувь өндөр үзүүлэлт болж буй. Иймээс их, дээд сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлье гэвэл элсэгчдэд тавигдах босго оноог өндөр болгохоос эхлээд оюутанд хөгжлийн зээл олгохдоо эрэлттэй мэргэжлээр суралцаж байна уу гэдэг шалгуурыг давхар тавих хэрэгтэй байна.


Холбоотой мэдээ