Эмэгтэйлэг залуустай "дайн зарласан" Хятадын төр К-поп одын фэн клубыг хаажээ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-09-09 22:42:06

2021 оны 9-р сарын 5-нд Хятадын олон нийтийн сүлжээ Weibo дээрх алдарт BTS хамтлагийн гишүүн Жиминий фэн клубыг эрх баригчид 90 хоногийн хугацаатай хаажээ. 

Тус клубын гишүүд Жиминийг "утгагүй" дэмжсэнийхээ учраас ийм шийдвэр гаргасан гэнэ.

Үүнийг Хятадын алдартнууд болоод "эмэгтэйлэг" эрчүүдийн эсрэг хийж байгаа тэмцлийн нэг хэсэг хэмээн олон хүн үзэж байгаа аж. 

Weibo сайтын зүгээс "Алдартнуудыг хэт шүтэхийн эсрэг байр суурийг бид үргэлж баримталж ирсэн. 

Үүний дагуу бид шаардлагатай арга хэмжээг авсан болно" гэж мэдэгджээ. 

Тус фэн клубын гишүүд нийлж Жиминий 26 насны төрсөн өдрийг (10-р сарын 13) тохиолдуулан нэгэн зорчигч тээврийн онгоцны гадна талыг "Жиминий өдрийн мэнд хүргэе" гэсэн үгтэй сурталчилгаагаар чимэглэсэн байна.

Үүний зэрэгцээ тэд The Times болон The New York Times сонингууд дээр хайртай дуучиндаа зориулсан хуудас дүүрэн мэндчилгээ хэвлүүлэхээр төлөвлөж байжээ. 

Одоогийн байдлаар тус фэн клуб төлөвлөгөөгөө үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд Жимин энэ талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. 


Эмэгтэйлэг байдлыг халах төлөвлөгөө

Хятад улсын эрх баригчид саяхан эмэгтэйлэг төрхтэй алдартнуудыг зурагтаар гаргахгүй хэмээн мэдэгдсэн юм. 

Мэдэгдэлд "эмэгтэйлэг" төрхтэй эрчүүд болон гоо зүйн хэм хэмжээнээс зөрсөн бусад зүйлсийг телевизээр дамжуулахыг шийдэмгий таслан зогсоох болон шоунд оролцох жүжигчдийн сонголт, тэдний "хувцаслалт, нүүр будалт болон үйлдэл"-ийг хатуу хянах шаардлагатай хэмээсэн байна.


Сүүлийн үед Хятадын Коммунист нам поп оддоо Өмнөд Солонгос, Японы дуучин, жүжигчдийн эмэгтэйлэг шинжийг авч байгаад санаа зовох болсон аж. 

Мөн соёл урлагийн салбарт гарсан эл өөрчлөлт Хятадын залуу үеийг буруу чиг хандлагад хөтөлж байна гэж үзжээ. 

Ийнхүү олон нийтийн дэг журмыг зөрчсөн, эсвэл ёс суртахуунгүй үйлдэл гаргасан жүжигчид телевизийн дэлгэцээс нэн даруй "арчигдахаар" болов.


Түүнчлэн, телевизээр баян чинээлэг амьдралыг харуулахгүй, хувийн амьдралыг шүүхгүй байхыг сануулсан бөгөөд энэ нь БНХАУ-ын үнэт зүйлстэй зөрчилдөнө гэж эрх баригчид үзжээ.

Үүний оронд телевизийн сувгуудаар "хувьсгалт, социалист соёл"-ыг түгээж, Хятадын уламжлалт соёлд анхаарлаа хандуулахыг зөвлөжээ.


Мөн цаашид хөрөнгөтөн, алдартнуудыг "тахин шүтэх" утга бүхий нэвтрүүлэг гаргахгүй байхыг телевизийнхэндээ анхааруулсан байна. 

Телевизийн хөтөлбөрүүд үүний оронд Хятадын уламжлалт соёл болон социалист нийгмийн хэв маягийг түлхүү сурталчлахаар болжээ.

Сүүлийн үед Хятадын коммунист нам хүн амынхаа үзэл бодлыг хянахын тулд олон кампанит ажил эхлүүлээд байгаа. 

Жишээлбэл:

Энэ хичээлийн жилээс эхлэн Хятадын сургуулийн сурагчид, оюутнууд Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын онолыг судалж эхэлнэ. 

Мөн ганцхан "эмэгтэйлэг" гэгддэг алдартнууд төдийгүй энгийн алдартнууд ч дэндүү нэр хүндтэй болсныхоо төлөө хэлмэгдэн шоронд хоригдох, торгуульд унах эсвэл эх орноосоо дайжих болсон байна. 





Холбоотой мэдээ