Афганистан: Узбек рүү зугтсан нисгэгчдийн хувь заяаг шийдэв

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-09-13 05:08:55

Талибууд Афганистанд хяналтаа тогтоосны дараа тус улсын Ерөнхийлөгчөөс эхлээд армийн цэргүүд ч эх орноо орхин дүрвэсэн юм.Нислэгүүд зогссон, цар тахлын нөхцөлд хил хаалттай үед афганчууд гадаад орны нүүлгэн шилжүүлэх нислэгт багтчихна гэж хий хоосон найдаж, зарим нь онгоцны дугуйн хэсэгт орж нуугдан нутгаа орхих гэж хичээж байгаад эмгэнэлтэйгээр амь насаа алдаж байсан бол зарим нь үймээн дунд олны хөлд дарагдан амиа алдаж байлаа. 

 

Афганистан: Шигшээгийн хөлбөмбөгчин онгоцноос унаж, амиа алджээ

Афганистаны энэ үймээний үеэр тус усын Агаарын цэргийн хүчний нисгэгчид 46 онгоц хулгайлж, гэр бүлийнхэнтэйгээ хамт Узбекистаныг зорьсон юм. Регнум агентлагийн мэдээлснээр, хулгайлагдсан онгцууд дунд Америкийн Black Hawk нисдэг тэргүүд, РС-12 ажиглалтын онгоцууд, Оросын Ми-17 нисдэг тэргүүд байсан гэнэ. Эдгээр онгоцоор нийтдээ 585 хүн Узбекистан руу дүрвэжээ.

 

Эдгээр нисгэгчдийн асуудлыг АНУ, Узбекистаны эрх баригчид хэлэлцэж, тэднийг гэр бүлийнх нь хамт түр хугацаанд  хүлээн авахыг АНУ зөвшөөрсөн байна.

 Регнум агентлагийн мэдээлснээр, нисгэгчдийг гэр бүлийнх нь хамтаар Катар дахь Америкийн цэргийн бааз рүү хүргэж, дараа нь нисгэгчид гэр бүлийнхэнтэйгээ хамт тэндээс амьдран суух өөр орнууд руу явах аж. Тэднээс хэн нэгэн нь АНУ руу дүрвэх эсэх талаарх мэдээлэл алга байна. 

Афганы цэргийн алба хаагчид гэр бүлийнхнийхээ хамт Узбекистан руу дүрвэхдээ ашигласан онгоц болон нисдэг тэрэг хэрхсэн нь одоогоор мөн л тодорхойгүй байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, Афганы шинэ засгийн газар хулгайлагдсан нисэх техник болон нисгэгчдийг эх орон руу нь буцаахын тулд Узбекистаны эрх баригчдад дарамт шахалт үзүүлэхээр хичээж байгаа гэнэ. Харин АНУ эдгээр дүрвэсэн афганчуудыг эх оронд нь буцаавал амь насанд нь аюултай хэмээн үзэж байгаа аж.

АНУ-тай хамтран ажиллаж байсан афганчуудад аюул заналхийлж байна 

Ийнхүү цөөнгүй иргэн өөр улсыг зорин амь насаа аварч чадсан бол Афганистанд үлдсэн зарим хүмүүст аюул занал учирсаар байна. Тухайлбал, Кабулаас нүүлгэн шилжүүлэх ажил зохион байгуулагдах үед америкчуудтай хамтран ажиллаж байсан Афганистаны тусгай хүчний төлөөлөгчдийг "Талибан" хөдөлгөөнийхний зүгээс сүрдүүлж эхэлсэн байна. Энэ талаар Америкийн албан тушаалтнуудаас авсан эх сурвалжтайгаар Вашингтон пост сонин мэдээлжээ.

 Эх сурвалжийн мэдээлснээр, Тагнуулын төв газрын бэлтгэсэн афганчууд АНУ-ын 2000 иргэн, гуравдагч орнуудын элчин сайдын яамны ажилтан, иргэн, Афганистаны иргэн гээд нийт 5500 хүнийг нүүлгэн шилжүүлэхэд тусалсан гэнэ. Харин талибууд энэ бүлэглэлийн зарим гишүүдийн нэр хаягийг тогтоон, гэр бүлийнх нь хамт  хөнөөнө хэмээн сүрдүүлж эхэлсэн байна.

Эргэн сануулахад, тавдугаар сарын нэгний өдрөөс эхлэн АНУ болон Хойд Атлантын альянсын цэргүүдийг Афганистаны нутаг дэвсгэрээс гаргах ажил эхэлсэн юм. Үүний дараагаас тус улсад нөхцөл байдал хурцдаж, "Талибан" хөдөлгөөн хүчирхэгжсэн. Наймдугаар сарын 15-ны өдөр талибууд Кабулыг зэвсэггүйгээр эзлэн авснаар Афганистаны бүхий л нутаг дэвсгэр дээр хяналтаа тогтоосноо зарлаж байв. 


Холбоотой мэдээ