Г.Ёндон: Нөөц хангалттай байсан ч зарим хүн их хэмжээгээр авснаас хомстол үүслээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-22 09:05:33

Хуралд  УУХҮЯ-ны мэргэжилтнүүд, “М-Ойл”, “Шунхлай”, Петровис гэх мэт импортлогч ААН-үүдийн төлөөлөл оролцож байна. УУХҮ-ийн сайд Г.Ендон хэвлэлийн хурлыг нээн дараах мэдээллийг өглөө:

Манай улс нийт сарын 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Үүний 95 хувийг хойд хөршөөс авч хангадаг. Гэрээгээр харилцан үүрэг хүлээдэг. ОХУ-аас өнгөрсөн сарын сүүлээр 28 мянган тонн бензин нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь Ангарскийн үйлдвэрт засвар хийнэ.

Иймд 17 мянган тонн бензин нийлүүлнэ гэсэн юм. Иймд бид БНХАУ-ын China oil компанитай (төрийн мэдлийн) гэрээ хийсэн. ААН-үүд гэрээгээ хийн, мөнгөө төлжээ. Наашаа зөөх галт тэрэгнийхээ кодыг ч авсан байв. Гэтэл ОХУ 9-10 мянган тонныг нийлүүлэх боломжгүй гэдгээ өчигдөр гэнэт мэдэгдлээ. Мөн БНХАУ-ын Боловсруулах үйлдвэрээс төмөр замд вагон тавих боломжгүй гэв. Учир нь улсын төмөр зам ихээхэн ачаалалтай ажиллаж байгаа юм байна. Хоёр улсаас шатахуун авдаг тул манай ААН-үүд борлуулалтдаа хязгаарлалт хийж эхэллээ.

Нэг сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг урд хөршид төлсөн. Энэ нөхцөл байдлаа өнөөдөр би Шадар сайдтай хамт БНХАУ-ын Элчин сайд Цай Вэнрунд уламжилж, хүсэлтээ тавилаа. Сүүлийн саруудад татан авалт хэвийн байсан. Угаасаа зуны саруудад хэрэглээ өсдөг талтай. Ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бэ гэвэл бид импортоос бүрэн хараат улс. 2014 оноос өмнө бид ОХУ-ын талтай гэрээгүй байв. 2014 оноос төр хувийн хэвшлээ холбон гэрээ хийж эхэлсэн. Ийм төрлийн шатахууныг ийм хэмжээгээр авна гэдгээ тодорхой заасан юм. 2018 онд гэрээнд өөрчлөлт оруулж, үнээ харилцан тохирдог байсан бол шатахууны үнийг дэлхийн жишигт тохируулсан юм. ОХУ хамгийн багадаа 28 мянган тонныг нийлүүлэх үүрэгтэй. Манай яамны мэргэжилтнүүд тус улсад ажиллаж байна. Маргааш “Роснефть”-ийн дэд захиралтай уулзана.

Урд хөршөөс шатахуунаа яаралтай авахын тулд Замын -Үүдэд сэлгэн ачих байгууламж бий. Зам тээврийн яам яаралтай арга хэмжээ авна. УБТЗ-ын 28-30 цистернийг суллан бэлдлээ. Бээжинд суугаа манай элчин сайд, Эрээнд байгаа Консул энэ чиглэлээр ажиллаж байна. Эхний вагон 5-7 хоногийн дараа орж ирнэ. Тэр хүртэл ААН-үүд хязгаарлалттайгаар буюу 30 мянган төгрөгт л шатахуун худалдана.

Шатахуун импортлогч ААН-үүдийн тухайн жилд бүрдүүлэх нөөцийг Засгийн газраас баталдаг. Учир нь жил бүр манай хэрэглээ өссөөр байна. ААН-үүд нөөц бүрдүүлэлтэд хангалтгүй ажилласан. Энэ зах зээлийг хувийн хэвшил 100 хувь хангадаг. Хэрэв шатахууны хомстол дахин давтагдвал шатахууны жижиглэн худалдааг төр өөрөө зохицуулахыг үгүйсгэхгүй. Гэхдээ ийм байдал үүсэхгүй болов уу. БНХАУ мөн стратегийн нөөц бүрдүүлдэг. Тус улс Энэтхэгт нөөцөөсөө худалдаж байна.

ОХУ цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн улмаас дотоодод хомстол үүсэх магадлалтай гэдгээ мэдэгдсэн. Өнгөрсөн наймдугаар сард ОХУ-ын Засгийн газар энэ асуудлыг ярьсан юм билээ. Гадаад хэргийн сайдтай хамтран тодорхой шийдэлд хүрэхээр ажиллаж байна.

АМГТГ-ын дэд дaрга Ц.Эрдэнэбаяр: БНХАУ-аас авах шатахуун ОХУ-аас худалдан авах үнээс өндөр биш. Нөөц хангалттай байсан ч зарим хүн их хэмжээгээр авснаас хомстол үүслээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дөрөв хоногийн нөөцтэй байна. Дархан, Эрдэнэтэд мөн хязгаарлалттайгаар худалдаж байна. Орон нутагт шатахууны борлуулалт хэвийн байна.

Холбоотой мэдээ