Америкийн өмнөд хил дээр цугларсан Гайтийн цагаачдын нөхцөл байдал ямар байна вэ?

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-09-22 09:25:57

АНУ-ын хилийг Мексикийн талаас хууль бусаар давахыг оролдож буй хүмүүсийн тоо сүүлийн хэдэн долоо хоногт эрс нэмэгдсэн байна. 

Ялангуяа гайтичууд хэдэн мянгаараа Техас мужийн хил дээр төвлөрөөд байгаа юм. 

Өнгөрсөн долоо хоногт Гайти улсаас ирсэн 14 мянган цагаач АНУ, Мексикийг холбодог Дел Рио гүүрний доор хоргодож байгаа нь ил болсон. 

Хэдий тэднийг олноор нь нутаг буцааж байгаа ч цаанаас ирэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа аж. 

Үүний хариуд Ерөнхийлөгч Байдены захиргаа хилийн харуул болоод нутаг буцаах нислэгийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч эхэлжээ. 

Техасын олон нийтийн аюулгүй байдлын газрын ажилтнууд дээрх дүрвэгсдийг хүчээр тарааж эхэлсэн учраас олон гайтичууд АНУ, Мексикийн хилийг заагладаг Рио Гранде мөрнийг сэлж туулахыг оролдож эхэлжээ.

Хилийн харуулууд цагаачдын хуарангаас Америкийн хил хүртэлх 2-3 км замд морьтой эргүүл хийж байгаа бөгөөд ингэсний үр дүнд хэдэн зуун гайтичуудыг хил давах гэж байхад нь барьжээ. 

Хилийн харуулын албаны дарга Раул Л.Ортиз Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа өнгөрсөн ням гарагт 3300 цагаачийг Техасын Дел Рио хотын нисэх буудал болон түр хоргодох байр руу шилжүүлсэн бөгөөд үлдсэн 12600 цагаачийг өдөрт 3000-аар нь мөн нүүлгэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. 

Харин нутаг буцаах нислэг Техасын Сан Антонио хотоос хөөрч байгаа аж. Эхний өдөрт тус бүр 148 хүн суулгасан 3 онгоц Гайти улсын нийслэл Порт-о-Пренс хот руу цагаачдыг зөөсөн байна. 

Өдөрт 8 удаагийн нислэгээр нутаг буцаах ажиллагааг явуулах боломжтойг АНУ-ын талын төлөөлөгч өгүүлжээ. Албадлагаар буцсан цагаач тус бүрт 100 ам.доллар, мөн будаа, буурцаг, тахианы махтай хүнсний хангамж өгсөн байна.

Гайти улсын ерөнхий сайд Ариэл Хенри АНУ-ын хил дээр "маш хүнд" нөхцөлд байсан иргэддээ санаа зовж байгаа бөгөөд тэднийг нутагтаа эргэн ирж байгаад баяртай байна хэмээн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 

Гайти улсад өнгөрсөн сард 7.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас нийтдээ 136800 барилга байгууламж нурж, 2248 иргэн амиа алдсан бөгөөд хэдэн зуун мянган иргэн орон гэргүй, орлогын эх үүсвэргүй болоод байгаа юм. 

Мөн энэ оны 7-р сард тус улсын ерөнхийлөгч Жовенел Мойз бусдын гарт амиа алдсан билээ. Энэ бүх шалтгааны улмаас Гайтид улс төр, нийгэм, эдийн засгийн замбараагүй байдал үүсч, иргэд нь хэдэн мянгаараа дүрвэх болсон аж. 

Цагаачдын нэг болох 38 настай Фабрицио Жан Associated Press агентлагт "Гайтид аюулгүй байдал гэж байхаа больсон. Манай улс гүн хямралд ороод байгаа" хэмээн ярьжээ. 

Сонирхолтой нь энд байгаа гайтичуудын ихэнх нь 2010 оны газар хөдлөлтийн дараа Өмнөд Америк руу дүрвэсэн хүмүүс гэнэ. Тэд тэнд олигтой ажил олж чадаагүй улмаас АНУ-ыг зорих шийдвэр гаргасан байна. 

Ийм олон тооны гаитичууд АНУ-ын хил дээр ирсэн нь Ерөнхийлөгч Байдены өмнөд хил дээр явуулж буй цагаачлалын бодлогыг хүчтэй шүүмжлэх шалтгаан болжээ. 

Жо Байден албан тушаалаа авмагцаа өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын баталсан олон тогтоомжийг цуцалсан юм. 

Үүний нөлөөгөөр цагаачлалын бодлого мэдэгдэхүйц суларч, АНУ-ын өмнөд хилээр хууль бусаар нэвтрэх Мексик болон Төв Америк иргэдийн тоо огцом нэмэгдсэн байна. 

Жишээлбэл өнгөрсөн сард л гэхэд 200 мянга гаруй хууль бус цагаач АНУ-ын хилийг давсан гэнэ. Харин энэ сард дээрх тоо 200 мянгаас давна гэсэн тооцоо гарчээ. 





Холбоотой мэдээ