Америкийн удган эмэгтэй баавгайн шээс буцалгах гэж байгаад томоохон ойн түймэр тавьжээ

Байгаль орчин
khiimori.co@gmail.com
2021-10-02 00:09:41

АНУ-ын Калифорни мужид дахин ойн түймэр дэгдэж, хэдэн мянган өрхийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй болжээ. Тэгвэл энэ удаад хуурайшил бус харин нэг хүний буруу үйлдлээс болж гал гарсан гэнэ. Александра Сувернева (Alexandra Souverneva) хэмээх удган бүсгүй шашны зан үйл болгож баавгайн шээс ил гал дээр буцалгаснаас бүх зүйл эхэлсэн байна. 

АНУ-ын иргэн, 30 настай Александраг хариуцлагагүйгээр гал тавьж, үлэмж их хохирол учруулсан гэж буруутгасан бөгөөд хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 9 хүртэлх жилийн ял сонсох юм.. Харин удган бүсгүй өөрөө санаатай ийм үйлдэл гаргаагүй бөгөөд баавгайн шээсийг уухын тулд буцалгаж байгаад гал тавьсан гэж мэдүүлжээ.


Одоогийн байдлаар Калифорни мужид 11 газар түймрийн голомт байгаа юм. Мөн 40 байшин галд шатаад байгаа учраас 2000 гаруй иргэнийг эрх баригчид нүүлгэн шилжүүлжээ.

Александрагийн тавьсан түймэр хамгийн их талбайг хамраад байгаа учраас дахиад олон мянган хүнийг гамшгийн бүсээс шилжүүлэх шаардлагатай болжээ.


Ойд ганцаараа аялж явсан Александра ихэд цангасан тул ойролцоох тогтоол уснаас уухаар шийджээ. Тэр нь ус биш баавгайн шээс байж таарсан ч удган бүсгүй ил гал дээр буцалгаж ариутгаад ууж болно гэж бодсоноо мэдүүлжээ.


Гал асаах гэж байхдаа тэрээр дэргэдээ байсан хуурай навч, өвс зэрэг рүү оч үсэргэн ноцоосон аж. Нэгэнт түймэр дэгдэж эхэлсний дараа Александра 911 рүү залгажээ. 

Хожим нь цагдаа нар түүнийг олох үед халаас, цүнхнээс нь хэд хэдэн лааз нүүрстөрөгчийн давхар исэл, мөн сэжигтэй хатаасан ургамал зэргийг олсон байна. 


Александра тэр үед Канад руу явж байсан бөгөөд түймэр тавихыг огт бодоогүй хэмээн цагдаа нарт мэдүүлсэн аж. Гэвч Калифорнийн хууль сахиулагчид түүнийг АНУ төдийгүй өөр хэд хэдэн улсад санаатайгаар галдан шатаасан хэрэгт холбогдож байсныг илрүүлсэн байна. 

Удганы өмгөөлөгч түүнийг бусдад хор хүргэхийг огт бодоогүй, харин сэтгэцийн өвчин эсвэл мансууруулах бодисын нөлөөнөөс болж ийм үйлдэл гаргасан хэмээн мэдэгджээ.


Холбоотой мэдээ