Дэлхийн хамгийн их давстай нуурын ус хүний арьсыг түлэх чадалтай...

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-10-03 22:04:14

Хамгийн түгээмэл ташаа ойлголтуудын нэг нь Сөнөсөн тэнгисийн ус хамгийн их давсыг агуулдаг гэх ойлголт юм. Үнэндээ Сөнөсөн тэнгисээс хэд дахин илүү давстай нуурууд дэлхий дээр олон бий. Тэдгээрээс давсжилтаараа хамгийн их нь Этиопын Данакилын цөлд орших Гаэтале нуур юм.

Харь гаригийн юм шиг үзэсгэлэнт тогтоц, хэт халуун агаарын хэмээрээ алдартай Данакилын цөлийн нэгэн хотгорт Гаэтале оршдог. Хэдий нуур гэж хүмүүс ярьдаг ч Гаэтале нь үнэндээ тогтмол устай цөөрөм бөгөөд диаметр нь ердөө 60 метр аж.


           Данакилын цөлийн тогтоц

Цөөрмийн усны давсжилт 43 промиль (100 гр усанд ууссан давсны хэмжээ) байдгаараа дэлхийн хамгийн их давс агуулдаг тогтмол ус хэмээн тооцогджээ. Харьцуулвал далайн давсжилт 3.5 промиль бол Сөнөсөн тэнгисийнх 33.7 промиль байдаг.

Энэхүү газарт ирсэн аялагчдыг цөөрмийн усанд орохыг эрс хориглодог. Усны температур нь өндрөөс гадна хэт их эрдэс давс ууссан тул арьсыг шууд түлдэг байна. 

Сонирхолтой нь энэхүү цөөрөм саяхан буюу 2000-аад оны эхээр бий болсон аж. Нутгийнхны яриагаар бол газар хөдлөлтийн дараа гадаргын хагарал дундаас халуун булаг оргилж, энэхүү цөөрмийг үүсгэсэн гэнэ. Үнэхээр Гаэталегийн усны хэм үргэлж цельсийн 50-55 хэмийн хооронд байдаг.

Сүүлийн үеийн судалгаагаар Гаэталед сэлэх байтугай ойртох нь ч аюултай болохыг илрүүлжээ. Цөөрмийн ус заримдаа булаг шиг оргилох бөгөөд тэр болгонд нүүрстөрөгчийн давхар исэл эргэн тойрны агаарт ялгарч байдаг гэнэ. Тийм учраас цөөрмийн эргээр хааяагүй хэвтэж байдаг үхсэн шувуу, шавжнууд нь хорт хийгээр амьсгалсан нь тодорхой аж.

Үүнээс гадна Гаэталегийн ус тод өнгөтэй байдгийн шалтгаан нь төмөр ихээр агуулагддагтай холбоотой. Эрдэс давс, төмрийн нийлэмжээс болж цөөрмийн усанд хүрч үзэхэд тос шиг хачирхалтай өтгөн байдаг аж. 

Хэдий ийм олон "сул тал"-тай ч дэлхийн хамгийн их давстай тогтмол усыг үзэхийг хүссэн аялагчдын цуваа хэзээ ч тасардаггүй аж.






Холбоотой мэдээ