“Үүрээр шинжилгээнд, өдөр түлшинд, шөнө шатахуунд дугаарлаж байна”

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-06 22:55:02

Одоогоос 10 хоногийн өмнө нийслэлд АИ92 бензин хомсдож, нэг иргэнд хамгийн ихдээ 30 мянган төгрөгийн шатахуун олгох зохицуулалт хийсэн. Ийнхүү хүмүүс 20 хүрэхгүй литр бензин авахын тулд хоёр, гурав хоногийн ажлаа алдан ШТС-ын гадна дугаарлав.  

Шатахууны асуудал хагас, хугас цэгцрэхтэй зэрэгцэн шахмал түлшний хомсдол үүссэн. Товчхондоо, налгар намар шувтарч, жавар тачигнахтай зэрэгцэн нийслэлийнхэн гал алдаж эхэлсэн юм. Түлш борлуулах цэг хангалтгүй, олдоц бага байсан учир хүмүүс зургаан шуудай нүүрс авахын тулд мөн л ажлаа таслаад дугаарлах болов.

Гэтэл түлшний хомсдол шийдэгдэж ч амжаагүй байтал өнгөрсөн шөнө иргэд ахиад л ШТС-ын гадна дугаарлаж хонолоо.

“Ердийн хэрэглээний нөөц бий”

Өчигдөр АИ-92 нөөц хангалтгүй болж байгаатай тухай мэдээлэл сошиал хуудсаар тарсан нь хүмүүсийг шатахуунд дугаарлаж хүргэсэн юм. Тодруулбал, "Сод монгол" группээс “2021 оны аравдугаар сарын 5-аас ОХУ-ын Роснефть компаниас АИ-92 автобензиний ачилтууд хязгаарлагдаж багасаж, АИ-92 нөөц хангалтгүй болж байгаатай холбоотойгоор ШТС-уудад хязгаарлалттай олгох ёстой” гэх утгатай мэдээллийг гаргасан юм.

Уг мэдээллийн дараа иргэд шатахууны хомстол дахин үүсэхээс сэрэмжилсэн иргэд ШТС-уудын гадна урт дараалал үүсгэсэн.

Харин холбогдох яамнаас шатахууны тав хоногийн энгийн хэрэглээний нөөц байгаа бөгөөд цаашид нөөц нэмэгдэнэ гэдгийг мэдээлсэн юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Улсын хэмжээнд шатахууны тав хоногийн ердийн хэрэглээний нөөц бий. Улаанбаатарт 900 гаруйн тонн шатахуун гэж тооцвол хомсдол үүсэхгүй. Роснефть компанийн захиралтай өнөөдөр утсаар ярьсан. Компанийн зүгээс шатахууныг тасалдуулахгүй нийлүүлнэ гэдгийг хэлсэн. Зохиомлоор шатахууны хомсдол үүсгэж байгаа нь улс төрийн асуудал ч байж магадгүй. Энэ асуудлаар тагнуулийн байгууллагад шалгуулна.

Бидний зүгээс шатахууны хязгаарлалт тогтоохгүй гэсэн байр суурьтай байна. Өнөөдөр аж ахуйн нэгжүүдтэй уулзаж шатахууны хязгаарлалт тогтоохгүй байх, нөөцөө хадгалахыг үүрэг болгож хэлэлцсэн” гэсэн.

“Өнгөрсөн шөнө хүний хөл тасарсангүй"

Гэхдээ өнгөрсөн шөнө иргэд хонон, өнжин дугаарлаж бензинээ базаасан учир өнөө өглөө ихэнх ШТС шатахууны нөөцгүй болжээ. Энэ талаар “Петровис” ШТС-ын ажилтан мэдээлэл өглөө. Тэрээр “Колонкын саванд 2-3 хоногийн л нөөц байдаг. Хүмүүс худлаа, үнэн мэдээлэлд автаад манайд байсан нөөцийг ганцхан шөнийн дотор л дуусгачихлаа. Ер нь ШТС-ын саванд 2-3 хоногийн нөөц, агуулахын саванд сарын нөөц, улсын хэмжээнд 45 хоногийн нөөц байдаг. Өнгөрсөн шөнө хүний хөл салсангүй. Ирж шатахуун авч байгаа ихэнх хүн банкаа дүүргэж байна. Тэгэхээр нөөц дуусна шүү дээ. Одоо орлого ирж байгаа. 11.00 цагийн үед орлого буучих учир дугаарлаж байгаа хүмүүстээ шатахуун олгоно гэж тооцоолж байна” гэлээ.            

"08.00 цагаас хойш дугаарласан ч шатахуун авч чадаагүй л байна"

Өглөөний 10.00 цагийн үед хотын төв орчмоор АИ92 олгож байгаа ШТС нүдний гэм байв. Ихэнх ШТС-ын гадна “АИ92 дууссан” гэх бичих байх бөгөөд гаднаа төмөр хаалт босгосон байлаа. Хотын захаар ч шатахуун олдохгүй байгааг иргэд учирлаж байсан юм. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Жагдаг “Өглөө 06.00 цагаас хүүхдээ сургуульд нь хүргэхээр гэрээсээ гарсан. Замаараа Баянхошууны ойролцоо байдаг ихэнх ШТС-ээр орсон. Бүгд бензин дууссан гээд халгаасангүй. Эднийхийг шатахуун өгч байгаа гэж сонсоод 08.00 цагаас хойш дугаарлалаа. Гэтэл бас л дууслаа гээд хаачихлаа. 11.00 цагаас ирэх юм гэнэ. Одоо гарлаа гээд хаа нэг газар дахиад л дугаарлана. Очихоор өгөхгүй ч байж мэднэ. Тиймээс эндээ зогсож байгаад л авах санаатай байна. Гэр хорооллын айлууд үнэндээ хүнд байна. Өдөр нь түлшинд, шөнө нь шатахуунд дугаарлах хэрэг гарах нь. Унтаж, амрах ч зав чөлөө олдохгүй байна. Ах нь өнгөрсөн амралтын өдөр хагас өдөр дугаарлаж байгаад хоёрхон шуудай түлш авсан. Нөөц байхгүй учир нэг хүнд хоёроос илүүг өгөхгүй гээд халгаагаагүй. Хөршөөсөө нэг шуудай нүүрс зээлчихсэн байсан учир нэгийг нь өрөндөө өгөөд, нөгөөгөөр нь хоёр хонолоо” гэлээ.   

Үнэхээр иргэд шөнөжин бензинд дугаарлаад, үүрээр нүүрсэнд оочерлоод, залгаад PCR шинжилгээ өгөхөөр эгнэж байна. Тансаг биш ч тайван амьдрах нөхцөлийг нь бүрдүүлээд өгөөч гэж халаглах хүн цөөнгүй байна. 


Холбоотой мэдээ