ЭМҮЖИН. Сөрөг хүчинтэй байхын төлөө сөгдөж бус, сөрж дэмжинэ...

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-10-06 23:21:37

Сөрөг хүчинтэй байхын төлөө сөгдөж бус, сөрж дэмжинэ...

Буурал Бат-Үүл Сонгинохайрханд ганцаардаж байна даа. Бат-Ялалт баахан хэл ам нь хэрээс хэтэрсэн эмэгтэйг турхираад тавьчихаж. Нөгөөдүүл нь Бат-Үүлийн хаа явсан газар дагаад л, үг хэлүүлэхгүй орилолдоод, үүдийг нь сахиж хэрэлдээд явах юм. МАН-ын мангасдаж сурсан ухуулагчид очсон гудамж, орсон дэлгүүр, зах энэ тэрийг нь өрсөж өмчлөөд, өөд уруугүй хөшилдөөд, уулзалт болгоныг нь уур уцаар болгох увайгүй оролдлого хийгээд гүйлдэх юм. МАХН-ынхан дээр нь нэмэгдчихсэн, зодохоос наагуур, өчихөөс цаагуур л үзэж тарж байна. ХҮН-ын нэр дэвшигч мориор дайрчих гээд, дугуйгаар шүргэчих гээд, машинаар мөргөчих гээд бас л ширүүн. Ардчиллын мөн чанарыг арай л дутуу ухаарч, дулимаг тээж яваа улс юм даа. Нөгөө Бат-Үүл нь нэг цагаан "Лада" машинтай, хэдэн шар хуванцар сандал ардаа аччихсан ад болоод, од болоод явна. Сонгинохайрханд өрсөлдөж байгаа АН-аас бусад найман намынхан бүгд хэлцсэн мэт буурал Бат-Үүл рүү л хошуу холбож, хов базаад дайраад байгаа дүр зураг угтлаа. Тэгэх тусам нь би энэ хүнийг дэмжинэ. Тэвчээрээ үүрээд, ганцаардлаараа хуяглаад явж байгаа хэн бүхнийг дэмжинэ. "Намайг гүтгэх эрх чөлөөний чинь төлөө би үхтлээ тэмцэнэ" гэж тунхагласных нь төлөө, хэлсэндээ үнэнч зүтгэснийх нь төлөө дэмжинэ. Нийслэлийн мээр байхдаа эхлүүлсэн хашаа, гарааш, газар, дахин төлөвлөлт зэрэг томоохон алхмуудынх нь төлөө дэмжинэ. За хамгийн том шалтгаан нь тарж бутран, тарамдан хуваагдсан Монголын ардчилалд хэрэгтэй байсан тулах цэг нь өнөөдөр Э.Бат-Үүл болон, сонгинохайрханчууд болчихоод байна. Жаран насыг дөхөж буй энэ хүн жаргаж яваа гэж бодож байна уу? Үгүй. Хэрэгтэй газартаа, хэрэгтэй цагтаа зогсож чадаж байгаа юм. Үүрч ирсэн ардчиллаа үүрэг рүү нь түлхэж байгаа юм. Тэр намынхаа лидер байсан хүмүүсийн эхлүүлж чадаагүйг энд л хийж, удаан хугацаанд сэхээнд байсан ардчиллын амин зүрхэнд амьдрал авчирлаа. Сонгинохайрханы зүг намын залуу дарга нарыгаа, залуур алдан төөрч одсон журмын нөхдөө, шокноос гарч чадахгүй шороодож цуцсан үзэл бодол нэгтнүүдээ, ардчиллыг үгүйлэн санагалзаж, үг хэлэх, жагсах эрх чөлөөний эрэлд хатаж яваа зон олноо Бат-Үүл дуудаж байна. АН-ынхны эвлэрэл Сонгинохайрханы гудамжинд бичигдэж, ардчиллынхны нэгдэл энэ дүүргийн худгийн дараалал дээр эмхэрч, ард түмний төөрөгдөл арай ядан төвлөрч байна. Хүмүүс сэрж, сэрэхдээ эв нэгдлийн зүг тэмүүлж, ойлголцлын зүг зүтгэж, агаар ус мэт хэрэгтэй байсан ардчиллын тулгуур үзэл баримтлалуудыг эндээс дахин олж байна. Намрын энэ өдрүүдэд Сонгинохайрханы шороотой гудамжинд, Баянхошууны түлшний дараалалд, гэр хорооллын гэрэлгүй буланд ардчилал дахин өндийж байна. Тэгэхдээ хүч алдаж, итгэл ганхсан АН-ыг эргүүлэн дуудаж, үүргийг нь сануулж, ачааг нь атгуулж байна. Монголын ардчилал чухам яг энэ дүүргийн газар шороо, гарз олз, гашуун бор өдрүүд дээр бохирсон өвдөгөө тэнийлгэж, бодлогоо дахин тодорхойлж байна. Тиймээс би Эрдэнийн Бат-Үүлийг дэмжинэ.  Монголын ардчилал том төөрөгдөл, тонгорч унасан том ялагдлын дараа толгой өндийлгөх хэрэгтэй байгаа учраас дэмжинэ. Эзэн Чингис хааны Их хуралдай, Ойрад Монголын Их хуралдай өөрөө дундад зууны ардчилсан тулгуурт парламент байсан юм. Анд нөхөд нь ч, атаат дайсан нь ч монголчуудын үеийн үед эрхэмлэж ирсэн эрх чөлөөт ардчилалд боломж олгох үүрэгтэй юм шүү, үүний төлөө би дэмжинэ. Сөрөг хүчинтэй байхын төлөө сөгдөж бус, сөрж дэмжинэ. Сөрж явааг нь дэмжинэ.



Холбоотой мэдээ