Цар тахал дээр дөрөөлсөн авлигын шинэ бизнес "Гашуун сухайт"-д цэцэглэж байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-09 23:08:21

Монгол Улсын ЗГ-аас боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн баталсан энэ оны төсөвт 40 сая тонн нүүрс экспортод гаргана гэж төлөвлөсөн. Гэвч хүсэхэд хясна гэгчээр цар тахлын халдвараас сэргийлэх хорио цээрийн дэглэмээс шалтгаалан ердөө 10 гаруйхан сая тонн нүүрс экспортод гаргаад байна. Энэ байдлаараа оны төгсгөл гэхэд 15 сая тонн нүүрс гаргавал “дээдийн заяа” болчхоод байна. Энэ нь Монгол Улс олборлосон нүүрсээ тээвэрлэж, хилээр гаргаж чадахгүй байгаатай холбоотой. Мөн хил дээрх хорио цээрийн дэглэмээр түрүү барьж авлига хээл хахуулийн гинжин хэлхээг цэцэглүүлж буй төрийнхний эрээ цээргүй шунал хувийн хэвшлийнхнийг туйлдуулж байгааг мэргэжлийн холбоод нь хэлж анхааруулсаар байна.

“Ногоон бүс” гэж зарлагдсан “Цагаан хад”-ны суурьшлын бүсээс Гашуун сухайтын хилийн боомтоор нүүрс тээвэрлэхээр очсон жолооч нарыг олон хоногоор тусгаарлаж, Монгол болон БНХАУ-ын хил дээр хоёр удаа ПСР шинжилгээ авч байж сөрөг гэдэг нь батлагдвал тээвэрт оруулж хил нэвтрүүлж буй. Гэвч энэхүү ПСР шинжилгээний хариу хоёр улсын талд өөр өөр гарч байгаа учраас ачсан нүүрсээ хил нэвтрүүлж чадалгүй 90 хоногийн хорио тавиулж ажил ч үгүй, харих зардал ч үгүй болтлоо туйлдаж буй жолооч нар цөөнгүй байгааг дуулгаж байна.

ГАШУУН СУХАЙТ ДАХЬ АВЛИГЫН ШИНЭ БИЗНЕС БУЮУ “БӨМБӨЛӨГ ХАГАЛАХ” МЭХ

Нийслэлээс Өмнөговь аймагт тээвэр хийхээр очсон жолооч нарыг 14 хоног тусгаарлаж шинжилгээ аваад сөрөг гарсан тохиолдолд “Цагаан хад”-ны суурьшлын бүсэд нэвтрэхийг зөвшөөрдөг байна.  Ингээд цагаан хаданд очсон жолооч нарыг Бөмбөлөг гэх тусгаарлалтын байранд байрлуулдаг бөгөөд нэг дор 35-40 хүн  хамт тусгаарлагдаж байна. Одоогийн байдлаар тус газарт 150 бөмбөлөг үүсгэж, 3,500 орчим жолооч байгаа аж. Бөмбөлгийн хотхонд нэг орыг сарын 1.8 сая төгрөгөөр түрээсэлдэг байна. Харин өнөөдрийн байдлаар Даланзадгад, Цогтцэций, Ханбогд зэрэг сумдад 1500 орчим жолооч бөмбөлөгт орохоо хүлээж байгаа аж. Гэсэн ч жолоочдын нэгнээс дотооддоо өгсөн шинжилгээний хариу эерэг болон сул эерэг гарсан нөхцөлд нэг бөмбөлөгт хамт байгаа бүх жолооч Цагаан хаднаас гарч 28 хоног дахин тусгаарлагддаг байна.  Энэхүү журмын дагуу тээврийн жолооч нар тусгаарлагддаг бөмбөлөгийг хагалж дараагийн ээлжийг урагшлуулахын тулд албаар тухайн бөмбөлөг дотор буй жолоочын шинжилгээний хариуг өөрчилж эерэг болгоод бүгдийг нь буцааж дахин тусгаарлах хууль бус ажиллагаа явагдаж байна гэж жолооч нар үзэж буй юм.

Үнэхээр тухайн газар тээвэр хийхээр очсон жолооч нарын хийсэн тээврийн тоо харилцан адилгүй байгаа нь ингэж хардахад хүргэж байна. Тухайлбал, таван удаагийн тээвэрлэлтийг нэг, дөрвөн удаагийн тээвэрлэлтийг 72, гурван удаагийн тээвэрлэлтийг 250, хоёр удаагийн тээвэрлэлтийг 1110 жолооч хийжээ. Гэсэн ч цаана нь тээвэрлэлт хийгээгүй хохирч үлдсэн жолоочид бөмбөлгийн гадна хохирсоор байгаа тухай ярьж байна.   Нэг бөмбөлгөөс эерэг тохиолдол бүртгэгдвэл тэр бөмбөлөг хагарч дараагийн бөмбөлөгт буй жолооч нар тээвэр хийх эрхээ авна. Тиймээс “Санаатайгаар шинжилгээний хариуг эерэг гаргаж, бусдыг нь урагшлуулахын тулд авлига авдаг байж болзошгүй гэж хардаж буй юм. Тиймээс жолооч нар шинжилгээнийхээ хариуг бичгээр авахыг хүсдэг ч сорьц шинжих багийн зүгээс өгдөггүй нь асуудлыг улам лавшруулахад хүргэжээ.

Үүсээд буй асуудалтай холбогдуулан Баянзам тээвэрчдийн холбооноос мэдэгдэл хийсэн. Тус холбооны УЗ-ийн дарга П.Баярхүү хэлэхдээ “Надад ирсэн эх сурвалжийн мэдээллээр бөмбөлөг тойрсон маш том авлигын систем явж байна. Дөрвөн байгууллага үүнд хамааралтай гэж сэрдэж байна. Үүнд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн газар, Авто тээврийн үндэсний төв болон Хилийн боомтын зөвлөл багтана. Тэдний хэн нь ч уг асуудлыг авч хэлэлцэхгүй байгаа. Хохирч буй жолооч нарын гомдлыг барагдуулах эзэн алга. Бүгд нэгэн рүүгээ л чичлээд байна. Харин сорьцын хувьд Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас өгдөг юм билээ. Гэтэл бүх сорьц эерэг байх боломж байх уу. Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ энэ асуудалд анхаарлаа хандуулах цаг нь болсон” гэж мэдэгдсэн юм.

ГАШУУН СУХАЙТЫН БУЗАР БУЛХАЙГ УУДАЛБАЛ “ДАЛАЙ ЦААШАА”

Экспортын голлох түүхий эд болох нүүрсний тээвэрт үүсээд буй дээрх асуудалтай холбогдуулан  УИХ дахь сөрөг хүчний дарга яг энэ асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Ингэхдээ“Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг салбар хариуцсан сайд нь өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр өгсөн.  Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, салбарын мэргэжилтнүүд нь хариулсан юм. Өмнөговиос УИХ-д сонгогдсон Н.Наранбаатар гишүүн хатуухан байр суурийг илэрхийлсэн. Тэрбээр хэлэхдээ “ Боомт удирдлага зохион байгуулалтгүй, ямар ч эзэнгүй байна. . Тал тал тийшээ харсан баахан босоо удирдлагатай байгууллагууд байна. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Н.Амарзаяаг томилсон. Тэр нь ажлаа хийж байгаа юм уу. Тэнд очоод ажиллаад байгаа л гэх юм. Яг юу хийгээд байгаа юм. Нүүрс тээвэр чинь яг хэвээрээ. PCR шинжилгээ буруу хийгээд байна гэж яриад байна. Хотод ирээд үзүүлэхээр сөрөг гараад байх юм. Тээврийн С зөвшөөрлийг уурхайнуудад эртхэн өгчих хэрэгтэй. Төр олон зөвшөөрөлд оролцох тусмаа хээл хахууль, авлига яригдаад. Гашуунсухайтын бузрыг яривал далай цаашаа болчхоод байна.  Төрийн байгууллагуудын хүнд суртал, авлигаас болоод хувийн хэвшлийнхэн хохирч байна” гэх байр суурийг илэрхийлсэн юм. Харин Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар асуултад хариулахдаа “Нэгдсэн удирдлагаар хангахын тулд боомтын захиргаа гэдгийг шинээр байгуулсан. Боомтын захиргааны дэд дарга нэг хэсэг ажилласан. Цаашдаа эргэж нэг ярихгүй бол болохгүй байна. Ковидын тухай хууль арванхоёдугаар сард дуусна. Тиймээс дараагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэнэ” гэх мэдээллийг өглөө.

Холбоотой мэдээ