Х.Баттулга, Н.Алтанхуяг хоёр АН-ыг авахаар улайрч эхэлжээ!

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-10-12 03:01:02

Хэнтий, Сонгинохайрхан буюу УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болсон нөхөн сонгуульд АН мөн л ялагдал хүлээсэн. Үүнийг нь хүлээж байсан мэт Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талынхан илтэд хөдөлгөөнд орсныг түүний Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижирийн үгнээс харж болохоор.  Өөрөөр хэлбэл, Х.Баттулгын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижир нүүр номдоо “Ардчилсан нам 2016 оноос хойш 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас бусад бүх сонгуульд дараалан ялагдлаа. Ялагдах ялагдахдаа улстөрийн хоёрдугаар байрын тавцангаас арчигдаж байна. Эцсийн дүндээ иргэд бидэнд манай намд тавих ёстой дүнгээ л тавилаа. Одоо үүнээс цааш газар үгүй, үүнээс хойш тэвчээрийн зааг үгүй…  Ардчилсан намын гишүүд бид өдрөөс өдөрт хувьсан хөгжиж байгаа дэлхий нийт, үе хоорондын шилжилттэй хөл нийлүүлж, Ардчилсан нам өөрөө үе хоорондын шинэчлэлийг одоо л хийх ёстой… Ардчилсан намын залуу гишүүд бид худгийн мэлхий юу, хөгжлийн манлайлагч уу гэдгээ өөрсдөө сонгох цаг одоо л ирлээ. Учир нь үүнээс цааш газар бидэнд үгүй. За яах уу тэгээд хэдүүлээ зүгээр хараад л суугаад байх уу  ” гэсэн нь түүний санаа гэхээсээ Х.Баттулгын байр суурь болж харагдаж, уншигдаж байна.

Өнгөрсөн Ням гаригт болж өнгөрсөн нөхөн сонгуульд хэдийгээр ирц хүрээгүй, нэмэл санал хураалт явуулахаар болсон ч МАН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярын хүү Батшугар “ногоон гэрэл”-ээр  гишүүн болох нь нэгэнтэй ойлгомжтой болсон.  Э.Батшугарын ялалт бол түүнийх гэхээсээ илүү  МАН-ын хар технологийн ялалт гэж хэлэхэд бодит үнэнээс хөл зөрөхгүй. Өнөөх л иргэдийнхээ саналыг таваг хоол, таван цаас, шуудай нүүрсээр авдаг башир аргаа МАН тултал ашигласан. Гээд энэ бүхэнд МАН-ын гэхээсээ илүү АН өөрөө ширээн дээрээс ойчсон. Хэрэвзээ 2016 онд  З.Энхболд зөрүүдэлж байгаад жижиг  мажоритар тогтолцоогоор сонгуулийн явуулдаг болгож өөрчлөөгүй бол АН дараалсан сонгуульд өвдөг шороодохгүй байлаа. Нөгөөтэйгүүр, 2017 онд АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг нэр дэвшүүлж, дэмжиж оролцсоныхоо үйл лайг өнөөдөр хангалттай эдлэж байна.

Энэ удаагийн нөхөн сонгуульд АН-ын хоёр тал ойлголцож, эвлэлдсэн мэт дүр үзүүлсэн ч энэ нь органик нэгдэл болж чадаагүйг  АН-ын бүлгийн байр байдал харуулсан. Товчхондоо, УИХ-ын гишүүн  О.Цогтгэрэл, Д.Ганбат, С.Одонтуяа нараас бусад нь намынхаа төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй.  Үнэндээ Э.Бат-Үүл УИХ-ын гишүүнээр сонгогдвол Х.Баттулга АН-ыг авахад хэцүү болох учраас “утсан хүүхэлдэй”-нүүдээ хөдөлгөөгүй ч биз.

Нөхөн сонгуулийн дараа АН дотоод сонгуулиа хийж, О.Цогтгэрэл, М.Тулгат нарын дунд намын даргын сунгаа явуулахаар болсноо зарласан. Гэхдээ, АН дотор болж буй үйл явдлаас харахад тэднийг биш Н.Алтанхуягийг намын дарга болгох тохиролцоог Төрийн ордонд хийж буй гэх мэдээлэл явж байна.

Хэдийгээр “Шинэчлэлийн засаг”-ийг нь заналтайгаар огцруулсан ч Н.Алтанхуяг Х.Баттулгынхаа “бөөрөнд” очиж наалдаад удаж байгаа. Х.Баттулгын улс төрийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Н.Алтанхуяг өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвших гэж талбай дээр долоо хоног өлсч байсан удаатай.

О.Цогтгэрэлийг намын дарга болгохоор зүтгэж байсан Х.Баттулга бодлоо өөрчилж, Н.Алтанхуягт  АН-ыг авч өгөхийн тулд араас нь балиашиглах болсон байна. Үндсэндээ, О.Цогтгэрэлийгээ жийж,  ах нар нь түүнээс хэдийнэ урван АН-ын тамгыг авахаар хоорондоо ярьж тохирсон бололтой.

Х.Баттулга, Н.Алтанхуяг хоёр нэгдэл хэр хол явахыг хэлж мэдэхгүй ч энэ нь намынхаа албан ёсны дарга болж амжаагүй байгаа Л.Оюун-Эрдэнэд цаашдаа аранга болох нь гарцаагүй.

АН-ыг Х.Баттулга авбал 2024 онд Л.Оюун-Эрдэнийн өнөөдрийн суудал түүнийх болно. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн жинхэнэ дайснууд түүний дэргэд улс төрийн тактикаа боловсруулж сууна.

Холбоотой мэдээ