ЭМҮЖИН: “Ичиж амьдар”

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-12 15:53:11

Ичиж амьдар.

Булгантуяа, Ганхуяг хоёр бусдын нутгийн гудамжинд Монголоо гэж яваа энэ охиноос ичиж амьдар. Эх орныхоо эрх барих дээд байгууллагын хойморт тухалчихаад, ард түмнийхээ итгэлийг авч сонгогдчихоод дэндүү муухай алдаа гаргалаа.

Өнөрболор гишүүний мэдэгдэж байгаагаар энэ бол санаатай үйлдэл, санаатай хулгай юм байна. Хуулийн ганцхан хуудуутай заалтаар эх орноо бусдын халаасанд хийх бодлого барьсан, үгүйг нь шалгуулмаар байна. Хуулийн яг тэр 50 мянган доллартай холбоотой хэсгийг маш ойлгомжгүй, яаж ч мушгиж болохоор найруулгатайгаар шургуулсан байна билээ.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж ирсэн энэ өөрчлөлт Үндсэн хуулийн 6.2-той зуузай хоршин үйлчилбэл юу болох вэ? Одоо цагт ганц сум гарздахгүй, ганц танк хөдөлгөхгүйгээр аль нэгэн улс орныг бүрэн эзлэх боломжтой болсон. Энэ бол хуулийн хулгай, эдийн засгийн булаан эзлэлт юм. Энэ технологи хэрэгжээд хориод жил өнгөрлөө, харсаар байтал бидний нүдэн дээр хэд хэдэн улс орон дэлхий дээр огтхон ч байгаагүй мэт оргүй арчууллаа.

Ялангуяа хөрш чинь “2040 он гэхэд гадаад Монгол дотоод Монгол болно” гэж хэтийн зорилгоо ил, далд тодорхойлчихоод байхад энэ мэтийн хуулийн хулгайчтай хариуцлага тооцдог байя. Ганхуяг, Булгантуяа нарын санаачлагч дөрвөн гишүүн энэ асуудлаараа ТЕГ-т тайлбар мэдүүлэг өгөх ёстой. Эрүүгийн хуулийн 19.4.2 болон 19.12.2 дугаар зүйл заалтуудыг уншаад үзээрэй, энэ тухай тодорхой заасан байгаа. Албан тушаалаа ашиглан гадныханд үйлчилсэн, ашиг хонжоо олсон гэх заалтууд ч бий.

Эх орноосоо урвасан гэдэг ял байдаг, хамгийн сүүлд гурван хүн 13 жилийн ял авч байсан нь жилийн өмнөх явдал шүү. Өрөөлийн нутгийн гудамжинд эх орноо л гэж яваа монгол зүрх болгоноос өөрийн нутгийн хойморт өргөс болоод сууж байгаа нөгөө 28 гишүүн ичиж амьдар.


Холбоотой мэдээ