Эмүжин: Энэ залуу зөвхөн утасны араас хашгираад суудаггүй

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-22 05:19:54

Яруу найрагч Р.Эмүжин комедиан Амартүвшингийн талаар ийнхүү бичжээ.

“Амраа…

Амрааг “Миний гэр” реалити шоуны хамгийн ухаалаг оролцогч байхаас нь мэдэх юм. 25 дугаар суваг телевизээс зохион байгуулсан Монголын анхны реалити шоу юм л даа. Нэг л мэдэхэд ” Миний гэр”- ийн оролцогчид бүгд Амраагийн үг, шийдвэр, хандлагыг сонсдог, үзэгчид хүлээдэг болчихсон байсан. Гэтэл одоо тэр комидеан, бас амьдран буй нийгмийнхээ идэвхтэй оролцогч, ардчилсан үзэл баримтлалын төлөө тууштай зүтгэгч, бас охиноо хөтөлсөн 36 настай аав болжээ.

Аав ээжийнхээ хийсэн нарийн боовыг 12 настай байх үеэсээ хотын ТҮЦ, хүнсний дэлгүүрүүдээр явж борлуулдаг байсан Д.Амартүвшин эдүгээ ” Comedy Lab” клубын гишүүн. Яриа, хандлага, ишлэлээс нь түүний маш их уншдагийг мэдэж болно. Улс төр, эдийн засгийн чиглэлээр түлхүү уншихаас гадна клубээрээ дамжуулан орчин цагийн залууст зориулан Айн Рэнд, Марк Скаузен нарын бүтээлүүдийг орчуулан гаргажээ.


Сонирхол, үзэл бодол нэгтэй залуустай хамтран эдийн засгийн онолын чиглэлээр ” Мises Mongolia” ТББ-ыг үүсгэн байгуулсан. Үүгээрээ дамжуулан 2019 онд эдийн засагч, философич, бизнесмэнүүдийг урьж, олон улсын зэрэглэлтэй хурал зохион байгуулж байжээ. Амартүвшин эрх баригчдыг өөрийн өнцгөөс зоригтой, шуудхан, гаргалгаатай, дүгнэлттэй шүүмжилдэг.


Энэ хандлага нь эрх баригчдын дургүйцлийг ч их хүргэдэг. Тэр зөвхөн утасны цаанаас хашгираад суудаггүй. Гарч тэмцдэг, босч үгээ хэлдэг, нийгмээ өөрчлөх гэж зүтгэдэг залуусын нэг. Цүнх баригч байгаагүйнх нь төлөө, албан тушаалтанд долигоноогүйнх нь төлөө, эрх баригчдаас эс хамаарсных нь төлөө Амраа шиг олон залууг буландаж хардаг, бушуухан хорихыг урьтал болгодог нийгмийг өнөөгийн төрийнхөн бүтээчихэж. Төр бараадаж, түрийндээ мөнгө чихсэн нь машины томыг, байрны тансагийг, албан томилолтын үнэтэйг өөрийн болгодог.


Амраа шиг цаг үеэ өөрөө босгож, нийгмээ өөрөө бүтээж, амьдралаа өөрөө цэгцэлж, залуу соргог хандлага, үзэл бодол тээгчдийг адладаг, араас нь түлхдэг, олноос нь салгаж байгаад овоодож чирэхийг урьтал болгодог тийм л Монголд бид одоо амьдарч байна. Өчигдрийн үйл явдал ” Бид хаашаа яваад байна вэ” гэж өөрийн эрхгүй бодоход хүргэлээ.


Амраа, Амраагийн үеийнхэн, Амраа шиг үзэл бодолтой залуус цаашдаа хэрхэх вэ? Яагаад Монгол Улс ардчилсан нийгмийг хөгжлийн чиг баримжаа болгон сонгосон хэрнээ ардчиллын 30 жилд өсч өндийж, үзэл бодол нь төлөвшсөн Амраануудад гишгэх газар олдохгүй болтлоо хумигдаад, хаагдаад, хүчинд хөтлөгдөөд байна вэ? Олон олон Амраа л энэ улс орныг энэ эмх замбараагүй, эрх мэдэлд хэт дулдуйдсан дэлхий дээр цаашдаа авч явах учиртай юм.

Тиймээс тэднийг үргэлж дэмжинэ, тэдэнд орон зай, цаг үеийг нь үлдээхийн төлөө үгээ хэлнэ.” 

Холбоотой мэдээ