ЛЕАНА ВЭН: ВАКЦИНТАЙ ХҮМҮҮС КОВИДООР НАС БАРЖ БАЙГАА НЬ ВАКЦИН ҮР ДҮНГҮЙ ГЭСЭН ҮГ БИШ

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-10-22 22:44:38

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Колин Пауэлл даваа гарагт Ковид-19 өвчний улмаас нас баржээ. Түүнийг вакцинд бүрэн хамруулсан гэж ар гэрийнхэн нь мэдэгдэж байгаа. Тэрээр 84 настай, олон төрлийн миелома буюу цусны хорт хавдартай байсан гэж мэдээллээ. Эрүүл мэндийн ажилтнууд вакцины эсрэг тэмцэгчид Пауэллийг нас барахад вакцин үр дүнгүй байсан гэх мэдэгдэл гаргана гэхээс санаа зовж байгаа юм. Хэрэв та Ковид-19-ийн вакцинд хамрагдсаныхаа дараа нас барах магадлалтай бол вакцин хийлгэх шаардлага байгаа юу? сэдвийн хүрээнд CNN агентлагт анагаах ухааны шинжээч, доктор Леана Вэн ярилцлага өгчээ.

Тэрээр Жорж Вашингтоны их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрүүл мэндийн бодлого, менежментийн профессор юм. Мөн "Нийгмийн эрүүл мэндийн төлөөх эмчийн аялал" хэмээх шинэ номын зохиогч.

-Вакцин хийлгэсэн хүмүүс Ковид-19-ийн  халдвараар нас барж байгаа явдлыг та хэрхэн тайлбарлах вэ?

-Бид шинжлэх ухаан, судалгааны үр дүнг харуулсан зүйлээс эхлэх хэрэгтэй. Ковид-19 вакцин нь өвчин, ялангуяа хүнд өвчнөөс урьдчилан сэргийлэхэд онцгой үр дүнтэй байдаг. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр вакцин Ковид-19-ийн эерэг тохиолдлыг зургаа дахин, нас барах магадлалыг 11 дахин бууруулж байгааг баталсан. Энэ нь  хэрэв та вакцин хийлгэсэн бол вакцинд хамрагдаагүй хүнээс Ковид-19 авах магадлал зургаа дахин бага гэсэн үг юм. Вакцин хийлгээгүй хүнтэй харьцуулахад та Ковид-19-өөр нас барах магадлал 11 дахин бага байна.  Энэ үнэхээр гайхалтай үр дүн гэж би хэлнэ. Гэсэн хэдий ч Ковид-19 вакцин нь таныг 100 хувь хамгаалахгүй. Ямар ч вакцин, бараг ямар ч эмчилгээ 100 хувь үр дүнтэй байдаггүй. Энэ нь вакцин үр дүнгүй гэсэн үг биш, эсвэл та үүнийг хийлгэх ёсгүй гэсэн үг бас биш юм.

-Зарим хүмүүс вакцин хийлгэсэн ч Ковид-19-ийн хүнд үр дагаварт өртөх магадлал өндөр байдаг уу?

-Тийм ээ, генерал Пауэлл энэ ангилалд багтдаг. Ахмад настай, эрүүл мэндийн байдал дордсон хүмүүс хүнд өвчнөөр өвчилж, халдварын дараа нас барах магадлал өндөр байдгийг бид мэднэ. Онцгой эрсдэлтэй хүмүүс бол дархлаа суларсан хүмүүс юм. Олон миелома өвчтэй байх нь генерал Пауэллийг энэ ангилалд хамруулж, мөн нас барах эрсдэлийн түвшинг нэмэгдүүлсэн. Энэ нь нэмэлт тунг зөвлөж буй шалтгаануудын нэг гэдгийг та бүхэн анхаарна уу! Наймдугаар сард холбооны эрүүл мэндийн ажилтнууд, хүнд хэлбэрийн дархлал хомсдолтой хүмүүст Pfizer эсвэл Moderna вакцины тунг өгөхийг зөвлөж байсан. Нэмэлт тунгаар ч гэсэн дархлаа султай хүмүүс нэмэлт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстойг тэд анхааруулж байгаа. Учир нь энэ бол хүнд үр дагаварт өртөмтгий хүмүүсийн ангилал юм.

-Вакциныг хүн бүрд тарьсан тохиолдолд хамгийн сайн үр дүнтэй байдаг гэж та өмнө нь хэлсэн шүү дээ?

-Яг тийм. Ковид-19 вакциныг маш сайн борооны цув гэж бодоорой. Шиврээ бороо ороход таныг маш сайн хамгаалдаг. Гэхдээ хэрэв та аянга цахилгаантай бороо орж, дараа нь хар салхи ирвэл нойтон болох магадлал өндөр байна. Энэ нь таны борооны цув согогтой гэсэн үг биш юм. Энэ нь цаг агаар муу байгаа гэсэн үг. Зөвхөн борооны хүрэм таныг ширүүн борооноос үргэлж хамгаалж чадахгүй байж магадгүй юм. Хэрэв та маш их вирусийн дунд байгаа бол энэ нь халдвар авах магадлалыг нэмэгдүүлдэг. Асуудал нь вакцин биш таны эргэн тойронд хэт их вирус байгаатай холбоотой юм. Тиймээс л аль болох олон хүнийг вакцинд хамруулах нь чухал юм. Энэ нь халдварын ерөнхий түвшинг бууруулж, хүн бүрийг хамгаалах болно. Хэрэв та вирус ихтэй бүс нутагт байгаа бол олон хүн цугларсан газар маск зүүх нь хамгаалалтын нэмэлт түвшин юм. Бид вакцин хийлгэж эргэн тойрны хамгийн нандин хүмүүсээ давхар хамгаалах шаардлагатай гэдгийг мартаж болохгүй. Зургаан сарын хугацаанд 13 мужид хийсэн судалгаагаар бүрэн вакцинд хамрагдсан хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дөнгөж дөрвөн хувийг эзэлдэг болохыг тогтоосон. Эмнэлэгт хэвтсэн шинэ тохиолдлууд нь ихэвчлэн өндөр настай аль эсвэл олон төрлийн эрүүл мэндийн өвчинтэй хүмүүс байгаа юм.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ