Австралийн нийслэлд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулжээ

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-10-31 23:27:18

Австралийн нийслэл Канберра хотын бүсэд “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлах үүднээс тогтоогоод байсан хязгаарлалтын арга хэмжээнүүдийг өнөөдрөөс сулруулж, оршин суугчид гадуур явахдаа амны хаалт зүүх шаардлагагүй болжээ.

Мөн Канберра дахь театр, кинотеатр гэх мэт үзвэр үйлчилгээний газрууд наймдугаар сарын эхэн үеэс хойш анх удаа 75 хүртэлх хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаагаа сэргээх боломжтой болж байна. Айл өрхүүдийн хувьд 10 хүртэлх зочин хүлээн авч, гадаа талбайд 30 хүн нэг дор цуглахыг зөвшөөрнө. 

Нийслэл хотын бүс нь вакцинжуулалтын үзүүлэлтээрээ Австралидаа тэргүүлж байгаа бөгөөд 12 болон түүнээс дээш насны оршин суугчдын 92 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан байна. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 1934 тохиолдол илэрсэн бөгөөд тэдгээрийн 10 нь нийслэл хотын бүсэд бүртгэгджээ. 

Эрүүл мэндийн сайд Грек Хантын мэдээлснээр, улсын 50-иас дээш насны хүн амын 85.2 хувь, 70-аас дээш насны хүн амын 90 орчим хувь нь вакцины бүрэн тунд хамрагджээ. Мөн цаашид “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийг гэртээ эмчлүүлэхэд зориулан анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад 180 сая австрали.долларын санхүүжилт олгоно гэдгийг мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: КАНБЕРРА. /ABC/


Холбоотой мэдээ