Ирээдүйд хүмүүс сансарт амьдарч, дэлхийг үзэх гэж ирдэг болно гэв

Шинжлэх Ухаан
khiimori.co@gmail.com
2021-11-15 00:11:47

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, Амазоны Жэф Безос өнгөрсөн Лхагва гарагт Вашингтон хотод зохион байгуулагдсан 2021 Ignatius Forum чуулганд оролцохдоо хүн төрөлхтний ирээдүйн талаар өөрийн төсөөллийг ярьжээ.

Тэрбээр сансрын аялал жуулчлалын Blue Origin компанийг байгуулж, сүүлийн дөрвөн сарын хугацаанд хоёр удаа нислэг зохион байгуулаад байгаа.

Чуулганы үеэр Безосын ярьснаар бол ирээдүйд сансрын уудамд хүмүүсийн байгуулсан хиймэл колонийн байгууламжууд олноор бий болох гэнэ. Сансрын уудамд хөвж, эргэлдэж байдаг цилиндр хэлбэртэй эдгээр байгууламжуудын нэг нь нэг сая хүн амьдруулах багтаамжтай байх ажээ.

Эдгээрт бас дэлхийн цаг агаар, татах хүчийг зохиомлоор бий болгож, гол урсаж, модод ургаж байх гэнэ.

“Ирэх зуунуудад олон хүн сансарт мэндлэх болно. Тэдний эх орон нь дэлхий биш, сансар байх юм. Тэд сансрын хиймэл колониудад ажиллаж, амьдарна. Өнөөдөр бид Еллоустоуны Үндэсний Паркийг үзэх гэж очдог шиг, тэд дэлхийг үзэж сонирхох гэж ирдэг болно” гэж Безос ярьжээ.

Безосын үзэж байгаагаар сансарт хиймэл колониуд бий болгох нь өөр гарагт амьдрал шинээр бий болгохоос илүү хялбар байх гэнэ. Ихэнх аж үйлдвэрүүдийг сансарт шилжүүлснээр эх дэлхийгээ цэвэр, ариун газар болгох нь түүний зорилго юм.

“Ангарагийн уур амьсгалыг өөрчилж, амьдрах орчин үүсгэх нь маш хэцүү. Ингэж чадлаа ч хоёр дахь дэлхийг л бий болгоно” гэж Безос чуулганы үеэр хэлсэн байна.

Жэф Безосын өрсөлдөгч SpaceX-ийн Илон Маск дэлхийн гадна амьдрал бий болгох тал дээр өөр үзэл бодолтой байдаг. Ангараг зэрэг бусад гарагийг колоничлох нь Маскийн гол зорилго юм.

Тэр нэг удаа Ангарагийг амьдрах боломжтой дулаан гарагт болгохын тулд тус гараг дээр цөмийн бөмбөг дэлбэлэх санааг хүртэл ярьж байв.

2019 онд болсон нэгэн арга хэмжээний үеэр ярихдаа тэр Жэф Безосын санааг үл бүтэх мөрөөдөл гэж хэлж байсан удаатай.

“Сансарт хиймэл колони бий болгох нь Атлантын далайн дунд АНУ-ыг шинээр байгуулах гэж оролдохтой ижил юм” гэж Маск тухайн үед ярьж байжээ.

Эх сурвалж: Business Insider

Холбоотой мэдээ