Беларусь улсаас мах, сүүний чиглэлийн 9,000 үхэр хөнгөлөлттэй зээлээр авахаар болжээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-11-17 12:39:01

Манай улс Беларусь улсаас мах, сүүний чиглэлийн 9,000 үхрийг хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр оруулж ирэхээр болжээ.

Энэ тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан "Хөдөө аж ахуйн салбарт эрчимжсэн мал аж ахуйг дэмжих чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Энэ хүрээнд Беларусь улсаас нийт 9,000 орчим хүрийг хөнгөлөлттэй зээлээр авахаар болсон. Үүнээс 5,000 орчим нь сүүний чиглэлийнх, махны чиглэлийн 4,000 үхэр байх юм.

Тэдгээрийг оруулж ирсний дараа иргэдэд урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд аж ахуйн нэгжүүд тэдгээр үхрийг өсгөж, цөм сүрэг бий болгож тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх боломжоор хангана. Гэрээний дагуу эхний ээлжийн үхрүүд энэ онд багтан орж ирнэ.

Мөн ирэх жилийн хаврын тариалалт болон намрын ургац хураалтад зориулж  Беларусь улсаас 6 сая еврогийн тоног төхөөрөмжийг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлүүлэхээр гэрээ, хэлцлийг хийгээд буй" гэсэн юм.

"Монгол үхрийг фермжүүлээд сүүг нь авахад зардал нь ашигтай ажиллагааг хангахгүй"

Түүнлэн тэрбээр "Бид уламжлалт мал аж ахуйгаа хөгжүүлж, экспортод гаргана. Ингэхийн тулд бид малаа эрүүлжүүлэх ёстой. Өнгөрсөн жилийн байдлаар манай улсад 67 сая толгой мал байсан. Энэ жил 20 орчим сая мал нэмж хүлээж авсан байх. Бид эдгээр малаа бүсчилж эрүүлжүүлэх ёстой.

Баруун аймгаас эхлээд бид малаа эрүүл өсгөж байсан ч харамсалтай нь Ховдын Булган сумаар Хятадын талаас хилийн тасарсан тороор шүлхийтэй үхэр орж ирсний улмаас өвчин тархсан. Баруун талаасаа үе шаттайгаар малаа эрүүлжүүлэхээр ажиллаж байгаа.

Манай улсын гаднаас импортолж байгаа дээрх үхрүүд эрчимжсэн мал аж ахуйн чиглэлийнх.

Тодруулбал, манай улсад мах, сүүний чиглэлийн цэвэр үхэр маш цөөхөн. Сүүний үйлдвэр, сургуулийн хүүхдүүдийн сүүний хэрэглээг уламжлалт мал аж ахуй буюу фермийн бус аргаар бэлтгэхэд стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа юм.

Тиймээс фермерийн үйл ажиллагаа явуулахад зардлаа нөхөх хэмжээний цэвэр үхрийг л оруулж ирэх гэж буй.

Монгол үхрийг фермжүүлээд сүүг нь авлаа гэхэд тэнд гарах зардал нь ашигтай ажиллагааг хангахгүй. Ферм чиглэлийн үхрүүдийг Монгол малтай холихгүй бөгөөд чиглэл, чиглэлээр нь л өсгөнө.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эрчимжсэн мал аж ахуйн чиглэлийн нийт 9,000 орчим цэвэр үхэр бий. Үүний ихэнх нь сүүний чиглэлийнх бол 2,000 орчим нь махны чиглэлийнх байна. Энэ нь өөрөө дотоодын хэрэглээг хангаж дийлэхгүй буу эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл явуулахад хангалттай тоо биш.

Энэ чиглэлээр бизнес эрхлэх хүсэлт аж ахуйн нэгжүүд олон байдаг ч цэврээр нь өсгөх сонирхолтой байдаг" хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

Холбоотой мэдээ