Европын Эмийн агентлаг коронавирусний эсрэг “Merck”-ийн эмийг яаралтай журмаар хэрэглэх зөвлөмж гаргажээ

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-11-21 01:54:14

БРЮССЕЛЬ. /Reuters/. Европын Холбооны /ЕХ/эмийн хяналтын байгууллага “COVID-19” халдварын нөхцөл байдлыг харгалзан үзсэний дүнд “Merck” компанийн вирусний эсрэг, дотуур ууж хэрэглэдэг эмийг гишүүн орнууддаа яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрсөн зөвлөмж гаргажээ.  

“Америкийн “Merck”, Ridgeback Biotherapeutics” компанид гарган авсан “Молнупиравир” эмийг хүндээр өвчлөх эрсдэлтэй ч хүчилтөрөгчийн эмчилгээ шаардлагагүй насанд хүрсэн хүмүүст халдварын шинж тэмдэг илэрсэн эхний таван хоногийн дотор уулгах боломжтой" гэж Европын Эмийн агентлаг /EMA/ баасан гарагт мэдэгджээ. 

ЕХ-ны орнуудад өвчлөл, нас барсан тохиолдлын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан “Merck”-ийн эмийг албан ёсны зөвшөөрөл гарахаас нь өмнө хэрэглэж эхлэх хүсэлтэй байгаа орнуудын эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэхийн тулд энэхүү зөвлөмжийг гаргаж буйгаа тус агентлаг мэдээлсэн байна. 

Одоогоор Герман, Нидерланд, Австри, Унгар зэрэг Европын хэд хэдэн оронд халдварын үзүүлэлтүүд эрс нэмэгдэж байгаа нь эрх баригчдыг хязгаарлалтын арга хэмжээнүүдийг дахин тогтоосон хүндхэн өвөл ирж болзошгүйд санаа зовниход хүргээд байгаа юм.

Өнгөрсөн сард танилцуулсан эмнэлзүйн туршилтын үр дүнгээр, “Молнупиравир”-ыг хүндээр өвчлөх эрсдэлтэй өвчтөнүүдэд эрт уулгаснаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, улмаар нас барах эрсдэл нь 50 хувиар буурчээ. Мөн “Дельта“ гэх мэт коронавирусний хувилбаруудын эсрэг үр дүнтэй байгааг “Merck” мэдээлсэн байна. 

Энэ сарын эхээр Их Британи уг эмэнд зөвшөөрөл олгосон дэлхийн анхны орон болсон юм. Тодруулбал, Их Британийн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын газар шинжилгээний хариу эерэг гарч, шинж тэмдэг илэрснээс таван хоногийн дотор ууж эхлэхийг зөвлөжээ.

Merck” мөн эмээ АНУ-д хэрэглэх хүсэлтийг холбогдох байгууллагуудад хүргүүлээд байгаа бөгөөд Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ үүнтэй холбоотой шийдвэрийг ойрын хугацаанд гаргах төлөвтэй байна. Цар тахлын улмаас өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд таван сая гаруй хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ