Ээжийгээ ятган хувьцааны данс нээлгэж, 25 сая воныг 39 сая вон болгож чадсан Солонгос хүү

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-11-22 12:03:59

Өмнөд Солонгост амьдардаг 12 настай Квон Жүн хэмээх хүү цэвэр өөрийн хичээл зүтгэлээр 39 сая воны хөрөнгө босгож чадсан тул багагүй шуугиан тариад байна. Тэрээр 7 настайгаасаа эхлэн тоглоомон машин зарж, мөнгө олж эхэлсэн аж. Эцэст нь 12 нас хүрснийхээ дараа Квон хөрөнгийн зах зээл дээр хүчээ үзэхээр шийдсэн нь жинхэнэ нүдээ олсон хэрэг болжээ. 

Квон хүү тоглоомон машин зарахын зэрэгцээ автомат тоглоомноос мөнгө олж эхэлсэн бөгөөд олсон бүхнээ хадгаламжинд хийдэг болсон аж. Ингэж явсаар ухаалаг хүү 12 настайдаа 25 сая вон цуглуулаад байжээ. 

Тэгтэл түүнд нэгэн санаа орж ирэв. Хөрөнгийн зах зээл цар тахлын нөлөөгөөр уналтад орж эхэлснийг анзаарсан Квон ээжийгээ ятгаж чадсанаар хувьцааны данс нээлгэж, ханш нь унасан томоохон компаниудын хувьцааг арай хямд авч чаджээ. Үүнээс хэдхэн сарын дараа хөрөнгийн зах зээл эргэн сэргэх үед 25 сая воноор худалдаж авсан хувьцаа нь 43 хувиар өсч, 39 сая воны үнэлгээтэй болсон гэнэ. 



Өмнөд Солонгосчуудын хувьд боловсролоос чухал зүйл гэж байдаггүй. Тус улсын ихэнх иргэд сайн сургуульд сураад, том компанид өндөр цалинтай ажил олж хийх нь сайхан амьдралд хүрэх цорын ганц зам гэдэгт итгэдэг. 

Тиймээс ихэнх иргэд дунд сургуулиас эхлээд маш шахуу хувиартай суралцаж хүүхэд нас гэдэг зүйлийг мэдэлгүй нас бие гүйцдэг байна. Харамсалтай нь сайн сургуульд хүн бүр элсэх боломж байхгүй. Үүний дээр хөдөлмөрийн зах зээл байнга өөрчлөгдөж байдаг учраас том сургуулийн дипломтой хүмүүс ч ажилгүй үлдэх нь элбэг. 


Энэ мэт шалтгааныг тооцож үзсэн Квон хүүгийн эцэг нь эх нь хүүгээ хичээлээр дарахын оронд хөрөнгийн зах зээлийг судлах боломж олгохоор шийджээ. Тэдний үзэж байгаагаар ингэсэн нь хүүгийнх нь ирээдүйд илүү сайн хөрөнгө оруулалт болж чадах аж. 

Квоны үеийн хүүхдүүд ямар их сургуульд орохоо төлөвлөж эхэлдэг. Харин тэрээр одоо байгаа хувьцаагаа 10-20 жилийн турш эргэлдүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тэр үед үнэлгээ нь хэдэн арав дахин өссөн байх гэнэ. Ийнхүү тэрээр 12-хон настайдаа санхүүгийн ирээдүйгээ баталгаатай болгож чадсан байна. 


Квоноос үлгэр жишээ авсан мянга мянган өсвөр насныхан мөн хувьцаа судалж, хөрөнгө оруулалт хийж эхэлжээ. 

Сонирхуулахад 2020 онд цар тахлаас үүссэн хямралын дараа Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээл сэргэж эхэлсэн бөгөөд хамгийн том 50 компанийн үнэлгээ огцом нэмэгдэж их хэмжээний ашиг хөрөнгө оруулагч нартаа өгсөн юм. Үүнийг дагаад тэрхүү компаниудад нэмж хөрөнгө оруулах хүмүүсийн тоо нэмэгдсэн байна. 




Холбоотой мэдээ