"Гэртээ ганцаараа" киноны Маколэй Калкины амьдралыг эцэг нь хэрхэн балласан бэ?

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-11-22 12:26:32

Бага насандаа нэрд гарсан хүүхдийн эцэг эх нь яваандаа "шуналын тулам" болж хувирах нь элбэг. Өөрсдийн амар амьдралыг бодсон томчууд төрсөн үрээ мөнгө хэвлэдэг машинаас өөрцгүйгээр бодож, хүнлэг бусаар харьцаж эхэлдэг юм. Чухамдаа 90-ээд оны хамгийн алдартай жүжигчдийн нэг Маколей Калкин (Macaulay Culkin) ийм явдлын золиос болсон юм. 

Маколей Калкины аавыг Кит Калкин гэдэг аж. Тэрээр залуу насандаа жүжигчин болохыг хүсдэг байсан учраас Нью-Йорк хотын нэгэн театрт ажилд орсон байна. Удаан зүтгэсний хүчинд "Лир Ван" жүжгийн гол дүрд сонгогджээ. Гэвч тэрээр яг жүжгийн дундуур ухаан алдаж, үзэгчийн суудал руу унаснаас болоод урлагийн ертөнцийг үүрд орхихоор шийдэв. Ингээд тэр оронд нь Католик сүмийн манаачаар ажилд орсон байна.

Тэрээр Патрисия Брентрап хэмээх бүсгүйтэй 1974 онд гэрлэж, ойр ойрхон зайтай 5 хүү, 2 охинтой болсны нэг нь Маколей юм. Маколейн ярьснаар тэд Нью-Йорк хотод, жижиг байранд амьдардаг байсан учраас гэртээ ёстой л "лаазалсан загас" мэт байцгаадаг байжээ. Ариун цэврийн өрөөнөөс бусад тасалгаанууд нь хаалгагүй гэхээр ямаршуухан байдалтай аж төрдөг нь төсөөлөгдөнө.


Тэдний гэрээс холгүйхэн жижиг театр байсан бөгөөд тэнд Китийн танилууд ажилладаг байв. Нэг өдөр театрын найз нь жүжигт тоглуулах хүүхэд хэрэгтэй боллоо гэхэд нь Кит "Надад 7 байна. Хүссэнээ сонго" гэж хариулжээ.

Ингэж 6 настайдаа Маколей урлагын ертөнцөд хөл тавьсан байна. Аав нь манаач, ээж нь операторын ажил хийдэг байсан учраас Калкинийхан маш тарчиг амьдралтай байв. Маколей хүү тоглолт дууссаны дараа үзэгчдийн суудал дундуур мөлхөж задгай мөнгө түүдэг байсан тухай дээрх театрын найруулагч дурссан юм. 


Ямартаа ч Маколейн авъяасыг олж харсан хүмүүс сурталчилгаанд урьж тоглуулсан бөгөөд 1985 онд тэрээр телевизийн цувралд хүртэл гараад амжжээ. Ийнхүү бага сага дүр бүтээж явсаар 1989 онд "Uncle Buck" хэмээх багагүй амжилт олсон инээдмийн кинонд тоглох боломж олдов. Тэр үеийн хамгийн алдартай кино зохиолчдын нэг Жон Хьюз тус киноны зохиолыг бичсэн бөгөөд Маколей түүнд үнэхээр таалагдсан учраас дараагийн кино болох "Гэртээ ганцаараа"-ийн гол дүр болгохыг найруулагч Крис Колумбусаас хүссэн аж. 


Ийнхүү ядуу гэр бүлээс гаралтай жаал маань дэлхийн хамгийн алдартай хүмүүсийн нэг болсон юм. Чухамдаа ямар их амжилт олсон нь түүний авсан цалингаас харагдана. "Гэртээ ганцаараа" киноны эхний ангиас Маколей 110 мянган ам.долларын хөлс авсан бол энэ тоо 2-р анги дээр 4.5 сая болж нэмэгджээ. 

1990 онд "Гэртээ ганцаараа" нээлтээ хийснээс хойших 4 жилийн хугацаанд 9 бүрэн хэмжээний кинонд гол дүр бүтээсний дээр тоймгүй олон телевизийн бүтээл, сурталчилгаанд тоглосны дараа Маколей түр хугацаанд жүжигчний амьдралаас холдох хэрэгтэй болсон юм. Насанд хүрсэн хүмүүс хүртэл ийм ачаалалтай ажилласнаас болоод сэтгэл зүй нь хямардаг учраас хөөрхүү хүү сургуульд дахин явж, энгийн амьдралдаа орохыг хүссэнд гайхах зүйлгүй. 


"Kind Son" кинонд 1992 онд тоглосныхоо дараа Маколей түр амсхийхийг ааваасаа гуйжээ. Тэгтэл Кит хүүгийнхээ гуйлтыг юман чинээ бодоогүй байна. Үүний дараа тэрээр ээждээ амралтаар юу хийх тухайгаа ярьсан ч татгалзсан хариу авсан аж. Тэгээд зогсохгүй ээж нь Маколейд ойрын хугацаанд дан зураг авалттай учраас юу ч төлөвлөх хэрэггүй хэмээн тулгасан гэнэ.

Бүр түүний хүүхэд насандаа тоглосон 15 киноны заримынх нь зохиолыг уншиж ч үзээгүй мөртлөө аав ээж нь хүүгээ тоглуулах зөвшөөрөл өгдөг байв. Хожим нь Маколейн дүү Кайран ахыгаа 20 нас хүрээд үнэхээр кинонд тоглох дуртай эсэхдээ эргэлзэж эхэлсэн хэмээн ярьсан юм. 


Том хүүгээ алдрын оргилд хүрч асар их хэмжээний мөнгө олж эхэлсний дараа эцэг эх нь шууд ажлаасаа гарч хүүхдийнхээ карьерийг өсгөхөд хамаг анхаарлаа зориулах болов. 

Кит кино студиудээс маш их мөнгө нэхэх болсны дээр хүүгийнхээ амьдралыг бүхэлд нь хянах болсон бөгөөд үгнээс нь гарах тухай бодоод ч хэрэггүй байв. 

Түүний шунал нэг явдал дээрээс тод харагдана. "20th Century Fox" компани "Гэртээ ганцаараа"-ын 2-р ангийг хийх санал тавих үед Кит хүүгээ "Kind Son" хэмээх киноны гол дүрээр бас сонгохгүй бол зөвшөөрөхгүй гэх хариуг өгсөн юм. Тэгээд зогсохгүй тэрээр найруулагч болон жүжигчдийг өөрийн үзэмжээр солиулах гэж оролдсонд "20th Century Fox" бүгдийг нь ёсоор болгожээ. Мөн ийм их өөрчлөлт хийснээс болж киноны зардал 3 нугарсан аж.


Сонирхолтой нь "Kind Son" нь 17-оос дээш насныханд зориулсан триллер кино бөгөөд Маколей өхөөрдөм сэргэлэн хүү биш ээжийгээ алахыг оролддог харгис нэгний дүрийг бүтээдэг юм. 

Мэдээж Маколейг үзэх гэсэн хүмүүс овоорч байсны хүчинд тус кино багагүй ашиг олсон байна. Гэвч удалгүй хүмүүс түүнээс залхаж эхэлсэн учраас "The Page Lord", "Richie Rich" зэрэг кинонууд нь бүтэлгүйтэв. Ялангуяа "Richie Rich" үнэхээр бага мөнгө олсон учраас Маколейн хүүхэд насны карьер дууссан гэхэд болно. Харин тэрээр энэ явдлыг амьдралынх нь хамгийн сайхан мөч хэмээн дурсдаг байна. Учир нь үүний тусламжтай Маколей эцэст нь нэг юм кино ертөнцөөс хөндийрсөн гэдэг. 


Маколей аавынхаа тухай 2018 онд өгсөн ярилцлага дээр "Би надад хайргүй хүнтэй нэг өрөөнд гацсан юм шиг л байсан. Тэр бол үнэхээр харгис, муу хүн. Харамсалтай нь тэр бас миний ажлын нэг хэсэг байсан учраас ангижрах арга байгаагүй" гэж дурссан аж.

Түүний дүү нар ч гэсэн Маколейн ярьсан болгон үнэн болохыг нуугаагүй байна. Мөн Кит Маколейд онцгой хатуу ханддаг байсан гэдгийг ойрын хүмүүс нь бүгд баталдаг. 

Кит эхнэр Патаасаа 1995 онд салахдаа хүүхдүүдийнхээ асран хамгаалах эрхийн төлөө шүүхдэлцэв. Энэ үеэр тэдний гэр бүлийн тухай эвгүй баримтууд ил болсон байдаг. Тэрээр эхнэр хүүхдээ үргэлж дарамталж, зоддог байсан хэмээн Пат мэдүүлсэн бол "Гэртээ ганцаараа" киноны найруулагч Крис Колумбус ч үүнийг нь баталжээ.


Гэхдээ эцэг эх нь хүүхдүүдийнхээ асран халамжлах эрхийн төлөө бус, харин Калкины гэр бүлийн орлогын 15 хувийг булаацалдсан юм. Учир нь Кит бусад хүүхдүүдээ ч гэсэн од болгохоор төлөвлөж байсан бөгөөд эхнэр нөхөр хоёр тэднээс мөн хэдэн саяыг олно гэж найдаж байжээ. Ганцхан Маколейн эгч, 2000 онд харамсалтайгаар нас барсан Дакота л зураг авалтын талбай дээр хөл тавиагүй аж. 

Аз болоход түүний кинонд тоглож олсон мөнгийг "Куганы хууль"-иар хамгаалсан байна. 1920-иод онд Чаплины "Хүүхэд" киноны ачаар бага насандаа алдартай болсон жүжигчин Жеки Куган тэр үедээ нэлээд их мөнгө олж байжээ. Харин 1930-аад онд их хямрал нүүрлэж Куганд дүр олдохоо больсон бөгөөд эцэг эх нь харин бүх хөрөнгийг нь үрэн таран хийсэн нь илэрсэн аж. Үүнийг Куган мэдээд шүүхэд хандсан байдаг. Энэхүү явдлаас улбаалан насанд хүрээгүй жүжигчдийн олсон орлогыг хамгаалах "Куганы хууль" батлагдсан юм. 


Ямартаа ч шүүх хурал дээр Пат нөхрөө том хүүгийнхээ карьерыг үрэн таран хийсэн хэмээн буруутгасан аж. Энэ нь ч үнэний ортой. Учир нь хүүгээ ид мандаж явахад нь продюсерүүдийг байнга дарамталдаг байснаас болоод студиуд Китээс зайгаа барьж, улмаар хүүд нь дүр олдохоо больсон байна. 

Эцэст нь ээж нь хүүхдүүдийнхээ асран хамгаалагч болсон бөгөөд Кит тэтгэвэртээ гарсан юм. Тэр цагаас хойш тэрээр том хүүтэйгээ холбоо бариагүй. 2016 онд Кит Калкин Daily Mail-д өгсөн ярилцлагадаа өөрийгөө хүүгүй хүн хэмээн мэдэгдсэн байна. Учир нь түүнийг зүрхний шигдээс болоход нь Маколей утсаар ч яриагүй аж. 


"Гэртээ ганцаараа"-гийн од маань өдгөө 41 нас хүрч явна. Түүний хувийн амьдрал нь нэг хэсэгтээ зовлон бэрхшээлээр дүүрэн байсан ч тэдгээрийг амжилттай даван туулсан байна. Маколей өөрийнхөө дуртай зүйлсийнхээ төлөө амьдарч байгаа нь хамтлаг байгуулж, подкаст хөтөлж, найзуудынхаа хамтаар жижиг хэмжээний кино бүтээж, загварын шоунд оролцож байгаагаас нь харагдана. Одоо тэрээр дахин дэлгэцийн бүтээлд тоглох дуртай болсон байна.

Намтартаа Маколей эцгийнхээ талаар нэг ч удаа сайнаар дурсаагүй гэнэ.Тэрээр эцгийнхээ харгис авирыг атаархалтай холбон тайлбарлажээ. Эцсийн эцэст Китийн мөрөөдөөд ч олж чадаагүй бүх зүйлийг Маколей 10 настайдаа л гүйцэлдүүлж чадсан юм. 


Холбоотой мэдээ