“ОМИКРОН ХУВИЛБАР НЬ ДЕЛЬТАГ БОДВОЛ ХӨНГӨН ШИНЖ ТЭМДЭГТЭЙ, ГЭРЭЭР ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙ”

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-11-30 09:26:21

Коронавирусийн шинэ мутаци үүссэн байж болзошгүй талаарх анхны сэжүүрийг гаргасан Өмнөд Африкийн Анагаах Ухааны Нийгэмлэгийн дарга, эмч Анжелик Көүтзе “омикрон” мутац нь дельта хувилбартай харьцуулахад хөнгөн шинж тэмдэгтэй бөгөөд гэрээр эмчилж болох талаар мэдээлжээ.
Тус улсын Халдварт өвчин судлалын үндэсний институтээс  арваннэгдүгээр сарын 14-16-ны хоорон дахь шинжилгээний сорьцноос дахин шинжилгээ хийснээр омикрон хувилбарыг арваннэгдүгээр сарын 25-нд албан ёсоор нээн тогтоосон.
Арваннэгдүгээр сарын 18-ны өдөр хоёр өдрийн турш толгой өвдсөн, бие сульдсан шинж тэмдэгтэйгээр нэгэн иргэн түүний хувийн эмнэлэгт хандсан байна. Шинжилгээгээр тухайн иргэн болон гэр бүлийнхэн нь эерэг гарчээ. Мөн тухайн өдөр адил шинж тэмдэг бүхий өвчтөнүүд эмнэлэгт хандах болсноор шинэ мутаци үүссэн байж болзошгүй гэх сэжүүрийг гаргасан байна.

Омикрон хувилбарын үед 1-2 өдөр толгой болон бие сульдах, ядрах шинж тэмдгүүд голчлон илэрч байна.  Коронавирусийн бусад хувилбаруудтай харьцуулахад үнэр амт алдахгүй, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ буурахгүй гэв.

Омикрон хувилбараар халдварлаад буй хүмүүс нь 40 болон түүнээс доош насныхан байсан бөгөөд хагас нь вакцин хийлгээгүй байсан. Тиймээс хэдий шинж тэмдэг хөнгөн ч вакцин хийлгээгүй болон ахмад настан, хууч өвчтэй хүмүүст хүнд тусах вий гэж санаа зовж байгаа талаараа Анжелик Көүтзе эмч хэлжээ.

Эх сурвалж: Reuters.com



Холбоотой мэдээ