С.Энхболд: Омикрон хувилбарт тохируулсан вакцины судалгаа хийгдэж байна

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-12-14 08:11:02

Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдаанд Эрүүл мэндийн салбараас Омикрон хувилбарын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, Эрүүл мэндийн сайд болон бусад албаны хүмүүсээс хариулт авлаа.

Омикрон хувилбарын шинж тэмдэг

-Хамраас нус гоожих

Ханиалгах

-Ядрах

-Бага хэмжээгээр халуурах

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Омикроныг илрүүлэх боломж бүрдсэн үү?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Омикрон хувилбарыг ПСР шинжилгээгээр илрүүлэх боломжтой. ДЭМБ-ын зөвлөмжөөр ХӨСҮТ-д аппарат суурилуулж, шинжилгээ хийж, хувилбаруудаа тодорхойлдог болсон байгаа.

-Бүүстэр тун хийлгэсний дараа Омикроны вакцин хийлгэнэ гэсэн үг үү?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: -Зарим улсад вакцины IV тунгийн асуудал яригдаж байгаа. Ихэнх улс бүүстэр тунг эрчимжүүлж байна. Омикрон хувилбарын онцлогт тохируулсан вакцины судалгаа эрчимтэй хийгдэж байна. Вакцин одоохондоо гараагүй.

-Коронавирусийн дараах хам шинж гэдэг ноцтой зүйл үүслээ. Үүний дараа эрүүл мэндийн асуудалтай хэсэг бүлэг бий болох вий. Үүнд зөвлөмж өгөх ажил хийгдэж байна уу?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Ковидын дараах хам шинжийн талаар иргэдэд зөвлөмж, зөвлөгөөг эрчимтэй явуулж байна. үүнтэй холбоотой удирдамж гаргасан. Үүний дагуу эрүүл мэндийн байгууллага, нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнг иргэдэд зөвлөгөө өгч байна.

-Омикроны нууц хугацаа хэдэн хоног вэ?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: -Омикрон хувилбарын нууц үе одоогоор 2.5 хоног байна. Эмнэлзүйн нууц хугацаа нь маш богино, халдварлах чадвар хурдан байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Иргэд юу анхаарах вэ? Иргэдийг айлгаж, сэтгэлзүйгээр тоглодгоо болиорой.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Бид иргэдэд халдвар хамгааллын дэглэмээ барихыг байнга хэлж байгаа. Мөн шаардлага хангасан амны хаалтыг тогтмол зүүж, бүүстэр тундаа идэвхтэй хамрагдахыг зөвлөж байна. Бид дотоодод хийсэн судалгаанд үндэслэн III тунг хийж байгаа.

-Вакцины IV тунгийн асуудал ярьж байна. Өнөөдөр хийсэн бүүстэр тунгийн эсрэг биет ямар хугацаанд хадгалагдаж байгаа вэ?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: -Бидний хийсэн судалгаагаар вакцины хийлгэснээс хоёр сарын дараа титр огцом буурч байна. Хоёр тун хийлгэснээс хоёр сарын дараа эсрэг биеийн титр 20 байсан бол гурав дахь тун хийсний дараа 400 руу очсон. Санамж эсийг маш сайн сэргээж, дархлалын эсүүдийг өдөөж байна гэсэн тооцооллыг хийсэн учраас бүүстэр тунг эрчимтэй хийсэн. Өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн 43 хувийг бүүстэр тунд хамруулаад байна.

Холбоотой мэдээ