Стресстэй ээжээс охин төрөх магадлал хоёр дахин их

Шинжлэх Ухаан
khiimori.co@gmail.com
2022-01-03 23:06:13

Стресс бол орчин үеийн хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөгч нийтлэг хүчин зүйлсийн нэг юм. Хэт их стресс нь зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх, нойргүйдэл, сэтгэл гутрал, таргалалт болон бусад олон өвчин эмгэгийн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлсийн нэг болдог.

Стресс нь гадаад дотоод орчны тааламжгүй хүчин зүйлсэд бие махбодын дасан зохицох физиологийн ашигтай механизм боловч орчин үеийн амьдралын хэв маягт стресс нь өөрөө олон өвчний шалтгаан болж байгаа учир Келли МакГонигалын "Стрессийн эсрэг тал" номд онцлон тэмдэглэснээр эрүүл мэндийн салбарын томоохон зорилго нь стресс хэрхэн зөв тайлах вэ гэдэгт суурилагдах болсон.

Жирэмсэн эхчүүдэд стресс хэрхэн нөлөөлдөг талаар эрдэмтэд удаан хугацааны туршид судалж байна. Жишээлбэл, жирэмсэн үед стрессийн нөлөөгөөр кортизол, эпинефрин, норэпинефриний хэмжээ ихсэх нь ургийн хөгжилд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ гэдэг асуудал ихээхэн анхаарал татдаг.

АНУ-ын Шрайверийн Хүүхдийн эрүүл мэнд, хүний хөгжлийн үндэсний хүрээлэн болон Насанд хүрэгчдийн дотоод шүүрэл судлалын Юнис Кеннедийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хамтарсан судалгаагаар жирэмслэлтийн өмнөх болон жирэмсний үеийн стресс нь эрүүл хүүхэд төрүүлэх магадлалыг бууруулдаг гэсэн дүгнэлт хийгээд байсан юм.

Тэгвэл 2021 онд Journal of Developmental Origins of Health and Disease сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар эхийн стресс нь төрөх хүүхдийн хүйсэд нөлөөлдөг үү гэдэг маш сонирхолтой асуултад хариулт олсон байна. Тэдний судалгаагаар стресс ихтэй эмэгтэйчүүд охин төрүүлэх магадлал хоёр дахин их байдаг байна.

Испани улсын Гранадагийн их сургуулийн эрдэмтэд 108 эмэгтэйн жирэмслэлтийн өмнөх, жирэмсэн үеийн болон төрсний дараах үеийн стрессийн түвшнийг хэмжсэн байна. Мөн стресстэй байгаа эсэхийг үнэлэхдээ тэдгээр эмэгтэйчүүдийн үсний угт агуулагдах кортизолын (стрессийн даавар) хэмжээг тодорхойлж, сэтгэл зүйн сорилуудтай хавсруулан үнэлгээ хийсэн байна.

Судалгааны үр дүнд жирэмслэлтээс өмнө кортизолын түвшин өндөр бөгөөд сэтгэл зүйн сорилоор стресс ихтэй байсан эмэгтэйчүүдээс охин төрөх магадлал нь хоёр дахин их байдаг нь тогтоогдсон байна.

Үүний шалтгааныг тус судалгааны баг дараах шалтгаануудаар тайлбарласан байна.

Хэдийгээр баттай нотлох баримт олдоогүй ч эхийн стресс нэмэгдэх тусам бөөрний дээд булчирхайгаас ялгарах стрессийн даавар болох кортизол нь нэмэгддэг. Үүнтэй зэрэгцэн эмэгтэйн бөөрний дээд булчирхайгаас ялгардаг эр бэлгийн даавар болох тестостероны хэмжээ ч эхийн цусанд нэмэгддэг бөгөөд хүүхдийн хүйс шийдэгдэх механизмд тестостерон нөлөөлдөг байж болох юм.

Өмнөх судалгаануудаас үзэхэд стресс ихтэй нөхцөлд X хромосомтой (хэрэв Х хромосом агуулсан эр бэлгийн эс нь эм бэлгийн эстэй нэгдвэл охин төрнө) эр бэлгийн эсийн өндгөн эсрүү нэвтрэх чадвар нь нь Y хромосомтой (эр хүйсийг хариуцдаг) эр бэлгийн эсээс илүү илүү байдаг нь гэсэн таамаглал дэвшүүлээд байсан нь энэ судалгаагаар дахин нотлогдож байна.

Мөн Y хромосомтой ураг нь X хромосомтой урагтай харьцуулахад удаан хөгждөг, жирэмслэлтийн явцад хүндрэл гарах магадлал өндөртэй байдаг. Үүнд стресс нэмэгдсэнээр Y хромосом агуулсан буюу эрэгтэй хүүхэд эсэн мэнд төрөх магадлалыг улам бууруулдаг байж болох юм.

Нөгөөтээгүүр үүнд үр хөндөлтийн асуудал ч давхар сөхөгдөнө. Y хромосом агуулсан, эрэгтэй ураг тээж буй эмэгтэйд жирэмсний эрт үеийн стресс нь илүү их байдаг ч байж болох юм. Сэтгэл зүйн хувьд дарамт ихтэй ийм нөхцөл нь эмэгтэйчүүдийн хувьд үр хөндүүлэх шалтгаан болсноор стресстэй эхээс эрэгтэй хүүхэд төрөх магадлалыг бууруулдаг ч байж болох юм. Үүнийг тодруулахын тулд судалгааны баг дараагийн судалгаагаараа үр хөндүүлсэн ургийн хүйсэд дүн шинжилгээ хийх ёстой гэж үзэж байна.

Юутай ч энэхүү судалгаа нь жирэмсний өмнөх стресс нь хүүхдийн хүйстэй холбоотой болохыг нотолсон анхны судалгаа болж байна.



Холбоотой мэдээ