Н.Сувд: Бүх зүйлээ үзүүлэн, амьдралыг жүжиг болгож байгаа нь харамсалтай

Урлаг
khiimori.co@gmail.com
2022-01-27 02:02:03

Монголын тайз, дэлгэцийн урлагийн “Сувд”. Эгэл хэр нь энгүй тод туяарч харагддаг, тунарч үлддэг үнэт чулууг ийн нэрлэдэг.

Тэрээр “Зарим хүн ёс жаяг нь дэндэх боллоо гэж л байна. Үүндээ бус, хэт өнгөний болж хувирсан гэж би хэлнэ. Заримдаа би энэ бодол худлаа байгаасай гэхэд хүрдэг шүү.

Амьдралыг жүжиг болгож, хүнд үзүүлэхийн тулд л амьдраад байна уу даа. Тухайлбал, ёс журмаа мэддэг хүн болж харагдах гэж жүжиглэх хэрэг байна уу, угтаа сайн мэдэж байна уу үгүй юу гэдэг чухал.

Хөрөнгө, мөнгө, өнгө зүсээр уралдаад л. Би тайзан дээр үнэн амьдрах гэж сэтгэлээ зориулж байдаг. Гэтэл иргэд амьдралаа жүжиг болгох гэх юм.

Ингээд бодохоор бидний байр солигдчихоод байгаа юм биш үү гэж хэлэхээр найруулагчид “нээрээ тийм” гээд инээлддэг юм. Нэг л хиймэл.

Хүн түвшиндээ тааруулаад л цэвэрхэн хувцаслачихдаг, баяр хөөртэй, сэтгэл түвшин байна гэдэг жаргал. Худлаа гоёж гоодоод, нэгнээсээ илүү гарах гэх нь ямар зовлонтой байдаг бол оо гэж өрөвдөх үе гарах юм.


Тэр нь өөрт нь жаргал байдаг эсэхийг хэлж мэдэхгүй л дээ. Миний бодлоор өөрийн биш амьдралаар үзүүлэн тоглолт шиг амьдрахаар зовлонтой баймаар. Тайзан дээр жүжиглэнэ гэдэг маш хүнд.

Гэтэл энэ нь бидний ажил учраас үүнийг давж гарч байгаа атал амьдралаа жүжиг болгоно гэхээр хэцүү л санагдах юм.


Бүх юмаа үзүүлэн болгож, амьдралаа жүжиг болгохыг харах харамсалтай. Тайзан дээр тоглохын зовлонг би биеэрээ амсаж явна шүү дээ. Гэтэл үүнийг амьдрал дээрээ үүрэх хэрэг байна уу/хөхрөв/.

Дандаа тийм байх хэцүү шүү дээ. Хүнийг ойлгоход гаднаас нь хараад дүгнэх хэцүү л дээ. Өөрт нь ямар байгааг хэлж мэдэхгүй юм.



Холбоотой мэдээ