К.Валиеватай холбосон "Триметазидин" юуны эм бэ. Түүнийг ямар шийтгэл хүлээж байгаа бол?

Спорт
khiimori.co@gmail.com
2022-02-12 06:04:10

ОХУ-ын уран гулгагч Камила Валиевагаас авсан допингийн шинжилгээнд триметазидин илэрсэн гэх таамаг газар авч, Олимпод гаргаад буй амжилтыг нь хэрхэн үзэх тухай хэлэлцүүлэг ид өрнөж байна. Триметазидин гэдэг нь ямар эм юм, спортын амжилтад нөлөөлдөг эсэх, яагаад Камила эм уусан байж болзошгүй, улмаар тамирчны авах медальд ямар хориг арга хэмжээ үүсэж болох зэрэг асуултад Оросын Sports.ru сайтын редактор Вячеслав Самбур спортын эмч Валентин Беляевскийгаас тайлбар авчээ. Валентин Беляевский бол хөл бөмбөг, сагсан бөмбөгийн тамирчидтай ажилладаг эмч юм байна.

–Триметазидины талаар юу хэлэх вэ? 

–Энэ бэлдмэлийн Орос дахь худалдааны нэр Предуктал, Францад Триметазидин гэдэг. Энэ эм эсийн солилцоог дэмждэг учраас эмч нар зүрхний асуудалтай иргэдэд эсийн нөөцийг нь ихэсгэх зорилгоор зонхилон бичдэг. Тамирчин хэрэглэсэн тохиолдолд спортын амжилтад шууд нөлөөлдөг допинг байдаг шүү дээ. Харин триметазидинийг допинг гэж үзэхэд маргаантай.

–Өмнө нь триметазидинээс болж сэлүүрт завины, бобслейн тамирчдыг буруутгаж байсан шүү дээ. 2018 оны олимпод Надежда Сергеевагийн амжилтыг тэглэсэн тод жишээ бий. Тамирчид ямар учраас тримедизин хэрэглэдэг юм бэ? 

–Бүх тамирчинд пульс бага болчихдог нь маш түгээмэл зүйл. Зүрхний цохилт удаашрах, цөөрөхөөс болгоомжилж триметазидин хэрэглэхийг зөвлөнө. Энэ бол зүрхний витамин гэж хэлж болохоор эм юм шүү дээ. Гэхдээ спортод үүнийг хориотой эмийн жагсаалтад оруулдаг. Тамирчин хүн 100 хувийн амжилт гаргах гэж зориудаар үүнийг уух арга зохиосон гэж хэлэх, бусад тамирчин хэрэглэх схем үүгээр тогтсон гэж итгэх аргагүй л дээ. Юуны өмнө энэ удаагийн тохиолдол бол тэнэглэл, тамирчин болон түүний эргэн тойрныхон допингийн эсрэг дүрэм журмын талаарх мэдлэггүй байдлын илэрхийлэл. 

–Триметазидин гэдэг нь тамирчинд хэрэглэхийг зөвшөөрдөг хоол хүнс, бусад бэлдмэлд агуулагддаг уу? 

–Онолын хувьд тийм хувилбар байх бүрэн боломжтой, тохиолдлууд ч гарч байсан. Тиймээс тамирчдыг үргэлж хоол хүнснийхээ хэрэглээг хянахыг анхааруулдаг юм. 

–Триметазидиныг яагаад 18 нас хүрээгүй хүн хэрэглэхэд хориглох заалттай байдаг юм бэ? 

–Насанд хүрсэн хүмүүст өгдөг дийлэнх эмийг хүүхдүүдэд ч бичдэг. Яагаад заримыг нь 18-аас доош насныханд хориглодог вэ гэвэл эмнэл зүйн туршилтад орж амжаагүй эм л гэсэн үг. 

–Арванхоёрдугаар сард авсан допингийн шинжилгээний хариу яагаад одоо ил болж байгаа юм бол. Энэ эмийн онцлогоос болов уу, эсвэл зүгээр л шинжилгээтэй холбоогүй өөр шалтгаанаас, магадгүй хүнд суртлаас болж байна уу?

–Шинжилгээний хариу гарах хугацаа харилцан адилгүй. Шээсний шинжилгээг арванхоёрдугаар сард авлаа гэхэд А дээжийн хариу шууд гарах, Б дээжийнх одоо гарах жишээтэй. А дээжийн хариу одоо л дөнгөж гарч байна гэвэл ийм хувилбар онолын хувьд байж болох ч үндэслэл багатай л юм. Б дээжийг хоёр сарын дараа шинжилж болно. Энэ нь А дээж эерэг гарсан тохиолдолд Б дээжээр нотлох тохиолдолд шүү дээ. Өөрийнхөө туршлагаар өгүүлэхэд, тамирчин өөрийнхөө шинжилгээний хариуг шууд мэддэг, хэвлэлийнхэн дараа нь л олох боломжтой. Хэрвээ хэвлэлийнхэн одоо л мэдэж байгаа бол энэ нь тамирчин өөрөө энэ тухай өмнө нь мэдээгүй явсан гэсэн үг биш. Эхний дээжийн хариу эерэг гарсан тохиолдолд тамирчин 10-14 хоногийн дараа мэдэж, дараа нь тайлбар хэлэх, бичгээр өгөхийн тулд бэлтгэх, магадгүй өмгөөлөгч хөлслөх гэх мэтэд хугацаа авдаг. Үүнд хоёр сарын хугацаа шаардагдаж болно. Ингэж байж Б дээжийн асуудал гарна шүү дээ.  

–Камила Валиевагаас триметазидин маш бага хэмжээтэй илэрсэн гэлцээд байна. Энэ нь шинжилгээ өгөхөөс урт хугацааны өмнө бага тунгаар уусан гэсэн үг үү?

–Бага тунгаар их эрт хэрэглэсэн, биеэс гадагшлахад хангалттай урт хугацаа өнгөрсөн. Шинжилгээгээр бодисын шимэгдсэн байдлыг тогтоодгоос биш яг тухайн бодисыг илрүүлчихдэг юм биш л дээ. 

–Тэгэхээр триметазидиныг жаахан ч гэсэн хэрэглэж болохгүй нь ээ? 

–Жаахан ч гэсэн хэрэглэх ямар шаардлага байгаа юм бэ? Асуудалтай зууралдах гэж л тэр гэж үү? Танд допинг байлаа гэж төсөөлье, 100 мг хэрэглээд амжилт гаргана. Гэтэл амжилтад огт нөлөөлөхөөргүй 10 мг, эсвэл 1 мг-ыг уухад ч шинжилгээний эерэг хариу сонсоно. Амжилт гаргахгүй, тэгээд асуудалтай үлдэх. Ямар утга байна?


Хэрэв Камила Валиеваг сэргээш хэрэглэсэн гэж үзвэл ямар шийтгэл хүлээж байгаа талаар спортын өмгөөлөгч Михайл Прокопецээс тодруулахад "Хэрвээ сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдвол дөрвөн жил тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хасах заалттай. Мөн санаатайгаар хэрэглээгүй гэж үзвэл хоригийн хугацаа хоёр жил болж буурна. Тэр 15 настай учраас онцгой авч үзэх боломжтой" гэжээ. 

Холбоотой мэдээ