БЭЭЖИН-2022: Камила Валиева уран гулгалтын ганцаарчилсан төрөлд оролцох эрхтэй боллоо

Спорт
khiimori.co@gmail.com
2022-02-14 21:43:03

Оросын Холбооны Улсын тамирчин, уран гулгалтын од Камила Валиевагийн асуудлаар Спортын Арбитрын Шүүх хуралдаж, өнөөдөр шийдвэрээ саяхан танилцууллаа.

Шүүхийн шийдвэрийн дагуу Камила Валиева Мягмар гарагт болох эмэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан төрөлд оролцох эрхтэй болов. Тэрбээр алтан медаль хүртэх магадлал өндөртэй тамирчдын нэгээр нэрлэгдэж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт тэрбээр өвлийн олимпын наадмын уран гулгалтын тэмцээнд хосгүй амжилт гаргаж, шигшээ багаа алтан медаль авахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэвч хориотой эм хэрэглэсэн нь тогтоогдсоноор Камила Валиева тэмцээнээ үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болж эхэлсэн билээ.

2021 оны арванхоёрдугаар сард түүний шинжилгээнээс сэргээшийн төрөлд ордог хориотой бодис илэрсэн ч тухайн үед Оросын Сэргээштэй Тэмцэх Агентлаг RUSADA түүний Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцох эрхийг түдгэлзүүлэлгүй хэвээр үлдээж байжээ.

Харин Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) уг шийдвэрийг хууль бус гэж үзээд шүүхэд давж заалдаад байв.

 

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ