15 настай олимпын аваргуудыг төрүүлсэн Этери Тутберидзе гэж хэн бэ

Спорт
khiimori.co@gmail.com
2022-02-18 10:15:03

Өвлийн олимпын хамгийн үзүүштэй, сэтгэл догдлуулсан төрөл яах аргагүй уран гулгалт. Энэ төрөлд үе үеийн олимп болгоноор нэг шинэ од “төрдөг” болоод удаж буй. Ялангуяа 2014, 2018, 2022 он буюу сүүлийн гурван олимпод ОХУ-ын 15 настай уран гулгагчид олимпын аварга болох жишиг тогтоов. Тэгвэл Этери Тутберидзе ОХУ-ын ирээдүйн олимпын аваргуудыг дасгалжуулдаг гэдгийг та мэдэх үү.  

Олны дунд мөсөн хатан хаан гэдгээрээ алдартай домогт дасгалжуулагч Тутберидзе уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн одууд болохЮлия Липницкая /2014 оны Европын аварга, "Сочи-2014” олимпын наадмын багийн төрөлд алт/, Алина Загитова /2018 оны олимпын ганцаарчилсан төрөлд алт, багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн бөгөөд 2018 оны Европын аварга, 2019 оны Европын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль/, Евгения Медведева /2018 оны Пёнчаны олимпын эмэгтэй ганцаарчилсан төрлийн мөнгөн медаль, Европын хошой аварга/, Камила Валиева /2022 оны олимпын багийн төрөлд алтан медаль/ нарыг медальд хүргэсэн билээ. 

ДӨРВӨН НАСТАЙДАА УРАН ГУЛГАЛТЫН ҮЗҮҮЛБЭРИЙГ АНХ ХАРЖ, ЭРГЭЖ БУЦАЛТГҮЙ "ДУРЛАСАН" НЬ

Гүрж гаралтай Этери Тутберидзе 1974 оны хоёрдугаар сарын 24-нд Москва хотод төрсөн. Тэрбээр айлын тав дахь хүүхэд, нэг ах, гурван эгчтэй. Аав нь насаараа үйлдвэрт ажилласан бол ээж нь инженер. Этеригийн уран гулгалттай танилцсан түүх маш сонирхолтой. Тэрбээр дөрвөн настайгаасаа энэ спортоор хичээллэж эхэлсэн байна. Дөрвөн настайдаа ээжийн хамт ахынхаа хоккейн бэлтгэлд очоод уран гулгагчид мөсөн талбайд гулгахыг анх харж, дурласан гэдэг. "Тухайн үед уран гулгагчид надад нисэж буй бяцхан цасан ширхгүүд шиг харагдсан. Тэр цагаас хойш би уран гулгалтын спортод эргэлт буцалтгүй дурласан. Энэ спортоор хичээллэхийн тулд ээжийгээ маш их ятгасан. Эцэст нь эцэг эх минь зөвшөөрч, Евгения Зеликова багшаар анхны алхмуудаа заалгасан. Бэлтгэл өглөөний 06:30 цагт эхэлдэг байв. Аав намайг хүргэж өгөхөөр босохоос өмнө хэдийнэ хувцсаа өмсчихсөн түүнийг хүлээдэг байлаа" хэмээн Этери дурсан ярьжээ. 

Бэлтгэлийн үеэр Тутберидзе нуруугаа гэмтээж, удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн байна. Өсвөр насандаа түүний биеийн өндөр 170 см хүрсэн бөгөөд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ийм өндөртэй байхад амжилтад хүргэхгүйг ойлгосон Этери хосын төрлөөр хичээллэсэн мөн л амжилт олсонгүй. Ингээд мэргэжлийн уран гулгалтаас зодог тайлж буйгаа мэдэгдэж, мөсөн балетын бүжигчин болж,  18 настайдаа АНУ руу нүүжээ.

АНУ-Д ТЕРРОРИСТ ХАЛДЛАГАД ӨРТСӨН НЬ 

Этери мөсөн балетын бүжигчнээр таван жил ажилласны дараа гэрээгээ цуцлав. Тэрбээр Америкт ажиллаж амьдарсан үеийнхээ талаар "Бидний цалин юунд ч хүрэлцдэггүй байлаа. Байр хөлслөх чадваргүй байсан учир бид Христийн сүмийн дэргэдэх орон гэргүй хүмүүст зориулсан байранд амьдардаг байсан" гэв

1995 онд Этеригийн амьдардаг Оклахома-Сити хотод террорист халдлага болсон байна. Тодруулбал түүний амьдарч байсан байранд маш хүчтэй дэлбэрэлт болов. Очих оронгүй болсон Этери, түүний хамтрагчийг гал сөнөөгч гэртээ үнэ төлбөргүйгээр байлган, шинэ ажилд ороход нь тусалжээ.

ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ЗАМНАЛ

Уран гулгалтын дасгалжуулагчийн карьерээ тэрбээр Америкт байхдаа эхлүүлсэн юм. Этери, түүний хамтрагч Николай нар 2000 оноос Сан-Антониод уран гулгалтын төвөө нээж, багшилж эхэлжээ. Тэдний бизнес ашигтай байсан ч Этери эх орондоо буцах шийдвэр гаргасан аж.

Москвад ирсэн даруй ажилд орно гэж бодсон ч түүний зам дардан байсангүй. Хуучны танилууд нь түүнд туслахаас зайлсхийж байсан талаар тэрээр дурсан ярьдаг юм. Уйгагүй хичээсний үр дүнд Оросын Зеленоград гэх жижиг хотод дасгалжуулагчийн ажилд орж, хэдэн жилийн дараа Москва хотын Серебряный мөсөн өргөө рүү шилжжээ. Тэрбээр энэ талаар "Серебряныйд би дасгалжуулагчийн карьерынхаа ОХУ-ын өсвөр, насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээний анхны аварга, Оросын цомын тэмцээний ялагчдыг "төрүүлсэн". Мөн Полина Шелепень, Евгения Медведева зэрэг алдарт шавь нар маань над руу ирсэн" гэжээ.

15 НАСТАЙ ОЛИМПЫН АВАРГУУД БУЮУ TEAM TUTBERIDZE

Этери Тутберидзегийн шавь 15 настай Юлия Липницкаягийн гайхалтай үзүүлбэр 2014 оны Сочигийн олимпод Оросын багт анхны алтан медаль авчрахад голлох үүрэг гүйцэтгэв. Ийнхүү дасгалжуулагч Этери Тутберидзе олонд алдаршсан юм. Оросын уран гулгалтын ертөнц хямарч, сүүлийн арван жил шилдэгт тооцогдох эмэгтэй тамирчингүй болсон байв. Юлия Липницкая 2014 Европын аваргаас алт авсан нь 2006 оноос хойш анхны медаль байлаа. Юлия Липницкаяг Оросын уран гулгалтын сэргэн мандалтын билэг тэмдэг гэж нэрлэж байв.

Дараа нь 2018 оны Пёнчаны олимпод Этеригийн шилдэг тамирчдын тоонд зүй ёсоор тооцогддог Евгения Медведева, Алина Загитова нар оролцов. Эмэгтэй ганцаарчилсан төрлийн эхний өдөр Евгения Медведева богино үзүүлбэрийн төрөлд 81.61 оноо авч, бүх цаг үеийн дээд амжилтыг шинэчилжээ. Харин тэмцээний завсарлагын дараа Алина Загитова богино үзүүлбэрээ хийж, хэдхэн цагийн өмнө шинэчилсэн амжилтыг 82.92 болгож ахиулсан юм.


Тэмцээний дараагийн өдөр Алина Загитова чөлөөт үзүүлбэрийнхээ үеэр заавал гүйцэтгэх ёстой 11 үсрэлтээ бүгдийг маш чадварлаг хийснээр тэмцээний нийлбэр дүнгээр 239.57 оноо авч мөн л 15 настайдаа түүхэн дэх хамгийн залуу уран гулгалтын олимпын аваргуудын нэг болсон юм. Харин Евгения Медведева гайхалтай үзүүлбэр үзүүлсэн ч мөнгөн медаль хүртсэн аж.  

Та бүхний мэдэж байгаачлан 2022 оны Бээжингийн олимпын шинэхэн од бол Камила Валиева. Тэрбээр мөн 15 настай, Этеригийн шавь. Камила уран гулгалтын түүхэд дөрвөлсөн эргэлтийг амжилттай гүйцэтгэсэн анхны эмэгтэй уран гулгагч болж шуугиан тарилаа.

Улаан даашинзтай уран гулгагчид 15 настайдаа олимпын аварга болдог уламжлал тогтлоо хэмээн Оросын хэвлэлүүд шуугив.


Ийнхүү Этери Тутберидзе уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн өнгө төрхийг тодорхойлж буй Алина Загитова, Елизабета Туктамышева, Алена Косторная, Евгения Медведева, Камила Валиева зэрэг олимп, дэлхийн аваргуудыг гардан дасгалжуулсан домогт нэгэн болов.

#TEAMTITBERIDZE гэх өөрийн брендээ бий болголоо. Охиноо ирээдүйн олимпын аварга болгох мөрөөдөлтэй эцэг эхчүүд Тутберидзегийн  багт багтахын тулд хэдэн сар жилээр хүлээхэд ч бэлэн тухайгаа хэлжээ.

Этери Тутберидзе дөрвөн жилийн дараа буюу 2026 оны өвлийн олимпоор хэн гэдэг охиныг гарган ирж шуугиулах бол. 




Холбоотой мэдээ