Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Ө.Батбаярыг эргүүлэн татах уу

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-02-22 20:42:59

Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамт шалгуулах ёстой Элчин сайд Ө.Батбаяр-  

Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчид, зээл олгосон өндөр албан тушаалтнуудыг шалгаж эхэлсний дотор УИХ-ын гишүүн Г.Амартүвшин,Х.Ганхуяг, Г.Дамдинням нар багтсаныг албан эх сурвалжууд батлав. Тэдгээрээс нэн тэргүүн УИХ-ын гишүүний халдашгүй эрх эдэлж буй Г.Амартүвшинг хуулийн хяналтын байгууллага онцолж байгаа нь дамжиггүй. Тэрбээр  УИХ-ын гишүүн болохоо өмнө Хөгжлийн банкны захирлаар багагүй хугацаанд ажилласан. Ингэхдээ нэг ч төгрөгийн зээл гаргаагүй хэмээн мэлзсэн ч дотны андууд болох Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн баримт нэгэнт ил болоод байгаа. Баримт судалж үзэхэд, Г.Амартүвшин 2019 оны сүүлийн хагаст Монголын Улсын Хөгжлийн банкны захирлаар ажилласан хугацаандаа хэд хэдэн зээлийн баимт бичиг гарын үсэг зурсан байдаг. Тухайн үед 33 тэрбум төгрөгийн зээл авсан “Вертекс майнинг партнер” гэх компани гурван хувьцаа эзэмшигчтэй. Анх 2018 онд автомашины засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр байгуулагджээ. Тус компанийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням, “Глобал майнинг сервис” ХХК, Дэлхийгээр аялагчид” группийн үүсгэн байгуулагч, аялагч, өдгөө Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Ө.Батбаяр нар үүсгэн байгуулсан. Элчин сайд Ө.Батбаяр нь УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн хамт аяллын нэвтрүүлэг хийн, өнгөрсөн хугацаанд дөрөө харшуулж ирсэн. Тэгвэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны мэдээлэлд “Вертекс майнинг партнер” компанийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай овог нэгт Хассуурийн Хашчимэг гэгч ажиллаж ирсэн байдаг. Х.Ганхуяг гишүүний эгч Х.Хашчимэг сүүлийн үед дүүгээ “Вертекс майнинг партнер” компанид ямар нэг хамааралгүй хэмээн тайлбар хийж яваа бол Ө.Батбаяр Монгол Улсын нэрийн өмнөөс Америкт Элчин сайдын эрх ямба эдэлж суугаа.  Гэтэл түүнтэй хамт зээл авсан, олгосон УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татан бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах асуудал яригдаж эхэллээ. Энэ тохиолдолд Хөгжлийн банкны зээлдэгч Ө.Батбаярыг ч шалгах учиртай бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-д суугаа Элчин сайдаа татах асуудлыг тавина гэсэн үг. Түүх сөхөхөд, өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол Улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан, АНУ-д суух Элчин сайд Ё.Отгонбаяр нарыг хууль зөрчсөн гэдэг шалтгаанаар эргүүлэн татах санаачилга гаргаж байлаа.   


Холбоотой мэдээ