Франц: Цагдаа нар сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаалын үеэр гал нээж, хоёр хүн нас барлаа

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-04-26 04:38:46

Францын 2022 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт ням гаригт явагдаж, тус улсын өнөөгийн төрийн тэргүүн Эммануэль Макрон ялалт байгуулж, улиран сонгогдсон.

Тэгвэл ням гаригт Францын нийслэл Парис хотод нэр дэвшигчид болон сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал өрнөж, эмх замбараагүй байдал бий болсон байна. Улмаар жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч, хоёр хүн нас барсан харамсалтай явдал боллоо.


Францын “Le Figaro” сонины мэдээлснээр Парис хотын төвд өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр Vert-Galant цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо автомашинтай этгээдүүд жагсагчид руу урсгал сөрж орж ирсэн байна. 

Цагдаа нар аюулгүй байдлыг хангах зорилгоор автомашиныг зогсохыг шаардсан аж. 

Гэвч энэ үеэр автомашинтай этгээдүүд цагдаа нарыг чиглэн хурдаа нэмж, халдлага үйлдэхийг завдсан байна. 

Улмаар цагдаа нар автомат буугаар автомашин руу гал нээж, урд зорчиж явсан хоёр хүн нас барсан бөгөөд хойно зорчиж явсан нэг хүн шархаджээ.


Мөн Францын “France 24” агентлагийн мэдээлснээр жагсаалд ихэвчлэн залуус оролцож байгаа бөгөөд цагдаа нар олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг тараах зорилгоор иргэдийн эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан байна. Сонгуулийн өмнө Францын томоохон их сургуулиудад нэр дэвшигчдийг эсэргүүцсэн, “сонголтгүй сонгууль” гэх уриатай жагсаалууд өрнөсөн юм. Парис хотын төв талбайд болж байгаа жагсаалд оролцогчид Эммануэль Макрон болон Марин Ле Пен нарыг аль алийг нь эсэргүүцэж байгаа аж.

Францын өнөөгийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон ням гаригт болсон сонгуулийн санал хураалтад нийт санал өгсөн сонгогчдын 58.55 хувийн саналаар ялалт байгуулсан. Харин сөрөг хүчин Үндэсний ралли намын нэр дэвшигч Марин Ле Пен 41.45 хувийн санал авсан. Сонгуулийн ирц  71.99 хувь буюу нийт 32 сая гаруй сонгогч санал өгсөн юм. Мөн энэ удаагийн сонгуульд 1969 оноос хойш хамгийн олон сонгогч цагаан хуудас өгсөн байна.  

Эх сурвалж: Reuters, France24, Skynews


Холбоотой мэдээ