Төрийн албан хаагчдыг нүүр амаа будахыг хориглов

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-04-28 21:55:47

Туркменистан улсын Марыйн велаятагийн (засаг захиргааны нэгж) эрх баригчид нутгийнхаа төрийн эмэгтэй албан хаагчдад зориулан тусгай тушаал гаргажээ. 
Тушаалд заасны дагуу цаашид төрийн эмэгтэй албан хаагчид будаг шунх хэрэглэж болохгүй, үсээ будахгүй, маникюр хийлгэхгүй, бие барьсан бариу хувцас өмсөхгүй... ер нь гадаад үзэмжээ сайжруулах ямар ч нэмэлт арга хэмжээ авах эрхгүй боллоо. 
Тэр бүү хэл эмэгтэй ажилтнууд сайн дураараа энэ бүхнээс татгалзсан гэсэн бичигт гарын үсгээ зурав. 
Эмэгтэйчүүд түүнчлэн үндэсний уламжлалт өргөн даашинз, хатгамалтай өмд заавал өмсөх үүрэг хүлээжээ. 
Хэрэв тэд дээр дурдсан бүхнээс ганц заалтыг зөрчсөн тохиолдолд шууд ажлаас халагдах өргөдлөө өөрөө өгөх ёстой. 
Туркмен улс 3 долоо хоногийн өмнөөс хүн амынхаа гадна дүр төрхөд хатуу хяналт тогтоож эхэлжээ. 
Анх ботокс тариулах, уруул хүрээлүүлэх болон хиймэл сормуус, наамал хумсыг хориглохоос эхэлсэн энэ тэмцэл өдгөө дараачийн үе шатандаа орлоо. 
Албан байгууллага, хувийн компани, сургуулиуд дээр натурал гоо үзэсгэлэнг сурталчлах кампанит ажил хүчээ авч байна. 
Туркмений Дотоод хэргийн удирдлага солигдсоны дараа энэ бүх шинэчлэл эхэлжээ.
 Туркменд гоо сайхны олон салон хаагджээ. Ажилгүй болсон гоо сайханчид хэрэв хувиараа ийм үйлчилгээ үзүүлбэл шууд хариуцлагад татаж байна. 
Сонирхуулахад, Туркмен өмнө нь авто машины урд суудалд эмэгтэй хүн суухыг хориглосон билээ.
Энэ нь улсын болон хувийн такси, машинд ч хамаатай. “Эмэгтэй л бол жолоочийн хажууд сууж болохгүй. Жолоо барьж байгаа хүн миний эцэг эсвэл нөхөр, ах байсан ч ялгаагүй. Цагдаа зогсоож арын суудалд суухыг албаддаг” хэмээн Туркмений нийслэл Ашхабад хотын оршин суугч нэг бүсгүй ярилаа.
Энд өөр нэг хачирхалтай дүрэм үйлчилдэг, машины арын суудалд 2 хүн суухыг зөвшөөрдөг, 3 бол хориотой.
Нэмж өгүүлэхэд, энд эм хүн жолоо барих эрхгүй. Жолоочийг эр ба эмээр ялгаварлах хандлага энэ улсад 2017 оны 12 сараас эхэлжээ. Цагдаа нар эмэгтэй жолоочтой машиныг зогсоож торгууль ногдуулж эхэлсэн, гэхдээ Туркмен энэ талаар албан ёсны ямар нэг хууль батлаагүй.
Харин 2018 оны 1 сараас эмэгтэй жолооч нарын үнэмлэхийг хураан авч машиныг нь торгуулийн зогсоолд тавьдаг болжээ.
Бас эмэгтэйчүүд жолооны дамжаанд суух эрхийг ч хассан.
Бас л ямар ч хууль тогтоомжгүйгээр.
Ингээд л Туркмен улс нэг ч эмэгтэй жолоочгүй болчихсон ажээ. 

Холбоотой мэдээ