Нам, засгаа атгачихлаа, одоо ТӨРД ҮҮРЛЭСЭН ШИМЭГЧДЭЭ цэвэрлэнэ үү, Л.Оюун-Эрдэнэ ээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-05-07 23:22:09

Намд зүтгэснийхээ төлөө албан тушаалаар шагнуулсан, эрх мэдэл хүртсэн шахааны “гарууд” төрд өт шиг үүрлэчихсэн. Бүр өмхийрчихсөн. Төрийн албанд үүрлэсэн ЖДҮХС-ийн зээл авагч томчуул, гэмт хэрэгтнүүд, авлигачидтай, юу ч хийхгүй байж байгууллагын тамга атгагч нөхдүүдийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үнэхээр явуулж чадах уу. Хонгилын үзүүрт гэрэл гэдэг шиг жаахан ч атугай итгэл найдварыг тэр төрүүлээд буй. Тодруулбал, тэрбээр ажлаа авуутаа Н.Багабандийг чөлөөлнө гэж дуугарсан. Мөн ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг “ажлаа өг” гэж ил хэлсэн. Хална, солино гэж зоригтой дуугардаг ч нөгөөдүүл нь ажлаа өгөхгүй байсан нь учиртай. Нэгдүгээрт, Л.Оюун-Эрдэнэ “намын дарга биш” учир “улстөрийн эрх мэдэл нь хүрэлцэхгүй” байсан үе бий. Хоёрдугаарт, У.Хүрэлсүхийн хамгаалалт дорх хүмүүс учир ах данзан нь өөрийн хүмүүсийн ажлыг нь амархан өгүүлчихгүй байгаа. Тиймээс ч Ерөнхий сайд авлигын эсрэг ажлын хэсэг гэх том бүтэц байгуулж, ондоо замаар хөдлөхөөс ч өөр аргагүй байгаа бололтой. Намын даргын үүрэг гүйцэтгэгч гэх статустай. Хэдий тийм ч улстөрийн болоод захиргааны эрх мэдэл, хүч чадал нь байгаа тул нам болоод төр доторх цэвэрлэгээг хийж өөрийнхөө имиджийг бүрдүүлээд явах л хэрэгтэй. Нам, засгаа авчихсан байхад халаа сэлгээ явуулахад эрх мэдэл нь бүрэн хүрнэ гэсэн үг. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд толгойг нь илж болохгүй, төрөөс явуулах учиртай хэд хэдэн хүн байгааг сануулж байна. Тэд хэний хэн гэгддэг, ямар хүмүүс вэ гэдгийг товч өгүүлье. Эл жагсаалтад төрийн өмчит газрын хурган дарга нар хамгийн их хамааралтай.

Энэхүү жагсаалтыг Ерөнхийлөгч асан Н.БАГАБАНДИ тэргүүлнэ. Монгол Улсыг хоёронтоо толгойлсон. Төрийн тэргүүний сэнтийгээс буунгуутаа Оюутолгойн ТУЗ-д сууж насаараа шахуу сул цалин авч, баяжсан. Харагдах байдлаасаа бол жирвийсэн сахалтай, жимбийсэн царайтай, титэм үг тэрлэдэг, сүрхий “дипломатч” эрхэм. Цаанаа бол Монголын хамаг л өнгөтэй өөдтэй “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс тавантолгой” зэрэг компаниуд дээр сандайлаад суучихсан ийм нэг хүн бий. Монголын баялгийн сан энэ хүний үед огтоос хөдлөөгүй. Үүний цаана үл гүйцэлдэж дуусах ахуйн асар их шунал л бий. Улстөрөөс уул уурхай руу гар сарвайсан шуналтай өвгөчүүл болон хувирдгийн тод жишээ болж яваа билээ, тэр. ГЕГ-ын дарга Б.АСРАЛТ: Сү.Батболдын хүн хэмээн элдэв хоёроороо дуудуулж олноо танигдсан. Энэ нь ч үнэн. Сү.Батболдын гэргий Х.Отгонтуяатай тун ойрын хамаатан дүү нь. Эл албан тушаалд ямар ч шалгаруулалтгүйгээр томилогдож, хууль бус үйлдлүүдэд нэр холбогддог ч хариуцлага хүлээлгүй өдий хүрч ирсэн. Хил гаалийн асуудал дээр зөвхөн эрх ашигтай л ханддаг гэгддэг. Ялангуяа томоохон улс төрчидтэй холбоотой эрх ашиг, илтэд тэдний бизнесийг хамгаалах чиглэлээр ажилладаг нюанс зэрэг нь хөшигний ард, урд яригддаг. МХЕГ-ын дарга ГАНТУЛГА: МХЕГ-ын дарга Т.Гантулга ковидын түр хуулийг далимдуулж, сонгон шалгаруулалтгүйгээр энэ албанд томилогдсон нэгэн. Гацууртын Б.Чинбаттай нэг анги, цагтаа олон тендер, зээлийн асуудлыг зохицуулж, авлига гээчийг цэцэглүүлэхэд зүй ёсоор оролцсон гэгддэг. Төрийн тэргүүнээс эхлээд Т.Бадамжунайн итгэлийг яаж ийгээд олж чаддаг.

МАН-ын хэлтсийн дарга Н.ЭНХБААТАР: “МИАТ” ТӨХК-ийн дэд захирал асан тэрбээр “Содмонгол”-оос 500 сая төгрөгийн хахууль авч байгаад сүр дуулиантайгаар АТГ-аас саатуулагдсан. Түүнд хариуцлага тооцох нь бүү хэл У.Хүрэлсүх давуулан шагнасан. МАН-ын Улстөрийн бодлогын хэлтсийн даргаар томилогдсон байдаг. Аавынд суух нь битгий хэл МАН-ын бодлого тодорхойлогч болон гарч ирсэн. “МИАТ” ТӨХК-ийн дотоод аудитор Д.ЦАГААНХҮҮ: МАН-ын үед ажил албан тушаалтай байж, үргэлж дэвшиж ирсэн хэд хэдэн хүн бий. Түүний нэг нь Д.Цагаанхүү. Оймсчдын сайн найз, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн дэмжлэгээр МХЕГ-ын даргаар томилогдож байсан. Харин одоо мөн л намын тохироогоор “МИАТ” ТӨХК-ийн Дотоод аудитороор ажиллаж буй, даргын суудлаас ховхордоггүй нэгэн. Авлига авсан оймсчдыг шууд удирдлагаар хангаж байсан дарга нь. Тэдний авлига авах замаар олгож байсан зөвшөөрлүүдэд эцсийн байдлаар гарын үсэг зурдаг эрх мэдэл бүхий этгээд байсан хэдий ч хуулийн ямар нэгэн хариуцлага хүлээхгүй үлдсээр өдий хүрч ирсэн юм. ЗГХЭГ-ын дэд даргаар томилох тохироо хийгдсэн ч Л.Оюун-Эрдэнэ дэмжээгүй тул “МИАТ” ТӨХК-ийн Коммер эрхэлсэн дэд захиралд лоббидсон ч нааштай шийдэгдээгүй тул эцэстээ энэ албан тушаалд томилогдсон байдаг.

ИНЕГ-ын дарга Л.БЯМБАСҮРЭН: Хэн ч халдаж чадахгүй У.Хүрэлсүхийн хүмүүсийн нэг. ИНЕГ-т ирсэн цагаасаа хууль бус асуудалд нэр холбогдож ирсэн. Тодорхой хэд хэдэн кэйсүүдийг хэвлэлүүд баримтаар мэдээлж байв. Мөнхүү шүүхийн шатанд Л.Бямбасүрэн нарт хамаарах 4-6 хэрэг хянагдаж, зарим хэргүүдэд тэднийг яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. АМГТГ-ын Х.ХЭРЛЭН: “Кадастр”-ын Хэрлэн гэдгээрээ салбартаа танигдсан тэрбээр АМХЭГ-т Кадастрын албаны даргаар ажиллаж байхдаа лицензийн хууль бус наймааг “хөгжүүлэлцсэн” нэгэн. МАН-ын засгийн үед албан тушаалаас буудаггүй түүний талаар сайн гэхээсээ саар мэдээлэл их. Эрдэнэт үйлдвэрийн дарга Х.БАДАМСҮРЭН: Саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэрийн толгойд эрх баригчид жинхэнэ өөрийн гар хөлөө тавьсаар ирсэн. Х.Бадамсүрэнгийн гал хамгаалагч Ерөнхийлөгч асан Н.Багабанди, П.Очирбат нар. Түүнийг эл албан тушаалд үлдээхийн тулд хэд хэдэн нууц уулзалтыг У.Хүрэлсүхтэй хийж байсан. ТӨБЗГ-ын дарга Б.ЦЭНГЭЛ: У.Хүрэлсүхийн найз гэх тодотгол түүнийг хамгийн түрүүнд дагадаг. Дарханд нэр дэвших мөрөөдөлтэй явсан ч жийгдэж, төрийн өмчийн газар хурган даргын албан тушаалаар шагнуулсан.

ШШГЕГ-ын дарга Г.ЗАГДЖАВ: Ц.Анандбазарын бизнесийг хамгаалагч. МАХН-ын дарга Н.Энхбаярын гарын хүн хэмээгддэг ч, эл албан тушаалд томилогдонгуутаа хурандаа цолоо сэргээлгэсэн. Албан тушаалын хувьд ч, алдар цолны хувьд ч МАН-ын үед өнгөтэй өөдтэй яваа хурган дарга нарын нэг. ТАЗ-ын дарга Б.БААТАРЗОРИГ: Төрийн ажлын хурдасгуурыг бий болгох ийм чухал газрууд дээр ажил явуулдаггүй, намын дарга нарын эрх ашгийн төлөө ажилладаг хүмүүс томилогдсоны нэг нь Б.Баатарзориг. Тэрбээр МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Засгийн газрын тэргүүн, спикер гэхчлэн томчуудын удирдлагаар хөдөлдөг. Удирдаж буй байгууллагаа “амьгүй” болгосон “амьгүй” дарга. Төрийн албаны томилгоонууд түүний ахалж буй ТАЗ дээр биш МАН-ын генсек, сайд, гишүүдийн шахалтаар спикер, ЗГХЭГ, Засгийн газрын өрөөнд л явагддаг байх жишээтэй.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУГАН ДООРХ ЖДҮЧИД Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдын тангараг өргөхдөө “Намын нэр хүндийг унагаж, авлигын хэрэгт холбогдсон хэнийг ч өршөөхгүй. Амиа алдахаас айхгүй тэмцэнэ” хэмээн мэдэгдж байсан. Гэвч тэр муу хар түүхтэй гэсэн ойр дотны хүмүүсээ өөрөөсөө холдуулахгүй албан тушаадтай байлгаж дагуулсаар яваа. Энэ байдал нь түүнийг худалч нэртэйгээр өчнөөн муухай харагдуулж ирсэн билээ. Цэвэрлэгээ хийчихмээр хүн түүний ойр тойронд олон. Я.Содбаатар, Ж.Энхбаяр тэргүүтэй ЖДҮЧИН тодотголтой хэдэн нөхөд нь бий. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн институтад нөлөөлж чадахгүй учир яах ч аргагүй.


Холбоотой мэдээ