Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-05-09 03:59:20

Иргэн О.Билгүүн "Street food" бизнес эрхэлдэг иргэдэд тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд Нийслэл хотын холбогдох албан тушаалтнууд, хууль хяналтынхан хамтран ажиллахыг уриалж байна. "Гудамжны хоол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо"-нд 600 гаруй хүн гишүүнээр элсэх хүсэлтээ ирүүлсэн байгаа ч гудамжны хоол үйлдвэрлэгчид, ресторан, цайны газар, стандарт хэмжил зүйн салбар зэрэгт ажилладаг хууль, эрх зүйн орчныг мэддэг иргэдийн төлөөллийг удирдах зөвлөлдөө оруулж, сонгон шалгаруулах зорьлоготой.

Аюулгүй байдлын стандарт, шаардлага хангасан хүнсний худалдаа, үйлчилгээний бизнес эрхлэгчдэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, шаардлагатай дэмжлэг үзүүлэх нь гудамжны хүнсний бизнесийг дэмжих гол шаардлага юм.

 

• О.Билгүүн, Food station төслийн санаачлагч

Одоогоор гудамжны хоолны холбоонд бүртгүүлэх хүсэлтэй 600 гаруй хүн байгаа. Энэ хүмүүсийн цаана 600 гаруй гэр бүл байгаа гэж хэлнэ. Бид 600 гаруй хүсэлтийг бүгдийг нь элсүүлж чадахгүй. Ямар нэгэн шалгаруулалттай байх болно. Тэд энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх ёстой. Үүнд хөрөнгө зарсан байх ёстой. Энэ чиглэлээр тууштай явах чадалтай хүмүүсийг сонгож авна. Мөн удирдах зөвлөлдөө гудамжны хоолны үйлдвэрлэгчид, катрингийн үйлчилгээ явуулдаг хүмүүс, хоол зүйч, стандарт хэмжил зүйн салбарын хүмүүс гэх мэт хууль эрх зүйн орчныг сайн мэддэг, чаддаг хүмүүсийг нэгтгэх хүсэлтэй байгаа. Тийм учраас энэ холбоог байгуулаад, гишүүдээ элсүүлэх үйл ажиллагаа жаахан удаашрах төлөвтэй байна. Яагаад гэвэл бид нар яаж ажиллах зарчмаа ойлгох ёстой, яаж ажиллавал энэ холбоо тогтвортой үр дүнтэй ажиллаж болохыг судалж байна. Үүнийг би өөрөө удирдаад манлайлан явж байгаа.

 

• Н.Нямсүрэн, Food station 3-р машины эзэмшигч

Манай үйлчилгээний гол онцлог нь үйлдвэрээс бэлдэж ирсэн хөлдөөсөн материалуудаар үйлчлүүлэгчийнхээ нүдэнд дээр шууд хоол хийж өгдөг. Машины ерөнхий бүтэц  нь хоол хийхэд зориулагдсан. Нарны эрчим хүчээр хөргөгч болон гэрлүүдээ асаахад ашигладаг. Хоол хийхдээ газаар ажилладаг грилл, тосонд шарах зориулалттайгаар ажилладаг. Грилл дээр олон төрлийн хоолоо хийх боломжтой. Сав баглаа боодлын хувьд байгаль амархан шингэдэг органик сав ашигладаг. Хуванцар сав хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учраас бид түүнийг ашигладаггүй. 

 

• Номин, Хотын иргэн

Өглөө ажилдаа ирж байхад энд энэ үйлчилгээ нээгдэж байгааг харсан. Удахгүй маш гоё симфони хөгжим эгшиглээд маш гоё санагдсан. Ер нь зуны дулаан цагт гудамжны хоол маш гоё байдаг шүү дээ. Энэ үйлчилгээ нээгдсэн болохоор цайны цагаараа зорьж ирж хоол идэж байна. Биднийг харж байхад шууд хоол хийж өгч байгаа нь маш эрүүл санагдаж байна. Энэ хамт олны үйлчилгээ, харилцаа нь маш сайхан санагдаж байна.


Холбоотой мэдээ