АУДИТ: "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр"-ээс 51 тэрбумын зөрчил илэрчээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-05-25 12:37:07

Төрийн аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Төрийн аудитын байгууллага аудитын дүнд үндэслэн дүгнэлт, зөвлөмж бүхий аудитын тайлан гаргана” гэж заасан байдаг. Энэ дагуу "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" 2021 оны санхүүгийн тайланд хийсэн хараат бус аудитын тайлангаар СӨРӨГ дүгнэлттэй гарчээ.

ТУЗ-ИЙН 9 ГИШҮҮНД 22.8 САЯ ТӨГРӨГ ИЛҮҮ ОЛГОЖЭЭ-

ТУЗ-ийн 2021 оны 02 сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар ТУЗ-ийн төсвийг батлахдаа ТУЗ-ийн гишүүдийн цалинг 1.2 сая төгрөгөөр тогтоосноос 9 хүнд 22.8 сая төгрөг илүү олгосон байна. Харин Аудитын газраас ТУЗ -ийн гишүүдэд илүү олгосон цалинг төлүүлэх төлбөрийн акт тогтоохыг сануулжээ.

-ТОМИЛОЛТООР АЖИЛЛАСАН АЛБАН ХААГЧДАД БҮТЭН САЙНЫ ЦАЛИН ГЭЖ 8.1 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН ОЛГОЖЭЭ-

Албан томилолтоор ажилласан 13 албан хаагчдад 4 хоногийн томилолт олгож хагас бүтэн сайнд ажилласан илүү цагийг 8.1 сая төгрөг олгосон байна. Харин Албан томилолтоор ажилласан ажилтанд давхардуулан олгосон илүү цагийн хөлсийг төсөвт төвлөрүүлэх албан шаардлага хүргүүлжээ.

-ГАДААД ТОМИЛОЛТЫН ЗАРДАЛД 21.5 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАРЦУУЛЖЭЭ-

Төлөөлөн удирдах зөвлөл нь ТУЗ-ийн гадаад томилолтын зардал 21.5 сая төгрөг баталсан байна. Иймээс ТУЗ нь зардлыг батлахдаа хууль эрх зүйн актыг норм норматив мөрдөх хэрэгтэй гэсэн албан шаардлагыг хүргүүлжээ.

-МГТБҮ ТӨХХК НЬ АШИГЛАХ БОЛОН ЭЗЭМШИХ 34 ГАЗАР ЭЗЭМШДЭГЭЭС 27 НЬ ҮНЭЛГЭЭГҮЙ БАЙЖЭЭ-

Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах ашиглах болон эзэмших эрхийн 34 ширхэг гэрчилгээ эзэмшдэгээс 27 гэрчилгээ буюу 888.9 га газар үнэлгээгүй байсан аж. Тиймээс үнэлгээгүй байсан тус газрыг дахин үнэлгээ хийлгэж залруулжээ.

-ТӨМӨР ЗАМААР ТЭЭВЭР ХИЙСЭН 3 КОМПАНИАС АШИГЛАЛТЫН ЗАРДАЛ АВААГҮЙ ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ-

Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн Хонгорын овоо өртөө хүртэлх 27 км төмөр замаар тээвэр хийсэн 3 компаниас 1,732.9000 сая төгрөгийн ашиглалтын зардал аваагүй байна. Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 тушаалын дагуу суурь бүтцийн ашиглалтын тооцоог хийж 1,732.9 сая төгрөгийг дээрх байгууллагаар төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

-ЗЭЭЛИЙГ ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛЖ ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН АЛДАГДАЛ НЭМЭГДҮҮЛЖЭЭ-

Газрын тос боловсруулах үйлдвэр нь төслийг зээлээр санхүүжүүлж байгаа бөгөөд гэрээт байгууллага, туслан гүйцэтгэгч нараас авах авлага 4.772 сая төгрөг байгаа нь зээлийг үр ашиггүй зарцуулж зээлийн хүүгийн алдагдал нэмэгдүүлж байна. Төслийн ажлын гэрээ байгуулж ажиллаж байгаа аж ахуй нэгж байгууллага урьдчилж төлбөр тооцоог хийхгүй гэрээний дагуу ажил үйлчилгээг үзүүлэх, төсвийг үр ашигтай зарцуулах, авлагыг үүсгэхгүй байх албан шаардлагыг хүргүүлжээ.

Санхүүгийн тайланд урт хугацаат өр төлбөрийг ангилал зөрүүлж богино хугацаа өр төлбөрийн дансанд зээлийн хүү 43,486.7 сая төгрөг, Эрдэнэс Монгол ХХК-аас авсан 956,595.8 мянган төгрөгийг зээлийг тус тус бүртгэсэн байна. Өр төлбөрийг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу зөв ангилж бүртгэх шаардлагыг хүргүүлжээ.

Ийнхүү мэргэжлийн байгууллагаас гаргасан аудитын дүгнэлтээр нийт 51,449,371.700 төгрөгийн зөрчил үйлдсэн нь тогтоогдсон аж.

Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ сумд байгуулахаар шаваа тавиад яг хоёр жил хагас болж байна. Гэтэл өнөөдөр тус үйлдвэрийн бүтээн байгуулалт “маруухан” байгаа гэхэд хилсдэхгүй. Гэтэл бүтээн байгуулалт нь бүрэн хийгдэж ашиглалтад ороогүй байгаа үйлдвэрт аудитын шалгалт ороход 51 тэрбум гаран төгрөгийн зөрчилтэй гэж гарсанд төр засгаас анхаарлаа хандуулахгүй бол болохгүй аж.

Холбоотой мэдээ